УИХ-ын гишүүн асан, “Бидний цөөхөн Монголчууд" төслийн санаачлагч М.Зоригттой ярилцлаа.

Та “Андлалын хөшөө”-тэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ, нилээн ч бухимдуу харагдсан. Шалтгаан нь юу вэ?

Монголчууд бид нэг л өглөө босоод “Андлалын хөшөө”-г буулгаж байгааг харлаа. Би итгээгүй л дээ. Арай ч дээ, Монголчууд минь. Энэ тухай сонсмогцоо тухайн сумын Засаг дарга руу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Аймгийн Засаг дарга руу нь залгатал утсаа авч байна. –“Үнэн үү?” гэхэд “Тийм ээ” гэсэн. Их цочирдсон байсан. Үнэхээр сэтгэлд багтаагүй л дээ. “Андлалын хөшөө”-г буулгаж байгаа энэ үйл явцыг хараад Монголчууд өнөөдөр хэн болчихоо вэ? гэдэг үүднээс би нилээн цочирдсон.

Хэнтий аймагт “Бидний цөөхөн Монголчууд” төсөл хэрэгжиж байхад би тэр хөшөөн дээр нэг бус удаа очиж байсан л даа. Хүмүүсийн яриад байгаагаар тийм их мөнгө зарсан уу? гэхээр тэгж харагдахгүй юм билээ.

 

Өнөө цагийн Монголчууд ямар нэг зүйлийг хийхдээ идэж уудаг, цавчдаг, тайрдаг тэр үзэгдэл бас явсан л байх. Мөн үнэхээр сэтгэл дутсан юм биш үү? гэсэн сэтгэгдэл төрж байсан. Гэхдээ гол нь муу, сайн нь хамаагүй түүхийн ач холбогдол бүхий тийм сайхан газрыг тамгалаад авна гэдэг нь чухал байлаа.

Үр хүүхдээ дагуулаад түүхээ ярьдаг зүйл бий болж байгаад нь би баярлаж байсан юм.

Дэлхийн улс орнуудаар аялж байхад түүхийнхээ үнэ цэнэ, ач холбогдлыг үеийн үед дамжуулж үлдээхийн тулд барилга байшин, хөшөө дурсгал босгож, цогцолбор, үйл ажиллагааны төвүүдийг барьдаг. Харин Монголд энэ тал дээр маш дутагдалтай. Сайндаа л ойр дотны хүндээ зориулж суварга босгохоос цааш зүйл хийгддэггүй. Харин “Андлалын өргөө” бол цоо шинэ ажил болж байсан юм.

Урд хөрш, Казакстан гэх мэтчилэн төв Азийн олон орнууд эртний Монголын Эзэнт Гүрний агуу түүхийг тасалж авах гэсэн, өөрсдөдөө нааж, тэр байтугай Чингис хаан бол Казак хүн байсан юм. Эсвэл Монголын нууц товчоонд болсон үйл явдлууд чинь Монголд биш, Хэнтийд биш Өвөр Монголын балгасанд болсон шүү гэж хэдэн талаас нь зулгааж байгаа ийм цаг үед “Андлалын өргөө”-г хийж байгаад нь би баяртай байсан. Тэдгээр улсуудад алсыг харсан маш том төрийн бодлого явж байгаа. Түүндээ асар их мөнгийг гаргаж байгаа шүү дээ. 

Тэгэхээр муу, сайн нь хамаагүй.Засаж янзлаад, сайжруулж болно.

Монголчууд бид мөнхөд авилгачаараа, хулгайчаараа байхгүй. Яваандаа илүү сайжраад өнгө зүс орох нь тодорхой гэж бодож байсан хөшөөг нураачихлаа.

 

Хэнтий Аймгийн Засаг даргатай холбогдоход нутгийн иргэд нь хоосон орхиж болохгүй, оронд нь ямар нэг зүйл барина л гэж байна гэнэ. Энэ бол зөвхөн Хэнтийчүүдийн ажил биш, бүх Монголчуудын хийх ёстой ажил. 

