Монгол Улс 3.3 сая хүн амтай. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид энэ оны хагас жилд давхардсан тоогоор 2.3 сая хүнд 1002,4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс халамжид хамрагдагсад 56.7 мянга, зардал 364 тэрбум төгрөг буюу 57 хувиар өссөн тоо юм.

Гурван сая гаруй хүн амын 60 хувь нь нийгмийн халамж их бага хэмжээгээр хүртдэг аж. Эндээс халамжийн хүрээ ямар өндөр хувиар өссөнийг харж болно. Монгол Улс иргэддээ 12 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн багц үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламж, алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдэл, хөнгөлөлт олгох, ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлт, нийгмийн халамжийн тэтгэвэр, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, тайгад амьдардаг цаатан иргэнд олгох тэтгэмж, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, асаргааны тэтгэмж зэрэг багтдаг.

Нийгмийн даатгалын сангаас 2021 оны эхний хагас жилд 456.2 мянган хүн тэтгэвэр авсны 76.1 хувь нь өндөр насны тэтгэвэр, 15.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 8.6 хувь нь бусад (тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр) тэтгэвэр авагчид байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 67.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 25.7 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.6 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна. Харин нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 оны эхний хагас жилд 106.6 мянган хүн хамрагдсаны 54.2 хувь нь асаргааны тэтгэмжид, 45.8 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Ажилгүйдлийн даатгалын сангаас 2021 оны эхний хагас жилд 12216 хүнд 27.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 1594 хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 1221.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 оны эхний хагас жилд 51.3 тэрбум төгрөг олгосон нь өнгөрсөн оныхоос 5.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 723.9 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны эхний хагас жилд олгосон байна. Хүүхдийн мөнгөөр жишээ аваад үзье. Хүүхдийн мөнгө халамжийн бодлогын нэг хэсэг. Нэг талаараа хүн амыг дэмжих бодлоготой уялдаж байгаа ч нөгөө талаараа хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлдөг гэдгийг судлаачид хэлж байна. Ажиллах хүчний оролцоог бууруулах нэг хүчин зүйл болдог аж.

Энэ тоо, статистикаас харахад Монгол ядуу хэрнээ хүмүүсээ ажил хийлгэхгүй, халамжаар бялхуулж байна. Бүр гаднаас зээл аваад халамжийн мөнгөө тарааж байгаа. Монголд өнөөдөр давхардсан тоогоор 2.3 сая хүн халамж хүртэж байгаа нь улсаараа халамжаас хамааралтай амьдарч байгааг харуулж буй хэрэг. Монгол Улсын хүн ам 3.3 саяд хүрсэн ч орлогоороо амьжиргаагаа залгуулдаг нь тун цөөн болж таарч байна. Халамжид хамрагддаг гэр бүл дээд тал нь сар бүр 1.5 сая төгрөг авдаг аж. Нэг өрх гэхэд дунджаар 3-4 төрлийн халамж авдаг байна. Гэтэл хөдөлмөр эрхэлдэг иргэдийн ихэнх нь дунджаар 700 мянган төгрөг. Эндээс ажиллаж амьдрах уу, халамж авч амьдрах уу гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж бэлэн мөнгө аваад зүгээр суухыг хүсэгчид дийлэнх нь. Өнөөдрийн нийгмийн хамгийн гашуун төрх нь халамж авдаг нь ажил хийдгээсээ давсан орлоготой болсон явдал. Гашуудсан бодлогын уршгаар Монголд ажил хөдөлмөр эрхэлж амьдаръя гэхээс илүү халамж авдаг болъё гэх сэтгэлгээтэй хүн олширч, тэр хэрээр ажилгүйдэл, ядуурал, архидалт газар авч эхэллээ. Энэ янзаараа халамж авдаггүй хүн байхгүй болох нь. Улсаараа халамж авдаг тогтолцоо руу гулсаж ороход ойртчихож.

Саяхан л гэхэд Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг, вакцин хийлгэсэн хүн бүрд 50 мянган төгрөг олгосон. Мөн айл өрхийн хэрэглээний ус, цахилгааныг төр даагаад долоон сар өнгөрч байна. Эрх баригчид аливаа зүйлийг бодлогоор шийдэх, судалгаанд суурилж ажлаа явуулахаас илүүтэй халамжлах бодлогыг хэрэглэдэг. Засгийн газар ажилгүй орлогогүй иргэдээ ажилтай орлоготой болгох гол зорилтоо таг мартаж орхисон. Сүүлийн хорь гаруй жил МАН халамжийн бодлого явуулж, идэр насны залуусыг ажил хийх сонирхолгүй архичин болгож, ажил олгогчдын явуулсан зарын дагуу нэг ч хүн ажиллах гэж ирдэггүй нийгмийг бүтээсэн улс. Ерөөсөө л хавтгайрсан халамжийн гор өнөөдрийн ядуурал, архидалтыг бий болгосон. Төрөөс төрөл бүрийн халамж, тэтгэмж өгөөд байхаар хүмүүс ажил хийх, хайх сэтгэлгээгүй л болдог. Нэг ёсондоо халамж чинь бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж байгаа л хэлбэр.

Дэлхийд халамжлуулсаар байгаад нүдний өмнө дампуураад дууссан үндэстний жишээ бий. Нөгөө талд нийгмийн халамжийн нэг үүрэг нь ажилгүй иргэддээ ажил олж өгдөг улс орнууд ч байна. Хөдөлмөрийн чадвартай хүн олж өгсөн ажлыг нь хоёр, гурван удаа дараалан хүлээн авахгүй бол халамжаас хасдаг жишиг ч бий. Америкийн уугуул иргэд болох индиан, Австралийн абергинчууд халамжийн буянаар ажил хийхээ больсон. Ажил хийхгүйгээр аятайхан амьдрах мөнгийг төр тэдэнд зүгээр өгдөг. Өсөхгүй, хөгжихгүй, бэлэн хоол идээд архиа ууж жаргаж байгаа тэдний хувь тавилан улам л бүүдийж харагдана. Тэдэн шиг халамжаар тэтгүүлчихээд, ядуурал архидалт дунд живэхэд бид тун ойрхон байна. Жишээ нь, өнгөрсөн намар тариа хураалтад ажилчин авах гээд сая, сая төгрөгийн ажил амлахад нэг ч хүн очоогүй. Бид барлаг биш гэдэг сэтгэлгээ нь үнэхээр аймшигтай. Тэгээд л архиа уугаад хэвтэж байдаг. Өч төчнөөн зар тавихад нэг ч хүн ирэхгүй байсан хэмээн тариаланчид шогширч суусан. Ажил хийх хүн олдохоо больж халамжаар тэтгүүлээд, гэдсээ илээд, хэвтэхийг илүүд үзэх болж. Засаг төр ч иргэдийг ажиллах боломжоор хангахаас илүү халамжлаад удирдаад суух хүсэлтэй. Алгаа тосоод сууж байгаа хоосон хүмүүс үгэнд сайн орох нь ойлгомжтой учраас халамжийн тоо ихэсээд байгаа юм. Хэтийдсэн халамжийн цаана сүйрэл л байдаг. Халамж улс үндэстнийг мөхөх зам руу л түлхдэг жамтай.

Цаашид халамжийг цэгцэлж, хүртэх ёстой хүмүүсийг хамруулахад төр бодлогын шинэчлэл хийх шаардлагатайг өнөөдрийн халамжийн систем тов тодоор харуулж байна. Засгийн газар халамжийн бодлогын оронд хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэж амьдрахыг уриалах ёстой атал эсрэгээр нь халамжаар угждаг бодлогоо эргэж харах цаг ирж.