Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Барс-2" захад өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригийн 11 цагийн үед гал гарсан талаар бид өмнө нь мэдээллэсэн.

Галын улмаас 300-гаад түрээслэгч хохирсон байна. Гал гардаг өдөр түрээслэгчид хэвийн өдрийн журмаараа ажиллаж түрээслэгчид бараагаа нааш цааш нь зөөжээ.  Гэтэл цайны газрыг түрээслэгч нар ахуйн хэрэглээний хийгээ солиулахаар "Горгаз" компанийнханд хандсан байна. Тус компанийн нэг ажилчин хийн баллоныг солихоор ирсэн аж. Энэ үеэр "Барс-2" захад цахилгаан тасарч, цайны газрынхан лааны гэрэлд хоолоо бэлтгэж байсан байна.

Гэтэл "Горгаз" компанийн зөөврийн үйлчилгээ эрхлэгч залуу ирж, дууссан хийн баллоны хоолойг салган шинээр авчирсан баллондоо сольж хийх үеэр гал гарчээ.  Лааны гэрэлд хийн баллоныг сольсны улмаас гал гарсан гэж цайны газрын түрээслэгчид үзэж байгаа юм. Гал авалцсан даруйд цайны газрын түрээслэгч нар Онцгой байдлын албанд дуудлага өгч, гал унтраах 18 дугаар ангийн нэг тасаг ирж ажилласан ч хөөсөнцөр, хуванцар материал ихтэй цайны газрын хэсэгт дүрэлзсэн галыг унтраахаар Аврах, гал унтраах 10,26,30 зэрэг таван ангийнхан хүч нэмж гал унтраах ажилд оролцсоноор 12.00 цагийн үед галыг бүрэн унтраажээ.

Эл хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд хохирлын хэмжээг ойрын үед тогтоох боломжгүй. "Горгаз" компанийн ахуйн хэрэглээний хий зөөж ирсэн хоёр залуугаас мэдүүлэг авч эхэлсэн байна.

Х.Даваа