Монгол Улс гэж байх юм уу? Энэ хорвоо дэлхий дээр Монгол үндэстэн гэж үлдэх юм уу? Монгол хэл, түүх чинь балраад алга болчих юм биш биз?  

Тийм учраас би Хэнтий аймгийн Засаг даргыг хотод ирчихлээ гэхээр нь түүнтэй уулзлаа. Ганцхан Хэнтийчүүд гэхгүйгээр бүх Монголчуудаа хамруулж, хөдөлгөөн байгуулаад, данс нээнэ. Энэ санаачлагыг Хэнтий аймгийнхан манлайлж авч явах юм шиг байна лээ. Энд Монголчууд маань хойш сууж үлдмээргүй байгаа юм. Монгол хүн юм бол, биднийг ямар нэг үнэт зүйл нэгтгэж байгаа л юм бол, Монгол гэдгээрээ бахархаж л байвал, Монгол хэл, түүхээ үеийн үед авч үлдэхийг хүсэж л байгаа бол бусад аймаг, сумд, гадаадад амьдарч байгаа хүн бүр уг санаачлагыг дэмжиж оролцоосой гэж би хүсэж байна. 

 

Тэгэхээр “Андлалын өргөө”-г дахин босгоно гэсэн үг үү?

 

Сандал тавина уу? хөшөө барина уу? Би үүнд ач холбогдол өгөхгүй байгаа. Монголчууд нийтээрээ хэлэлцээд, шийдээд хийвэл муу юм хийхгүй л байх гэж бодож байна. Харин заавал ямар нэг зүйл байх ёстой шүү гэдгийг л би онцолж хэлээд байгаа юм. Би загвар талаас нь санал шүүмжлэл хэлэх хэмжээний урлагийн хүн биш. 

 

Түүхээс харвал БНХАУ, Монгол Улсын хооронд хил хязгаар тогтоох явцад хашаа байгаагүйгээс болж маргаан их гардаг байсан. Гэтэл хүүхдүүдийн айл гэр болж, тоглож өрсөн хэдэн чулууг үндэслээд зарим газар нутаг манайд үлдэж байсан түүх бий.

Иймээс түүхийг тамгалж байх хэрэгтэй. Одоо Улаанбаатар хотод байсан эртний өвгөчүүлийн шарил, хөшөөг хусаж аваад байхгүй болчихлоо. Түүн шиг “Андлалын хөшөө” байхгүй болчихож байна. “Андлалын өргөө” чинь уг нь яг Батноров сумын нутагт байгаа Хөхүүрийн тал шүү дээ. Гэтэл БНХАУ-ын ӨМӨЗО-нд Хөхүүрийн хөндий гэдэг нэртэй балгас, тосгон байгуулчихсан.

Тэндээ Монголын нууц товчоон дээрх Монголын Эзэнт Гүрний түүхийг ярьж өгөөд, хажуугаар нь хуушуур буузаа зараад мөнгө олдог. Өнөөдөр хуушуур зарах ашгийн төлөө байгуулагдсан мэт байж болох ч 50-100 жилийн дараа хүн бүр тэнд жинхэнэ Хөхүүрийн тал байдаг гээд итгэчихнэ шүү дээ. Түүнийхээ дагуу нөгөө хүмүүс чинь шинэ түүх бичээд эхэлнэ. Тэгэхээр бид түүхээ атгаж л байх ёстой гэж хэлэх гээд байгаа юм. 

 

“Андлалын өргөө” төсөл амжилтгүй боллоо. Үүний шалтгаан, алдаа нь юу байв?

 

Бид хоорондоо эв найртай биш болж, үнэт зүйлээ мэдрэхээ байчихсан байна.

Өнөөдрөөр л амьдардаг болчихжээ. Биднийг нэгтгэдэг, нийлүүлдэг зүйл байхгүй болж...

