ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа өнгөрсөн долоо хоногт коронавируст халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Манай улсад өмнө нь халдварын хоёр давалгаа гарсан. Сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж байна. Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг эзлэх хувь ойролцоогоор 10 хувьтай байсан бол сүүлийн долоо хоногт 20 орчим хувьд хүрлээ. Орон нутгийн хувьд долдугаар сарын дундаас халдварын тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд шинжилгээнд эерэг эзлэх хувь маш өндөр байна. 

Нийт бүртгэгдэж байгаа тохиолдлуудын 73 хувь нь орон нутагт, 27 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа. Хүн амын хөл хөдөлгөөн огцом нэмэгдээд байна. 

Наймдугаар сарын 28-нд хийсэн тооцооллоор Улаанбаатарт дараагийн 14 хоногт өдөрт бүртгэгдэж, тохиолдлын тоо 900-аас давахаар байгаа. 

Дельта хувилбарын тандалтын хүрээнд эерэг сорьцуудад шинжилгээ хийж байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт хийсэн шинжилгээгээр 35 хувьд нь дельта хувилбар илэрсэн. 

0-17 насны хүүхдийн өвчлөл нийт өвчлөлийн 19.6 хувийг эзэлж байгаа. Есдүгээр сарын 2-ны байдлаар 43 мянган хүүхэд өвчлөөд байгаагийн 70.4 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн. Хүүхдүүдийн халдвар авах тохиолдол наймдугаар сарын дундаас нэмэгдэж байгаа бөгөөд 5-11 насны хүүхдийн өвчлөл хамгийн өндөр хувьтай байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд илэрч буй эмнэл зүйн шинж тэмдэгийн хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдахгүй байгаа. Дельта хувилбарын халдвар тархаад байгаа энэ үед хөнгөн, хүнд хүмүүсийн эзлэх хувьд өөрчлөлт ороогүй. Харин маш хүнд хүний тоо үл ялиг буурч хүндэвтэр хүний тоо ялимгүй нэмэгдсэн. 

Нас баралт халдварын өмнөх давалгаанаас хойш тогтмол буурч байсан ч дараагийн долоо хоногт ялимгүй нэмэгдэх хандлага ажиглагдаж байна" хэмээн хэллээ. 

Өвчлөл хэрхэн, ямар орчинд тархаж байна вэ?