Паражудо бөхийн Олон Улсын хэмжээний мастер Д.Ганбаттай ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

 

Сайн байна уу? Намайг Д.Ганбат гэдэг. Паражудо бөхийн Олон Улсын хэмжээний мастер цолтой.Түүнчлэн Монгол Улсын тусгай хэрэгцээт иргэдийн дунд шатрын спортыг хөгжүүлэх гэж зорьж, зүтгэж явна.

 

Монгол Улсын хэмжээнд нийт хичнээн харааны бэрхшээлтэй хүн байна? Тэдэнд маань төр засгаас бодитой ямар дэмжлэг үзүүлж байна, нэн даруй шийдвэрлэх ёстой ямар асуудлууд тулгарч байна вэ?

 

Харааны бэрхшээлтэй 11,000 орчим иргэн байдаг. Улсын хэмжээнд нийтдээ 100,000 гаруй тусгай хэрэгцээт иргэн байна гэдэг. Эдгээр иргэдийн харьяалагддаг байгууллагууд маань чиглэл чиглэлээрээ гишүүдийнхээ боловсрол, эрүүл мэнд, ер нь тэдний хөгжихтэй холбоотой асуудлаар төр засагтаа хандаж, бодлого шийдвэрт нь өөрсдийнхөө асуудлуудыг тусгах гэж ажилладаг. Энэ дунд тусгай хэрэгцээт иргэдийн спортоор хичээллэх, өөрсдийгөө хөгжүүлэх асуудал орхигдчих гээд байдаг л даа. Спорт тусгай хэрэгцээт иргэдэд хамааралгүй юм шиг атлаа үнэндээ маш чухал зүйл гэж надад санагддаг. Яагаад гэвэл спортоор хичээллэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Гэтэл энэ асуудлыг төр засаг маань орхигдуулаад, ач холбогдол өгөхгүй байгаа нь миний санааг зовоож, бухимдуулдаг. 

 

Та Паражудо бөхийн төрлөөр хэдэн жил хичээллэж байна вэ?

 

2000 оны эхээр анх өөрийн дуртай спортоор хичээллэж эхэлсэн. Энэ хугацаанд маш их хүндрэл бэрхшээлтэй тулгарч байлаа. Тухайн үед тусгай хэрэгцээт иргэд спортоор хичээллэж, тэмцээн уралдаанд орно гэдэг нь бараг боломжгүй, энэ талаар ойлголт ч байдаггүй байсан.

Ямар нэгэн байгууллага дээр очоод бэлтгэл хийх гэсэн юм гэхэд “Хараагүй хүнийг дэвжээн дээр гаргахгүй. Дэвжээ бузартана” гэж хариулдаг байлаа.

 

Тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгөний асуудал яриад ороход “Халамжийн хэдэн төгрөгөө аваад зүгээр байж болдоггүй юм уу? Тэмцээн гээд явж байж гэмтэл бэртэл аваад давхар бэрхшээлтэй болчих вий” гэх мэтээр олон дарга нар урмыг минь мохоох хатуу үгсийг хэлж байсан. Энэ бол зөвхөн надад тохиолдсон асуудал биш. Тухайн үед, 2000 оны эхээр параспортоор хичээллэж байсан тамирчдын бүгдийнх нь сонсож байсан үг, туулж гарсан зам ижил. Харамсалтай нь тусгай хэрэгцээт иргэдээ ялгаварлан гадуурхах явдал өнөөдөр ч байсаар байна. 

 

Тэгэхээр үндсэн сэдэвдээ орьё. Зуны 16 дахь удаагийн паралимпын наадам Япон Улсын нийслэл Токио хотноо болж байна. Гэвч уг наадмыг Монголын ямар ч телевиз шууд дамжуулахгүй байгаа. Энэ тухай зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэд сошиал сүлжээнд "Ялгаварлан гадуурхагдсан мэт мэдрэмж авлаа" гэх зэргээр бичиж, байр сууриа илэрхийлж байна? 