Энэ олон намд хуваагдчихсан, нөгөө намын гишүүн нь дайсан шахуу, У.Хүрэлсүхийг дэмжсэн хүн нь АН-даа бол урвагч болдог. Гэтэл сонгууль болж өнгөрөөд

 

Монголчууд бид байж л байх ёстой шүү дээ. Энэ олон тийшээ харсан хазгай байдлаас болж энэ хөшөө нурчихлаа. 

Хөшөө барих, барихгүйдээ биш харин бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй.

Өөрийнхөө үнэт зүйлээ мэдэрч, эрхэмлэдэг, хүсдэг, хайрладаг, хамгаалдаг байх ёстой. Монголчууд энэ тал руу өөрчлөгдөх ёстой гэдгийг хэлмээр байна. 

 

Нэгэнт улс төр ярьсных үүнтэй холбоотой хэдэн асуулт асууя. 

Та Ардчиллын анхдагч, тухайн үеийн Монголын Оюутны Холбооны удирдагчдын нэг. АН маань өнөөдөр хоёр хуваагдсан байдалтай байна.  Энэ талаар таны байр суурь? С.Эрдэнэ даргатай, О.Цогтгэрэл даргатай гээд хоёр талын алийг нь та дэмжиж байна?

 

Алиныг ч дэмжихэд хэцүү болчихсон юм даа. Ардчилсан Нам ч тэр, ардчилал ч тэр булингартчихлаа. Энэ бүхэн бол С.Эрдэнэ, О.Цогтгэрэл гэдэг хүмүүс албан тушаал булаацалдаад байгаа төдий асуудал биш. Цаана нь бизнес, мөнгөний бүлэглэлүүд хоорондоо АН-ыг булаацалдаж байна. Улс төрөөр дамжуулж, эрх мэдэлд хүрэх юм байна. Эрх мэдэлд хүрчихээд тендерээ хувааж, лиценз авахын төлөөх тэмцэл яваад байгаа юм.

Үүнээс болж Монголд ардчиллыг авчирсан мундаг улс төрийн хүчнийг үгүй хийж дуусаж байх шиг байна. Хэрвээ би аль нэг талд нь орох юм бол Монголын ардчилалд, Ардчилсан Намдаа хор хөнөөл болно. Тиймээс болж өгвөл бидний үеийнхэн холдчихоосой. Харин өнөө цагийн залуучууд тойрч суугаад учраа олчихоосой. Тэр С.Эрдэнэ, О.Цогтгэрэл өөр хэн байна? Та нар зүгээр орхиод явчих л даа.

 

Маргаашийн эзэд, өнөөдрийн залуучууд чинь бэлэн болчихоод байна шүү дээ. Тэдэнд намаа удирдах боломжийг нь өгчих. Энэ залуус учрыг нь олоод явчихна гэдэг л байр суурьтай байна даа. 

 

Гэхдээ яах ч аргагүй хууль ёсны бүртгэл, тамга тэмдэг нь С.Эрдэнэ талдаа байгаа учраас тэр хуульгүй яваад байгаа хэсэг нөхдөд хандаж, та нар хуультай газраа очиж учраа олооч  гэж л хэлье. 

 

АН 2012-2016 онд маш сайн ажилласан гэж өөрсдийгөө дүгнэдэг. Харамсалтай нь хоёр сонгууль дарааллан ялагдлаа. Энэ бүхний шалтгаан нь юу гэж та боддог вэ?

 

Ер нь бол тэр жилүүдэд түүхэнд байгаагүй их бүтээн байгуулалт хийсэн. Маш урт зам барьсан гэх мэтээр яривал их зүйл бий. Ханцуй шамлаад ажил  хийе гэсэн сэтгэл нь үнэхээр байсан боловч бид засаглаж чадаагүй. Засаглах ур чадвар сууж чадаагүй байсан юм биш үү? Тийм л учраас дараалан ялагдаад явж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид муу ажилласандаа биш, засаглаж л чадаагүй. 

 

 Та "Бидний цөөхөн Монголчууд" төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн зорилго юу вэ? өнгөрсөн хугацаанд ямар ажил хэрэгжүүлэв? 

