Дэлхий нийтийн нефтийн бүтээгдэхүүний олборлолтод сүүлийн 10 жилийн байдлаар АНУ (15.3 хувь), Саудын Араб (12.3) болон ОХУ (11.5) толгой цохиж байна. ОПЕК-ын гишүүн 13 улс орон нийт олборлолтын 37 хувийг дангаараа бүрдүүлдэг ч дэлхийд монополь байдлаа тогтоож хараахан чадахгүй байгаа нь нефтийн олборлолтоор тэргүүлдэг АНУ, ОХУ, Канад зэрэг улс тэдний бүрэлдэхүүнд багтдаггүйтэй холбоотой юм.

Харин ч тэдний сөргөлдөөн дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт болон эрэлтийг зохицуулж, үнийн савлагааг бий болгож байдаг аж.

 

Тухайлбал, 2019 оны төгсгөлөөр нэг баррель газрын тосны үнэ 63.6 ам.доллар байсан бол өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 65 хувиар унасан байна. Энэ нь ОПЕК-ын гишүүн орон Саудын Араб болон ОХУ-ын хооронд болсон “үнийн дайн”-тай холбоотой байжээ. Тухайн үед коронавирусийн халдвар гарсантай холбогдон нефтийн бүтээгдэхүүний эрэлт багасаж, тухайн оны нэгдүгээр сар гэхэд үнэ нь 30 хувиар уначихсан байлаа.

 

Тиймээс ОПЕК-ын гишүүн орнууд хуралдаж, нийлүүлэлтээ багасгах, үнийг тогтвортой болгох арга замыг эрэлхийлж, гишүүн бус орнуудад ч хамтран ажиллахыг хүсчээ. Гэтэл ОХУ энэ саналаас татгалзсанаар Саудын Арабтай “үнийн дайн” зарлаж, нийлүүлэлтээ нэмэгдүүлснээр газрын тосны үнэ ийнхүү огцом унажээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хоёр улсын хооронд яриа хэлцэл өрнөж, тохиролцоонд хүрснээр долоодугаар сараас нийлүүлэлт хэвийн хэмжээнд хүрч, үнэ тогтворжих хандлагатай болсон байна.

Нефтийн бүтээгдэхүүнээр гаднаас шууд хараат манай улсын хувьд энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт импортын 14,1 хувийг бензин шатахууны худалдан авалт эзэлж байгаа юм. Түүний 93 хувийг ОХУ-аас импортолсон бөгөөд энэ зах зээлд нэг тэрбум ам.долларын хөрөнгө эргэлдэж байдаг аж. Тухайн салбар нь уул уурхай, үйлдвэрлэл болон иргэдийн хэрэглээнээс шууд хамааралтайгаар үйл ажиллагаа нь явагддаг онцлогтой юм. “Өнөөдөр Монгол Улсад импортын тусгай зөвшөөрөл бүхий 100 гаруй аж ахуйн нэгж байдгаас 50 орчим нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тэдний 100-гаад агуулах, нөөц сав, 1500 шатахуун түгээх станц (ШТС), хийгээр машин цэнэглэх 100 гаруй станцаар дамжуулан бөөний болон жижиглэнгийн борлуулалт хийж байгаа” гэж “Голомт" банкны Бодлого, судалгааны хэлтсийн захирал Д.Сэргэлэн танилцуулсан юм. Түүний ярьснаар, олон улсын нефтийн бүтээгдэхүүний зах зээлд үнэ хөдлөхөд манай улсын хилийн үнэ болон дотоодын борлуулалтад нэг сарын дараа нөлөөлдөг аж. Энэ нь импортлогчдын нөөцийн хэмжээ, агуулах савны багтаамж болон татан авалтыг сардаа нэг л удаа хийдэгтэй холбоотой юм байна.

 

Импортын компаниудын оруулж ирдэг нефтийн бүтээгдэхүүний 50 хувь нь дизелийн түлш бол үлдсэн нь авто болон онгоцны шатахуун, бусад шатах, тослох материал байдаг аж. Ерөнхийдөө Монголын нефтийн бүтээгдэхүүний борлуулалтын 60 орчим хувийг бөөний, үлдсэн хувийг жижиглэнгийн худалдаа эзэлдэг байна.

 

Хэдийгээр ийм байдлаар дотоодын хэрэгцээг хангаж байгаа боловч энэ нь импортын хараат нөхцөлтэй холбогдон нефтийн бүтээгдэхүүний хомсдол бий болох, үүнтэй уялдаж үнийн савлагаа үүсэх нь бий. Тухайлбал, ойрын хугацаанд бензиний үнэ хоёр ч удаа нэмэгдэж иргэдийг бухимдуулж байна. Энэ нь Оросын талаас бензин шатахууныхаа экспортыг хязгаарлахаа мэдэгдсэнтэй холбоотой юм. Он гарсаар тус улсад бензиний үнэ 4.4 хувиар өссөн бөгөөд тус улсад АИ төрлийн шатахууны нийлүүлэлтийг дотооддоо нэмэгдүүлж, үнийг тогтворжуулах, барих гэсэн бодлого аж. Үүнийг дээр дурдсан ОХУ болон Саудын Арабын “үнийн дайн”-тай холбон ойлгож болох юм.

