Баяр наадмын үеэр иргэд гол ус руу орох нь ихэсдэг. Иймээс ЦЕГ–ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулгаас гол усны ослын талаар тодрууллаа.

-Баяр амралтын өдрүүд эхэлж байна. Иргэдэд хандаж юуг сэрэмжлүүлэх вэ?

-Ирэх долоо хоног бүхэлдээ бүх нийтийн амралтын өдөрт шилжиж, ес хоног амралтын өдрүүд үргэлжилж байна.

Цагдаа болон онцгой байдлын албанаас иргэддээ аялал, зугаалгаар явахдаа гол, уснаас хол буух, бага насны хүүхдэд тогтмол хараа хяналтаа тавих, гол усанд унах, живэхээс сэргийлэх, насанд хүрсэн иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх сэрэмжлүүлгийг удаа дараа өгч байгаа боловч иргэд гол усанд эндэх, осолдох байдал тасрахгүй байна.

-Тухайлбал, усанд осолдох тохиолдол цагдаагийн байгууллагад нэлээд бүртгэгдсэн байна?

-Төв аймгийн нутагт Туул голын усанд 2021 оны долдугаар сарын 09-ний өдөр 15 настай иргэн живж нас барсан хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Тухайн иргэн усанд сэлж байгаад хөл алдаж живсэн, Онцгой байдлын албаны алба хаагч нар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа, одоогоор хүүхдийн цогцос олдоогүй байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харъяат иргэн 58 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй нар нь долдугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад сураггүй алга болжээ.  Уг хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулахад долдугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ голын эргээс иргэн 58 настай иргэний цогцос, тээврийн хэрэгсэл олдсон бол 50 настай иргэний цогцос одоог хүртэл олдоогүй байна.

-Иргэдэд зөвлөгөө өгөхгүй юу?

-Иймд иргэддээ хандаж амралт зугаалга, аялалаар явахдаа гол уснаас хол буух, ялангуяа хүүхдүүдээ гол усанд оруулахгүй байх, насанд хүрсэн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд бүү оруулаач ээ гэж дахин сэрэмжлүүлж байна.