 

Үзэл бодлоо илэрхийлж байгаа тусгай хэрэгцээт иргэдтэйгээ би ч санал нэг байна. Бид хоёрын яриад сууж байгаа шалтгаан маань ч энэ асуудалтай холбоотой гэж ойлгож байна. Дөнгөж сая болоод өнгөрсөн Олимпын наадмыг Монголчууд маань нийтээрээ шимтэн үзэж, хамтдаа ялж, ялагдаж сэтгэл догдлон үзлээ. Цөөнгүй медаль авлаа. Үүнийг Монголын 10 гаруй телевиз бүрэн тайлбартайгаар шууд дамжуулж нэвтрүүллээ. Олимпизм гэдэг маань эв санааны нэгдэл гэдэг маш том бодлого. Олимпын тэмцээнийг үзэж маш олон хүүхэд залуучууд спортыг ойлгон, түүнд дуртай болж, түүгээр хичээллэх урам зориг олж авдаг шүү дээ. 2008 оны Олимпын дараа жудо, боксоор хичээллэх хүүхдүүдийн тоо яаж нэмэгдсэн билээ, та бүхэн үүнийг мэдэж байгаа. Гэтэл үүнтэй яг ижил түвшний паралимп болж байхад яагаад ач холбогдол өгөхгүй орхигдуулаад байгааг би үнэхээр гайхаж байна. 

 

2000 оны эхэн үетэй харьцуулбал өнөөдөр иргэдийн дунд паралимпийн талаарх ойлголт нэмэгдсэн байна. Харин төр засгаас бодит дэмжлэг ямар хэмжээнд байна вэ?

 

Нэг үеэ бодвол тэмцээн уралдаанд оролцох зардал, амжилт гаргаад ирсэн тамирчиддаа үзүүлэх дэмжлэг, шагнал урамшуулал жирийн тамирчидтай ижил хэмжээнд дөхөж очиж байгаа нь ажиглагдаж байна. Гэхдээ энэ бол угаасаа байх л ёстой зүйл шүү дээ. Гэхдээ үүнийгээ энэ хүмүүсийн төлөө зөндөө юм хийчихлээ, хангалттай гэж бодож болохгүй.

 

Яагаад гэвэл тусгай хэрэгцээт иргэд өнөөдөр гэрээсээ гарахад л ганцаараа явах ямар ч дэд бүтэц Улаанбаатарт байхгүй. Бараг бүгд гэр бүлийн гишүүдийн, эсвэл хэн нэгний дэмжлэг туслалцааг авах шаардлага үүсдэг. Бусдаас үргэлж хараат амьдарч байна.

 

Хатуухан хэлэхэд тусгай хэрэгцээт хүүхэд залуучуудад ирээдүйгээ сайнаар төсөөлөх ямар ч боломж, орчин алга. Үүнд би их харамсдаг. Уг нь төрийн бодлогоор эдгээр хүмүүст урам зориг өгөх ёстой. Ганц Монгол Улсын ч биш, дэлхийн тусгай хэрэгцээт тамирчид өөрт байгаа боломжийг хэрхэн тултал нь ашиглаж байна вэ? Дутуу талаа яаж давуу тал болгон ашиглаж болдог юм бэ? гэх мэт маш олон урам зориг өгөх, үлгэр жишээ болох зүйлсийг паралимпаас олж харах боломжтой байсан юм. Паралимпийг нэвтрүүлж гаргасан бол магадгүй маш олон хүнд итгэл найдвар өгч, зөв замд хөтлөх байсан. Тусгай хэрэгцээт иргэдийг хөгжүүлэх ямар ч бодлого байхгүй, тэднийг халамж хүсээд л сууж байх ёстой хүмүүс мэт бодож болохгүй. Цаасан дээр нэг хууль батлаад гаргачихдаг. Гэтэл хэрэгжүүлэх ёстой төрийн албан хаагчид нь юу ч мэддэггүй нөхцөл байдал үүсчихээд байна. 

 

Хувийн хэвшлийн телевизүүдэд хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор боломж байхгүй байж магадгүй. Тэгвэл төр нь яагаад тусгай хэрэгцээт иргэдээ бодлогоор дэмжээд, Монголын Үндэсний Олон Нийтийн телевизээр паралимпийг гаргаж болдоггүй юм бэ?

 

Тусгай хэрэгцээт иргэд олон улсын тэмцээн уралдаанд оролцоод, амжилт гаргаад явдаг. Тэр үедээ жирийн тамирчидтай адил л Монгол Улсын нэрийг гаргаад, Монгол Улсын Төрийн далбааг мандуулдаг шүү дээ. Бид Монгол Улсын төрийн дууллаа дутуу эгшиглүүлж, төрийн далбаагаа хазгай мандуулдаггүй л байхгүй юу. Бусадтай адил цохилох зүрхтэй, үүрэг, хариуцлагаа ухамсарлаад, эх орныхоо нэрийг гаргачих юмсан гээд явж байдаг. 2012 онд анх намайг Паралимпид оролцож байхад “ТВ-5” телевиз шууд дамжуулж байсан. Тухайн үед “ТВ-5” телевизид их баярлаж байлаа. Гэтэл 2016 оноос хойш паралимпийг огт дамжуулаагүй. Одоо ингээд бүр хаячих юм уу? Гэтэл гадны олон улс орнууд паралимпийг шууд дамжуулж, ард иргэддээ тусгай хэрэгцээт иргэдийн талаар танилцуулж байна. Энэ нь өөрөө маш том сэтгэл засал болдог.

