Манай улс Ази, Номхон далайн орнуудаас цаг уурын өөрчлөлт нэн хурцадмал байгаа улс орны тоонд ороод байгаа билээ. Зундаа гантай, өвөлдөө цас их орсноос зуд болж, жилээс жилд цөлжилт цар хүрээгээ тэлсээр.

Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах асуудлыг иргэдэд ухамсарлуулж, байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөнийг дэлхийн хэмжээнд өрнүүлдэг байгууллага бий. Тэр бол глобал сайн дурын, WeLoveU олон улсын байгууллага юм.

Энэ сарын 29-ний өдөр WeLoveU байгууллагын 30 орчим гишүүн Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Богдхан уулын ойр орчим “Цэвэр дэлхий” хөдөлгөөнийг өрнүүллээ. Тэд амралтын өдрөө ашиглан уур амьсгалын ноцтой өөрчлөлтийн талаар иргэдэд таниулж, байгаль хамгаалах ухамсрыг нь нэмэгдүүлэн, хүрээлэн буй орчноо цэвэр цэмцгэр байлгах үүднээс ар гэрийнхэн, найз нөхдийн хамт сайн дурын ажилд оролцсон байна. Дор бүрнээ маскаа зүүж, биеийн температураа шалгуулан, гараа ариутган, хорио цээрийн дүрмийг ягштал дагаж мөрдөн, хэд хэдээрээ баг болж хуваагдаад Богд уулын булан тохой бүрийг нэгжин их цэвэрлэгээ хийжээ. Тэдний зорьж ирсэн Богдхан уулын явган хүний зам дагуу их хэмжээний хог хаягдал хөглөрч байв. Гишүүд нэг удаагийн аяга, соруул, гялгар уут, дахин боловсруулах зориулалттай шилэн сав, лаазыг ангилан ялгаж, ахуйн чанартай төрөл бүрийн хог хаягдлыг түүж цэвэрлэжээ. Уг цэвэрлэгээний хүрээнд тэд 90 гаруй шуудай хог цуглуулсан байна. Гишүүд хөлс дуслуулсан ажиллаж, цэвэр цэмцгэр болсон уулын замыг хараад урам авцгааж байлаа.

 

  • WeLoveU байгууллагын нэгэн гишүүн “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал өдрөөс өдөрт хурцдаж байгаа. Ийм үед иргэд уг үйл ажиллагаанд нэгдвэл бид хүрээлэн байгаа орчноо хайрлан хамгаалж, тогтвортой хөгжлийг бий болгоно. Цаашид бид байгаль орчны асуудалд ямагт анхаарлаа хандуулан тууштай зүтгэнэ” хэмээлээ.

 

  • Сайн дурын ажилд оролцсон Г.Тэлмэн: “Өнөөдөр WeLoveU байгууллагын хамт олонтойгоо хамт хүмүүсийн чөлөөт цагаа их өнгөрүүлдэг Богд уулаа цэвэрлэлээ. Би залуу хүнийхээ хувьд сайн дураараа байгал экологид ээлтэй мөн бусаддаа үлгэр дуурайл болох энэ ажилд нэгдсэндээ баяртай байна. ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

ХУД-ийн 11-р хорооны захиргаа тэдний үйл ажиллагааг дэмжин бээлий, шуудай гаргаж өгчээ. ХУД-ийн 2-р хэсэг хариуцсан ахлагч Г.Хулан, Хөгжлийн нийгмийн ажилтнуудын хамт уг үйл ажиллагаанд оролцож, гишүүдийн хийх ажлыг зааварчилж байлаа.

 

  • ХУД-ийн 2-р хэсэг хариуцсан ахлагч Г.Хулан: “2019 оноос хойш олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон болохоор зөвхөн ТҮК-н ажилчид цэвэрлэгээ хийж байсан. Харин өнөөдөр WeLoveU байгууллагын хамт олон ирж хүмүүсийн олноор зорчдог энэ хэсгийг сэтгэл гарган цэвэрлэж сайхан болголоо. WeLoveU байгууллагын тэргүүн Зан Гил Жа танд баярлаж талархсанаа илэрхийлмээр байна” хэмээн тус байгууллагын гишүүдэд урмын үг хэллээ.

 

  • Мөн тус дүүргийн 11-р хорооны Хөгжлийн нийгмийн ажилтан Г.Энхзул: “Бидний амьдарч буй орчныг цэвэр, эрүүл байлгахад сайн дураараа ирж оролцсонд маш их баярлалаа” хэмээн талархсанаа илэрхийлэв.

Энэ удаагийн их цэвэрлэгээг НҮБ-аас зарласан “Хөх тэнгэрийн өдөр (9 сарын 7)”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа бүр ч утга учиртай байв. Уг үйл ажиллагаа Монголд төдийгүй АНУ, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд, Япон, Перу, ӨАБНУ, Зимбабве, Ангол зэрэг улс орнуудад ч зохиогдсон байна.