 

Төсөл эхэлснээс хойш 5-6 жил өнгөрчээ. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд коронавирусээс болоод хөдөлсөнгүй л дээ. Хүн хүнтэй уулзаж, айл хэсдэг төсөл учраас завсарлахаас ч өөр аргагүй. 

Ер нь бидний хийж байгаа зүйл бол энэ цагийг түүхчилж буй хэрэг. Улсын түүх, энэ цагийн түүх гэдэг чинь хувь хүн бүрийн л түүх.

Бидний сэтгэлийн гүнд хадгалагдаж байгаа бодол, санал, аав ээж, өвөг дээдсийн тухай дурсамжууд нийлж байж Монгол Улсын түүх болно. Чиний, миний, Дорж гуай, Бямбаа гуайн түүх нийлж байж Монгол улсын түүх болох учиртай.

Тиймээс би нэг их ухаан зарж, цаг хугацааг ухрааж судлахгүйгээр, өнөө цагийн Монголчуудынхаа амьдрал ахуй, байгаа орчинг нь зураглаж түүхчилж байгаа юм.

 

Хэн нэг өвөөг сайн  яриулаад авах нь чухал. Үүнийг 40, 50 жилийн дараа үзүүлэхэд л энэ цагийг хамгийн зөв ойлгуулж чадна. 10-аад хүний яриа сонсоход л тэр аймаг, сумын өнгө төрх гараад ирнэ. 

 

Бид коронавирус намжмагц АНУ-д амьдарч байгаа Монголчууд руу явахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Эхлээд зүүн эргээр дараа нь баруун эргээр нь явахаар төлөвлөж байгаа. Вашингтон хотын Монголчуудын холбоо, Монгол Улсын Гадаад Харилцааны Яамтай хамтарч “Бидний цөөхөн Монголчууд” төслийнхээ шинэ хэсгийг хэрэгжүүлэх гэж байна. 

 

Бидний ярилцсан сэдэвтэй холбоотой миний асуугаагүй, таны хэлье гэж бодсон зүйл юу байна? 

 

Бид чинь цөөхүүлээ шүү.

Цөөхүүлээ учраас бие биенийгээ хайрлаач ээ. Дэлхий даяарх Монголчуудыг будаа шиг цуглуулахад л 10 сая хүрэхгүй.

 

Дэлхийн хотуудын хүн ам нь бараг дунджаар 30, 40 сая болчихсон. Гэтэл бид улс дотроо 3-хан сая. Нэг хүний амь нас, нэг айлын гал голомт бидэнд үнэтэй. Хүн бүр хариуцлагатай, эв нэгдэлтэй байгаач ээ. 50 жилийн дараа гэхэд Монгол Улс байхгүй, Монгол хэл нь устана, Монгол хүн байдаггүй болно гэсэн Япон ч билүү Сингапурын эрдэмтдийн судалгаа байдаг. Үнэн шүү дээ. Өөрсдөө анзаараагүй байхад бидний хэл, яриан дотор Англи болон бусад орны хэл ороод ирчихсэн байгаа. Монголоороо яриад байгаа мэт боловч аль хэдийн 10, 20 үг нь гадаад үг болчихдог. Энэ чинь уусч эхэлж байгаагийн илрэл.

 

Мөн бид түүхээ нураагаад эхэллээ. Уг нь тэнд “Андлалын өргөө” байсан бол Их Эзэн хаан ба Боорчи хоёрын тухай, Монголын нууц товчооныхоо түүхийг хүүхдүүддээ яриад зогсож байх байлаа... Дэлхийн хүмүүсийг авч ирээд гайхуулж байх ёстой газар. Гэтэл бид нураагаад л хаячихлаа. Монголчууд бид цөөхүүлээ шүү гэдгийг л давтан давтан хэлье.

 

Баярлалаа, таны ажилд амжилт хүсье.

 

Sonin.mn-ынхэндээ ч баярлалаа.

 

Ярилцсан Н.Энхдэлгэр

sonin.mn