Төрөөс төрсөн тэрбумтнууд зөвхөн төрийн албан байгууллагыг толгойлдог дарга нарын дунд байдагггүй. Хурган дарга буюу хэлтсийн дарга нар төрийн албан хаагч нэрээр өөрсдийгөө халхавчилж, бусдад дарамт шахалт үзүүлэх замаар халаасаа зузаатгадаг нь нууц биш.

Тэгвэл тэдний дарамт шахалтад орсон байж болзошгүй нэгэн иргэн хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, үнэн төрхийг нь олон нийтэд илчилжээ.

Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгал орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлстийн дарга Ж.Ганзориг албан тушаалаа ашиглан иргэн Д.Э-д Арцатын аманд байршилтай эзэмших эрхийн хугацаа нь дууссан нэг га газрыг нэг тэрбум зургаан зуун сая төгрөгөөр тулган шаардахаас наахнуур “дарамтлан” заржээ. Хэлтсийн дарга Г.Ганзориг ажлаа хийж явахдаа Д.Э-ийн үйл ажиллагаанд торгууль тавьж, анх танилцсныг энд дурьдах нь зүйтэй болов уу.

 

Улмаар тэд бизнесийн хамтрагч болохоор тохиролцож, Г.Ганзориг иргэн Д.Э-д хандаж “Миний өөрийн Арцатын аманд байрлалтай нэг га газартай компани байгаа. Одоогоор миний төрсөн дүү Г.Ганхуягийн нэр дээр байгаа боловч захиран зарцуулах эрх нь минийх. Бичиг баримтын хувьд асуудалгүй. Яаралтай зарах шаардлагатай тул худалдаж авч тус болооч. Өөр зарах газрууд ч байгаа. Цаашид барилгын ажлыг чинь хэвийн үргэлжлүүлэхэд ажил албан тушаалаа ашиглан туслалцаа үзүүлэх боломжтой” хэмээн амлалт өгчээ.

Иймд иргэн Д.Э эзэмших эрх нь дууссан нэг га газрыг нэг тэрбум зургаан зуун сая төгрөгөөр тооцон, бартераар худалдан авахаар болсон байна. Ингэхдээ иргэн Д.Э нь НМХГ-ын хэлтсийн дарга Ж.Ганзоригоор дамжуулан төрсөн дүү болох Ж.Ганхуягтай нь хэлцэл байгуулжээ. Гэвч амлалт, гэрээ хэлцлээ удаа дараа зөрчиж, иргэн Д.Э 80 сая төгрөгийн хохирол амсч, төрийн албаар халхавч хийж, бусдыг хохироодог байж болзошгүй ах дүү нарыг хуулийн байгууллагад өгөхөөс өөр аргагүйд хүрчээ.

НМХГ-ын хэлтсийн дарга Ж.Ганзориг, түүний дүү Ж.Ганхуяг нарт холбогдох өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. Гэвч Ж.Ганзориг төрийн албанд ажилласан хэвээрээ бөгөөд хэдэн иргэнийг иймэрхүү замаар хохироож буйг тааварлахад бэрх байгааг эх сурвалжууд хэлж байв.

Энгийн иргэдийг иймэрхүү хэлбэрээр хохироож, халаасаа зузаатгаж, амьдралынхаа чанарыг сайжруулдаг “хурган дарга” нар хэр олон байгааг бид таашгүй.