 

WeLoveU байгууллагаас жил бүр зохиодог “Цэвэр дэлхий” хөдөлгөөн нь байгаль орчин хамгаалахын зэрэгцээ үзэсгэлэнт байгалиа үр хойч үедээ өвлүүлэх зорилготой үйл ажиллагаа юм. Тус байгууллага 2008 оноос хойш дэлхийн өнцөг булан бүрд хот суурин, цэцэрлэгт хүрээлэн, уул нуруу, тэнгис далай, гол мөрнийг цэвэрлэж, байгаль хамгаалах кампанит ажил, байгаль хамгаалах сургалт зохион байгуулах гэх мэт ажлыг тогтмол хийж иржээ. Улаанбаатар хотод Богдхан уул төдийгүй Сэлбэ гол, Дунд голын сав газрыг цэвэрлэж байв. Мөн Эрдэнэт хотод наадмын талбайг тогтмол цэвэрлэдэг байна.

WeLoveU байгууллага дэлхий нийтийн анхаарлыг байгаль хамгаалах чиглэлд хандуулахын тулд тал бүрээр хичээж иржээ. Тэд тав, зургадугаар сард “Tongkeun Courage Challenge” гэх байгаль хамгаалах глобал кампанит ажлыг өрнүүлжээ. Уг ажлынхаа хүрээнд тэд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах, хоол савлах зэрэгт иргэдийг нэг удаагийн сав, гялгар уут ашиглахыг болиулж оронд нь олон удаагийн хэрэглээний сав баглаа боодол хэрэглэхийг уриалсан байна. Тэдний энэ ажил байгаль хамгаалах ухамсрыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан аж. Тэд мөн Америкт "Upcycling Challenge" аян зохион байгуулжээ. Энэ нь хаягдал бүтээгдэхүүнийг дахин боловсруулж шинэ бүтээгдэхүүн гарган ашиглахыг уриалсан утга учиртай аян юм.

 

WeLoveU-н төв Солонгос улсад бий. WeLoveU нь НҮБ-ын DGC (НҮБ-ын DPI, хуучнаар олон нийттэй харилцах товчоо) –н түнш байгууллага болохынхоо хувьд 65 улсад 240 салбартай бөгөөд эдгээр салбартаа түшиглэн орон бүрд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Байгаль хамгаалах халамжаас гадна хүүхдийг эрүүл мэнд, боловсролоор дэмжих, хүүхдийн асрамжийн газрын болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах, цусны донорын хөдөлгөөн явуулах, нийгмээс гадуурхагдсан иргэдэд санаа тавих, гамшигт өртсөн бүс нутгийг нөхөн сэргээх, гамшгийн дараах яаралтай тусламж, дүрвэгсдэд туслах, усны хомсдолтой улс оронд усан шахуурга угсарч суурилуулах гэх мэт олон талт сайн дурын ажлыг идэвхийлэн явуулсаар иржээ. Ирэх сарын 14-нд тэд цус хандивлах донорын хөдөлгөөнийг дэлхийн хэмжээнд өргөн цар хүрээтэй явуулахаар төлөвлөж байгаа аж.

“Ковид-19” цар тахлын улмаас цус хандивлагчдын тоо буурч, улмаар улс орнууд цусны хомсдолд ороод байгаа ажээ. Ийм нөхцөлд тэд уг хөдөлгөөнийг өрнүүлэхээр болсон нь цусны нөөцийг бүрдүүлэхэд ихээхэн тус нэмэр болох биз ээ. Манай улсын хувьд ирэх 9-ний өдөр ЦССҮТ дээр уг аян өрнөх юм.

 

Дэлхий нийтийн тогтвортой аз жаргал, энх тайвны төлөө WeLoveU байгууллагын хийж байгаа ажил нь эрүүл дэлхий, хүн төрөлхтний гэрэлт ирээдүйн төлөө хэрэгжүүлдэг “Save the World” төслийнх нь нэгээхэн хэсэг аж. Энэхүү төслийн хүрээнд “Дэлхийн байгаль хамгаалах (Saving the Earth)”,“Амь аврах (Saving Lives)”, “Хүн төрөлхтнийг аврах (Saving Humanity)” гэсэн гурван үндсэн хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын нийгмийн нийтлэг зорилт болох тогтвортой хөгжлийн зорилт (SDGs)-ын хэрэгжилтэнд санаа тавин ажилладаг юм байна. Тэдний энэ мэт хичээл зүтгэлийг орон орны төр засгийн газар, орон нутгийн засаг захиргааны болон олон улсын байгууллагууд өндрөөр үнэлдэг байна. Тэд БНСУ-ын төрийн дээд одон, АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал (байгууллагад олгодог дээд шагнал, 8 удаа), Камбожийн Вангийн шагнал, Перу улсын Эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн яамны сайдын Хүндэт өргөмжлөл, олон улсын байгаль орчны “Ногоон алим (Green apple)” зэрэг олон шагнал урамшуулал хүртэж байжээ.