Өчигдөр /2021.08.12/ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурийг албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр АТГ-аас саатуулсан.

Тодруулбал, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын цэвэр, бохир усны төлбөрийг хуурамчаар нэмж, дундаас нь мөнгө завших байдлаар улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр ийн саатуулагджээ.

Тэгвэл түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг сонирхуулъя. Тэрбээр 2018 онд анх Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний зохицуулах зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэлжээ. Энэ үеэс хойш гурван жилийн дотор түүний орлого 50 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

Тодруулбал:

ӨӨРИЙН ОРЛОГО: 2015 онд 89 сая, 2018 онд 90 сая, 2019 онд 128.9 сая 2020 онд 139.9 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байна.

ГЭР БҮЛИЙН ОРЛОГО: 2015 онд 15 сая, 2018 онд 20 сая, 2019 онд 23 сая, 2020 онд 32 саяын орлоготой болж өссөн байна.

ОРОН СУУЦ: 2015, 2018, 2019 онуудад 130 саяын нэг орон сууцтай байсан бол 2020 онд 470 саяын орон сууцтай болжээ.

АВТОМАШИН: 2015, 2018, 2019 онуудад 160 сая төгрөгийн Lexus,570- 1 машинтай байсан бол 2020 онд автомашингүй хэмээн мэдүүлжээ.

ХАДГАЛАМЖ: 2018 онд 69 сая, 2019 онд 60 сая, 2020 онд 60 саяын хадгаламжтай болжээ.

АВЛАГА: 2015 ОНД 80 сая, 2018, 2019, 2020 онуудад 43,5 сая болж буурчээ.

5 саяын 6 адуутай, 5 саяын газартай, 2020 онд 42 сая төгрөгийн үнэт эдлэлтэй болжээ. Мөн “Налгар түшиг” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг аж.