 

Мянга сонсохоор нэг үз гэдэг шиг тэр хүний уралдаж байгааг, тэмцээнд орж байгааг хараад бас нэг тусгай хэрэгцээт хүнд би ч гэсэн чадах юм байна гэдэг итгэл үнэмшил төрдөг. Хоёр гаргүй хүн амандаа цохиураа зуучихсан теннис тоглож байна. Усан спортын төрөлд гурван мөчгүй хүн сэлээд уралдаж байна. Байт харваан дээр амаараа нумаа татаад харваж л байна. Энэ мэтчилэн гайхалтай зүйлсийг хараад нэг гараа алдчихлаа гээд өөртөө гутарч байсан хүн надад гурван мөч байна гээд итгэл авна шүү дээ. Гэх мэтчилэн тусгай хэрэгцээт иргэдэд маш том зөв мессеж өгөх байсан юм. Түүнээс хэдэн тамирчин өөрсдийгөө сурталчлах гээд байгаа асуудал огт биш. Гэтэл тусгай хэрэгцээт иргэдээ халамж л хүссэн өрөвдөлтэй байдалд байлгахыг төр засаг маань хүсээд байх юм.Сард хэдэн төгрөг өгчихөөд тэдний төлөө их зүйл хийчихлээ гэж бодож байгаа бол энэ эндүүрэл шүү. Тусгай хэрэгцээт иргэдийг зөв тийш нь залаад, чиглүүлээд явбал бид ч энэ улсад баялаг бүтээж өгч чадна. Хүнд эд материалаас илүү сэтгэл санааны, үзэл бодлын эрх чөлөө чухал байдаг. Гэтэл энэ эрх чөлөөг нь хаачихаад ардчилсан улс гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Олон Улсын маш их гэрээ конвенцид нэгдсэн хэр нь тэр үүргээ биелүүлдэггүй. Энэ тал дээр үнэхээр бидний эрхийг хааж байна, биднийг ялгаварлан гадуурхаж байна. 

 

Та яриандаа дурьдлаа. Тусгай хэрэгцээт иргэн бэлтгэл хийх гээд очиход нь дэвжээ бузартана гээд оруулдаггүй байсан гэж. Энэ мэтчилэн та бүхнийг спортоор хичээллэхэд хэр их саад бэрхшээл тулгарч байна?

 

Одоо ч гэсэн маш их саад тулгарч байна. Гэхдээ анх биднийг эхэлж байх үеийн хатуу саад бэрхшээл багассан. Харьцангуй гайгүй болж байна гэж хэлж болно. Гэхдээ л нэг хүнтэй очоод уулзахаар “Чааваас даа, энэ чадах болов уу”, “Энэ ч дээ” гэсэн үл тоосон, үл итгэсэн, үл хүндэтгэсэн хандлага одоо ч байж л байдаг. Уг нь энэ асуудлыг төр бодлогоор дэмжиж, тусгай хэрэгцээт иргэдээ нийгмийн харилцаанд тэгш оролцуулах ёстой.

Бид бусдын адил хуулийн хүрээнд эдлэх эрхтэй, үүрэх хариуцлагатай шүү дээ.Үүнийг тэгш хангах үүрэг нь төрийн харьяа, чиглэл чиглэлээрээ хариуцсан байгууллагуудад бий.Бидэнтэй уулзаж ярилцаад, хамтраад хэрэгжүүлээд явах ёстой. 

 

Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд та бүхнийг дэмжлэг тусламж хүсээд уулзахад хэр ойлгож хүлээж авч байх юм?