Нэгэнт нефтийн бүтээгдэхүүний хувьд Оросоос бүрэн хараат манай улс өмнөд хөршөөс “амь тариа” хүссэн ч тэд зөвхөн АИ-95 төрлийн шатахуун нийлүүлэхээ мэдэгджээ. Энэ талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэхдээ “Манай Улс АИ-92 бензиний 30 орчим, дизель түлшний 40 гаруй, онгоцны, түлшний 14 хоногийн нөөцтэй байна. Харин АИ-95 бензиний хувьд өнгөрсөн сард Оросоос оруулж ирээгүй учраас улсын хэмжээнд нөөц нь бага байна. Тиймээс Хятадын “Чайна ойл” компаниас 2000 тонн ийм төрлийн бензин худалдаж авахаар “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол" компаниуд гэрээ хэлцлээ хийгээд нааш нь ачуулсан” гэж мэдээллээ.

 

Өчигдөр УУХҮ-ийн сайд Г.Ёндонгийн мэдээлснээр дээрх ачаа Монголын хил дээр ирчихсэн байгаа аж. Энэ хооронд бүх төрлийн бензиний үнэ дахин нэмэгдэж, нийслэлд АИ-92 бензин 2050, АИ-95 нь 2450 төгрөгт хүрсэн бол дизелийн түлш 2490 болоод амжсан байна.

 

Өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монголбанк, Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, шатахууны үнийн асуудлаар ярилцаж, санал бодлоо хуваалцсан. УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэхдээ, хөрш хоёр улсад шатахууны үнэ буурсан 2020 оны дөрөвдүгээр сард манай дотоодын үнэ ханш хамгийн доод цэг буюу 1350 төгрөг болж байсныг дурдаад бага багаар дээш мацсаар өнөөдрийн хэмжээнд хүрснийг онцолсон юм. Энэ хугацаанд 2018 оны нэгдүгээр сараас газрын тосны онцгой албан татварыг АИ-80, АИ-92 зэрэг өргөн хэрэглээний шатахууны төрөл дээр тэглэсэн нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа.

 

Мөн коронавирусийн эсрэг вакцины хамрагдалт нийт хүн амын 60 хувьд хүрэх хүртэл АИ-92 бензиний үнийг 1450 төгрөгт барихаар импортлогч компаниудтай тохиролцсон байжээ. Тиймээс тэд вакцинжуулалтын ажил дээрх түвшинд хүрмэгц шатахууны үнийг ойр ойрхон 300 төгрөгөөр нэмж авсан байна.

 

Чухам ийм монополь байдлыг халахын тулд Монгол Улсын Засгийн газраас 2017 онд дотоодод нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр барих түүхэн шийдвэрийг гаргаж, энэ оны хоёрдугаар сард УИХ-аас үүнтэй холбоотой хуулийг баталснаар Энэтхэг улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга байгууламж, дэд бүтцийн ажлыг эхлүүлж, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компанийг байгуулж, бүтээж босгох ажил ид өрнөж байна. Уг төслийг 2024 онд хэрэгжүүлж дууссанаар 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулж, дотоодын нийт хэрэглээний 72 хувийг хангах боломжтой болох юм.

Одоогоор манай улсын экспортолж буй 300 сая ам.долларын газрын тосыг дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр импортын урсгалыг 700 сая ам.доллараар багасгаж чадна гэж. “Голомт” банкны эдийн засгийн шинжээч О.Мөрөн хэлж байлаа. Ийнхүү газрын тосны боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дэлхийн зах зээл дэх нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш, валютын ханшны хэлбэлзэл зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүний эсрэг реакци үзүүлэх боломжтой болно гэсэн үг юм.

 

Дорноговь аймгийн Алтанширээ сум буюу Сайншандын үйлдвэрлэл, технологийн паркийн харьяа нутаг дэвсгэрт байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр нь дөрвөн багцаас бүрдэх бөгөөд “ЕРС-1” багцыг Энэтхэгийн “JMC Projects India” компани гүйцэтгэж байгаа бөгөөд үүнд үйлдвэрлэлийн явцад голлох үүргийг гүйцэтгэх иргэний барилга байгууламж, ус хадгалах 15 мянган шоо метрийн багтаамжтай нөөцийн хоёр сав, галын байгууламж, лаборатори, агуулах, засварын газар багтаж байна. Мөн Бор-Өвөрийн говиос ус дамжуулах хоолой, насос болон 11 худаг гаргах чухал ажлыг нэгэнт эхлээд явж байна. Хуваарийн дагуу 2022 оны арваннэгдүгээр сарын төгсгөлөөр уг барилга байгууламжийг барьж дуусгахаар төлөвлөжээ. Үүний дараа үйлдвэрлэлийн гол баазыг барьж байгуулах юм байна. Үүнээс өмнө буюу 2019 онд дэд бүтцийн ажлын хүрээнд 27 км төмөр зам, 17.5 км хүнд даацын машины авто зам, 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтыг барьж дуусгаад манай талд хүлээлгэн өгсөн байдаг.

Дэлхий нийтийг хамарсан “СО\/ID-19” вирусийн цар тахлын улмаас гадаадаас ирэх мэргэжилтнүүд саатах, санхүүжилт удаашрах зэрэг зарим саад бэрхшээл байгаа ч гүйцэтгэгч тал төлөвлөсөн хугацаанд Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад өгөхөөр шуурхайлан ажиллаж байгааг албаныхан хэлж байгаа юм. Тиймээс бид нефтийн бүтээгдэхүүний түүхий эд, боловсруулсан бензин шатахуун, дизель түлшээр хэнээс ч хараат бус болж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах цаг өдөр хоногоор ойртсоор байна.

 

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин