Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон. 

Шалгалтад зориулж улсын хэмжээнд 81 байрыг бэлдэж, нэг танхимд шалгуулах хүүхдийн тоог 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа бичжээ. 

Түүнчлэн тэрбээр "Хэдийгээр халдварын тоо буурч байгаа статистик мэдээлэл байгаа боловч вирусийн дельта хувилбар бүртгэгдсэн учир шалгалт хүртэлх хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна. Элсэлтийн Ерөнхий шалгалтыг дахиж хойшлуулахгүй байх чиглэл барьж байна.

Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох шалгалтын үеэр халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдыг есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд дахин ЭЕШ-д хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ эмчийн магадлагааг үндэслэнэ.

ЭЕШ хойшилсон учир дээд боловсролын байгууллагуудтай хамтарсан зохицуулалт хийж нэгдүгээр курсийн оюутнуудын хичээл эхлэх хугацааг уян хатан зохион байгуулахаар ажиллаж байна" гэжээ.