 

Олон дотор сайн муу нь холилддог учраас ойлгоод дэмжлэг үзүүлдэг байгууллагууд бий. Улсын шигшээ багт цөөн тооны тусгай хэрэгцээт иргэд багтдаг. Гэтэл тэдэнд ноогдох төсөв нь энгийн тамирчдынхаас хамаагүй бага, өдөр шөнө шиг ялгаатай байдаг. Мөн түүнчлэн нэг тэмцээнд явлаа гэхэд та нар энэ хүмүүст баярлалаа гэж хэлээрэй, та нар баярлах ёстой шүү гэж хандах тал бий. Гэтэл үүнийг бид хүнээр хэлүүлэлтгүй мэдэж л байгаа шүү дээ. Тусгай хэрэгцээт гэхээр тусалсан хүндээ, байгууллагадаа баярлалаа гэж хэлж мэдэхгүй, ухамсар дорой хүмүүс биш шүү дээ. Гэтэл тийм зүйлийг хүртэл биднээс шаарддаг нь инээдэмтэй л санагддаг юм. Гэх мэтээр алхам тутамдаа үл тоогдох, өөрийгөө бусдын хажууд хэн ч биш юм байна гэж мэдрэхээс илүү сэтгэлийн дарамт байхгүй шүү дээ. Жирийн иргэд ч гэсэн байгаа орчиндоо гадуурхагдах, дутуу үнэлэгдэх үед ямар онцгүй мэдрэмж төрдөг билээ дээ? Тэр мэдрэмжийг бусадтай уулзах болгондоо аваад, тэсээд явахын тулд маш их тэсвэр тэвчээр гаргаж, олон зүйлийг золиослох хэрэгтэй болдог. Энэ бүх бэрхшээлийг даван туулаад, өөртөө жаахан гэрэл асаагаад байж байхад нь төр засаг тэр гэрлийг нь дэвсээд унтраачихвал энэ хүмүүс маань хаачих вэ? Бүр туслаад сүйд болоод гийгүүлдэггүй юм гэхэд урмыг нь битгий хугалаач ээ гэж л хэлмээр санагддаг юм. 

 

Бусадтай ижил, тэгш хандаач ээ л гэж хүсдэг юм байна?

 

Бид бусдаас илүү зүйл хүсэхгүй. Хуулиар олгогдсон эрхээ бусадтай ижилхэн эдэлье. Монгол Улсад тусгай хэрэгцээт иргэн дутуу эрх эдэлнэ гэж байхгүй биз дээ? 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль гэж батлагдсан. Гэвч энэ хуулиас хэрэгжиж байгаа нь тун ховор. Хуулийг дагаж батлагдах дүрэм журмууд нь гардаггүй.

Аргацаагаад сурчихсан. Ер нь тусгай хэрэгцээт иргэдээ хийж бүтээж чадна гэдэг талаас нь хүнлэг хандаасай. Сүүлдээ сонгууль болохоор бид тусгай хэрэгцээт иргэдийн төлөө ийм юм хийж байна гэж сурталчилдаг, сонгуулийн хэрэгсэл төдийхөн л болчихлоо. Тусгай хэрэгцээт иргэдийн эзлэх масс ч бага биш учраас хүмүүсийн саналыг худалдаж авах гэсэн үйлдэлд  ашигладаг болж. Энэ нь маш харамсалтай. Бид бусдаар хоолоо халбагадуулаад, ам руугаа хийлгэхийг хүсээгүй. Харин өөрсдөө босоод, халбагаа бэлдээд очиход тогоонд хоол байж байгаасай л гэж хүссэн. Биднийг битгий ялгаварлан гадуурхаач ээ, бүх зүйл дээр эрх тэгш хандаач ээ гэж л хүссэн юм.

 

Төр засаг та бүхний дуу хоолойг сонсоод зөв шийдвэр гаргаасай гэж бодож байна?

 

Төр засаг, бусад холбогдох байгууллага нь яагаад паралимпийг шууд дамжуулж болоогүй юм бэ? гэдэг дээр ард түмэндээ тайлбар хийх хэрэгтэй. Бас уучлалт гуйх ёстой гэж бодож байна. 2022 оны Азийн наадам, 2024 оны Олимп болон бусад олон улсын тэмцээнүүдийг бүх л телевизүүд гаргаад, сурталчлаад л явна. Манай тусгай хэрэгцээт тамирчдын тэмцээн ч мөн адил болно. Тусгай хэрэгцээт тамирчид маань  амжилт гаргасан тохиолдолд л ганц нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл очиж яриа аваад л тэр хүн мартагддаг. Хэрэв телевизүүд шууд дамжуулдаг бол бусад тусгай хэрэгцээт иргэд үзээд бидэн шиг хүмүүс ч спортоор хичээллэж, гадагшаа тэмцээн уралдаанд оролцон, амжилт гаргадаг юм байна гэдгийг мэдэж авах болов уу? 

