НҮБ-аас дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд таатай, өөдрөг мэдээллүүд дуулдаж байгаа ч сэтгэл түгшээсэн үзэгдэлд бэлэн байхыг сануулсан шинэхэн тойм мэдээллийг энэ сарын эхээр олон нийтэд түгээлээ. Дэлхийн эдийн засаг сэргэж байгаа, сэргэхдээ цар тахлын өмнөхөөс ч өндөр төвшинд хүрч байгаа нь тодорхой байна. 

Худалдаа, аж үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны дунд үеэс график дээр харвал V хэлбэрийн сэргэлт хийсэн. Зэс, төмрийн хүдэр, модон материал зэрэг гол түүхий эдүүдийн үнэ энэ оны хоёрдугаар хагаст түүхэн дээд хэмжээндээ хүрсэн гэх мэт. Шинжээчид 2021, 2022 онуудад дэлхийн эдийн засгийн өсөлтийг таамаглаж байсан ч мэдэгдэхүйцээр илүү өсч байна. Дэлхийн банкны мэдээлж байгаагаар дэлхийн өнөөгийн сэргэлт нь дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойшхи дэлхийн эдийн засгийн уналтаас өмнөх бүх сэргэлтээс илүү хурдан явагдахаар байна гэжээ.

Гэсэн хэдий ч эдгээр эерэг гарчгийн доор илүү сэтгэл түгшээсэн дүр зураг гарч ирж байгааг анхааруулах хэрэгтэй гэв.  Юуны түрүүнд 2021 оны эхний хагаст харагдаж байгаа энэ өндөр өсөлт нь түр зуурын хуурамч үзэгдэл байх магадлалтай. Магадгүй 2020 онд хэтэрхий уналтанд орсон байсантай харьцуулсан богино хугацааны сэргэлт байх вий гэдэгт шинжээчид санаа зовж байна.  Хятад, Энэтхэг, Малайз, Перу, Турк гэх мэт хямралаас гарч байгаа улс орнуудын хувьд энэхүү өсөлтийг хэрхэн тогтвортойгоор удаан хугацаанд хадгалах уу гэдэг нь тулгамдсан асуудал болоод байна. Үүний дараа хамгийн чухал нь дэлхийн эдийн засгийн сэргэлт нь жигд бус, бүс нутаг, улс орнуудад эрс ялгаатай байгаа нь асуудал үүсгэж байна.

Вакцинжуулалт, авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн арга хэмжээнүүд, үйлдвэрлэл, худалдаа зэрэг олон шалтгаан үүнд байгаа. Жишээ нь аялал жуулчлалаас хэт хамааралтай улс орнуудад сэргэлт тун хол байна. 

 

Зөвхөн Хятад, АНУ-ын өсөлтөд гарсан өөрчлөлтүүд дэлхийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулж байгаа нь энэ түгшүүрийг төвөггүй батална. Тэгвэл бусад улс оронд сул дорой байдал хэвээр, бүр хэцүү нөхцөлд орсон байдалтай байна.

Жишээлбэл, Африкийн Сахарын арлын нэг хүнд ногдох ДНБ 5.2 хувиар буурсан байна. Үүнтэй адил хамгийн буурай хөгжилтэй 46 улсын хувьд байдал бүр дорджээ. Түрүүн хэлсэнчлэн вакцинжуулалтын байдал томоохон нөлөө үзүүлж байна. Эсэргүүцэл, санхүүжилт, нөөц зэрэг олон шалтгаанаар ихэнх хөгжиж буй орнууд вакцинжуулалтын уралдаанд хоцорч орж ирж байна. Өнгөрсөн зургадугаар сарын дунд үеийн байдлаар хөгжингүй орнууд 100 хүн тутамд 73 тун, дунд орлоготой дээд орнуудад 43 тун, бага орлоготой орнуудад 12 тун тариад байсан бол  одоог хүртэл нэг ч тун тариагүй болон вакцинжуулалтын ажлыг дөнгөж эхлүүлээд байгаа улс орнууд олон байна.

Улс орнууд 2020 онд гарсан үйлдвэрлэлийн алдагдлаа нөхөх гэж тэмцэж байна. Дэлхийн улс орнуудын 60 хувиас илүү нь 2021 онд ДНБ нь 2019 оны түвшингээс доогуур хэвээр байх төлөвтэй байна.

2023 оноос өмнө ихэнх улс орнууд цар тахлын өмнөх төвшинд эргэж орох төлөвгүй байгаа ба ялангуяа Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хэтийн төлөв гамшгийн хэмжээнд байна гэжээ.

Өөрөөр хэлбэл, ядуу буурай орнуудад баян орнуудаас илүү их үйлдвэрлэлийн алдагдал хүлээх төлөвтэй байна.

 

 

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин