Сүүлийн үед цахим хуудсаар “Нүдэнгоо” хэмээх дуу олны анхаарлыг татаад байгаа билээ. Тодруулбал, дууны дүрс бичлэг хэтэрхий задгай байна гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Энэ дууг анх 2013 онд дуучин Б.Баяр-Отгон дуулж, түүнээс хойш гурван ч удаа дүрс бичлэгийг нь шинэчлээд байгаа гэнэ. “Нүдэнгоо” дууны эзэн дуучин Б.Баяр-Отгонтой цөөн хором ярилцлаа.


-“Нүдэнгоо” дуу 2013 онд анх гарч байсан юм байна. Сүүлд шинэчилсэн дүрс бичлэг нь олны анхаарлыг татаад байгаа. Дүрс бичлэгээр ямар утга санааг илэрхийлэх гэсэн бэ?

-“Нүдэнгоо” дуугаа 2013 онд хийгээд тухайн үедээ Хөвсгөл далай явж дүрсжүүлсэн. Энэ сайхан дууны үгийг Г.Баяр ах маань бичиж, аяыг нь О.Эрдэнэбат зохиосон. Тухайн үедээ хүмүүсийн анхаарлыг бага ч гэсэн татсан л даа. Ингээд 2015 онд илүү сайн клип хийе гээд фитнессийн багш “Төмөр хатагтай” Ш.Солонгыг дүрс бичлэгт нь тоглуулж байсан юм. Дахин клипжүүлчихээд мөн л бага зэрэг шүүмжлэлд өртөж байлаа. Дараагаар нь Богд хан уул руу үзэсгэлэнтэй газар зураг авъя гэтэл ер бүтэж өгөөгүй. Ингэж явсаар саяхан чанарыг нь сайжруулъя гэж зориглоод шинэ клип хийсэн. Харин дууны зохиолын утга санааны тухайд гэвэл хүмүүс “Нүдэнгоо” гэсэн нэртэй учраас нүдний тухай дуу гэж бодоод байна. Уг нь бол эмэгтэй хүний гоо зүй, гоо сайхныг л үзүүлэхийг хичээсэн шүү дээ. Нүд гэдэг чинь гоо сайхныг л таашаах учиртай эрхтэн биз дээ. Үүнийг манайхан сайн ойлгосонгүй.

-Та өмнө өгсөн ярилцлагадаа дүрс бичлэг алдагдсан гэж хэлсэн. Тэр үнэн үү?

-Тийм. Анх надад клип болчихлоо гээд үзүүлсэн. Тэр үед үзэхэд хүнд дүрсүүд их байсан. Айхавтар шалдан нүцгэн, үсээ чулуудаж байгаа, бөгсөн хэсэг гээд хүнд дүрснүүд байх ёсгүй, хасах хэрэгтэй гэж зөвшилцсөн. Ингээд зарим дүрсүүдийг нь хасаад өөрийн цахим хуудсандаа нэг сарын өмнө үзэгчдийн хүртээл болгочихсон байсан. Гэтэл намайг Өвөрхангай яваад ирэх зуур одоо сошиалаар яваад байгаа бичлэг нь цацагдсан. Студи руу залгаад асуухаар “Студийн өрөөгөөр маш олон хүн орж гарч байгаа, чухам хэн нь ингээд гаргаад цацчихсаныг бид мэдэхгүй” гэж хэлсэн.

-Эмэгтэй хүний гоо сайхныг нүцгэн байдлаар харуулах санааг тухайн студиэс гаргасан гэв үү?

-Тийм. Эмэгтэй хүний гоо сайхныг ийм байдлаар харуулъя гэхээр нь би “Арай л болохгүй байх аа” гэж хэлж байсан. Гэтэл “Чи XXI зуунд амьдарч байна. Энэ дуу эмэгтэй хүний гоо зүйг л харуулах ёстой гэж чи ярьдаг шүү дээ” гэж хэлж байсан л даа. Ингээд би фитнесс модель Б.Сугарсүрэнд клипэнд тоглох санал гаргасан. Маш мундаг тамирчин бүсгүй шүү дээ. Бичлэгэнд энэ хүний ажил мэргэжлийн онцлогийг л тодотгож харуулсан. Уран нугараачид өөрсдийн мэргэжлийн хувцсаа өмсөөд нугардаг шүү дээ, яг тэдэнтэй л адилхан.

-Фитнесс модель Б.Сугарсүрэн “Найруулгаас болж миний нэр хүндэд нөлөөлж байгаа бол шүүхдэнэ” гэсэн байна лээ?

-Үгүй ээ. Энэ худлаа мэдээлэл шүү. Нэгдүгээрт, Б.Сугарсүрэн огт тэгж хэлээгүй. Хоёрдугаарт, зарим сайтууд миний зургийг тавиад “Та нар миний дууг сонсвол сонс, байвал бай” гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Би огт ингэж яриагүй.

-Клипэнд тоглосон модель Б.Сугарсүрэнтэй сүүлд хэзээ ярилцав. Дүрс бичлэгийн талаар танд ямар нэгэн зүйл хэлсэн үү?

-Уулзаж амжаагүй, утсаар л ярилаа даа. Манай хүн шүүмжлэлд өртөөд хэцүү л байгаа юм байна лээ. Хүмүүст хандаж хэлэхэд эмэгтэй хүн рүү дайраад яахав, элдвээр хэлэхээр бол намайг л хэлчих. Би эрэгтэй хүн учраас сэтгэлийн хатаараа арай илүү байлгүй дээ...

-Гэхдээ энэ бичлэг зохиолын дууны бичлэгийн хэв маягийг эвдлээ шүү дээ. Дараа дараагийн дуу, дүрс бичлэгтээ хэвшмэл бус өөр шинэ санаа гаргах бодол бий юү?

-“Нүдэнгоо” гэдэг нэрийг сонсохоор хүмүүс том алаг нүдийг л төсөөлж боддог. Би шүүмжилж байгаа юм биш. Гэхдээ манай нийтийн дууны зохиолууд нүд гэхээр л нүд гаргах ёстой, хайр гэхээр л эр эм хоёр хөтлөлцөх ёстой гэсэн хэвшмэл болчихоод байна. Энэ байдлыг арай өөр болгочих юмсан гэж бодож байна. Миний дараагийн дуу бол хайрын дуу. Дуун дээрээ заавал залуу, бүсгүй хоёрыг хөтлөлцүүлээд байлгүй арай өөр өнцгөөр хийнэ гэж бодож байгаа.

-“Нүдэнгоо” дуу цахим хуудсаар шүүмжлэл дагуулахад танай гэрийнхэн, ойр дотныхон нь та юу гэж хэлэх юм?

-Ойр дотны хүмүүс “Энэ бол маш том зориг шүү” л гэж хэлж байна. Гэр бүлийнхэн, найз нөхөд буруу зүйл биш ээ гэдгийг надад хэлж тайтгаруулж байсан л даа.

-Та урын сандаа хэчнээн дуутай вэ?

-Миний урын санд 13 дуу бий.

-Одоо ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Өчигдөрхөн шүлгээ бичээд хөгжмийн зохиолчдоо өгчихсөн. Хайрын дуу юм л даа.

-Таны уран бүтээлд амжилт хүсье?

-Баярлалаа. Би ийм дүрс бичлэг цацаж хандалт огт авах гэсэнгүй. Монголын ард түмнийг бухимдуулъя гэж ерөөсөө бодсонгүй. Уран бүтээлээрээ дамжуулаад арай шинэлэг зүйл үзүүлчих юмсан гэж хичээж хийлээ. Тэр маань та бүгдэд таалагдаагүй бол намайг уучлаарай. Дараа дараагийн уран бүтээлдээ маш сайн хянуур ажиллаж чанартай уран бүтээл гаргана.