 

Жирийн иргэдтэй адил паралимпийн тамирчдын оролцож байгаа тэмцээн уралдааныг телевизээр шууд дамжуулж үзүүлснээр бусад тусгай хэрэгцээт иргэд тэднээс урам зориг авна гэдэг санааг л та хэлэх гээд байна уу?

 

Тэгэлгүй яахав.

 

Хувийн хэвшлийн телевизүүд нь хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдээд шууд дамжуулах боломжгүй байхыг үгүйсгэхгүй. Харин МҮОНРТ нь үүргээ ухамсарлаж, нийгэмд соёл, эерэг уур амьсгал түгээх үүргээ биелүүлж болдоггүй юм уу?

 

Манай тусгай хэрэгцээт иргэд энэ асуудлаар цахим орчинд олуулаа санал сэтгэгдлээ илэрхийлж байна. Тусгай хэрэгцээт н.Болороо гээд эмэгтэйгээс хүүхэд нь тэргэнцэртэй хүн яаж сагсан бөмбөг тоглох юм бэ? гэж асуухад нь удахгүй паралимпийн наадам эхлэхээр телевизээр гарна. Тэр үед нь үзээрэй гэж хариулсан байгаа юм. Гэтэл паралимп нэг ч телевизээр гардаггүй. Ингээд бодохоор тусгай хэрэгцээт иргэдтэй хамт амьдардаг гэр бүлийнхэн нь ч паралимпийн талаар ойлголтгүй байхад тусгай хэрэгцээт иргэдтэй ойр байдаггүй хүмүүсийн төсөөлөлд ч буухгүй шүү дээ. Хараагүй хүмүүс хөлбөмбөг тоглож, буудлагын төрлөөр өрсөлдөж байна. Гэх мэтчилэн жирийн тамирчдын хичээллэдэг бүх спортоор тусгай хэрэгцээт иргэд хичээллэж байна. Энэ бүхнийг нийгэмд үзүүлж, ойлгуулбал биднийг харах өнцөг ч дагаад өөрчлөгдөнө шүү дээ. Жишээлбэл, гудамжинд харааны бэрхшээлтэй иргэн дуу дуулаад сууж байх юм бол энэ хүмүүс иймэрхүү байдлаар л гуйлга гуйж амь зогоодог юм байна гээд зөвхөн өөрийн харсан өнцгөөр л ойлголт авна. Уулын мод урттай, богинотой байдгийн адил тусгай хэрэгцээт иргэд дунд ч тааруухан амьдралтай нэгэн байхад өөрийнхөө төлөө зүтгээд, хичээгээд явж байдаг хүмүүс олон бий.

Тусгай хэрэгцээт иргэд дунд ч янз бүрийн амьдралтай хүмүүс байдаг. Бүгд тийм дорой биш гэдгийг ялгаж салгаж ойлгоосой. Түүнээс гаднах бэрхшээл бол өөр шүү. Тусгай хэрэгцээт иргэдийн сэтгэл дотроо тээж явдаг зүйл болох та бүхэнтэй л адил юм шүү гэдгийг харуулах хамгийн том сурталчилгаа паралимп байсан юм. Үүнээс гарах үр дүн маш их байсан. Хэрэв паралимпийг шууд дамжуулсан бол телевизээр үзсэн тусгай хэрэгцээт иргэд, залуучуудаас 2024, 2028 оны паралимпид аварга төрөх байсныг ч үгүйсгэхгүй. 

 

Гавьяат тамирчин Э.Содномпэлжээ маань паралимпийн рекордыг эвдэж, олимпын аварга боллоо шүү дээ. Таны сэтгэгдэл?

 

Сэтгэгдэл маш өндөр  байна. 238 кг байсан олимпийн рекордыг 245 болгож, мөнгөн медаль хүртсэн тамирчнаас 8 кг илүү өргөж, үнэхээр түрүүлсэн шиг түрүүллээ. 2010 оноос хойш Э.Содномпэлжээтэйгээ хамт тэмцээн уралдаанд явж байсан.

 

Э.Содномпэлжээ энэ 10 жилийн хугацаанд маш хурдан өсөн дэвжиж, энэ өндөр амжилтанд хүрлээ. Адилхан тусгай хэрэгцээт тамирчин учраас энэ амжилтанд хүрэх зам ямар хүнд хэцүү гэдгийг өөрөө мэддэг, туулсан учраас үнэхээр баяртай байна. Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж, олимпийн хос медальтан боллоо. Мөн бидний үгийг сонсож, бидний дуу хоолойг нийгэмд хүргэж байгаа Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn-ынхээ хамт олонд баярлалаа.

 

Ярилцсан М.Чойжал