Монгол төрийн чалх мууджээ. Дурын сайд нь хуулийн дээр гарч, УИХ-аас давсан шийдвэр гаргаад байвал ямар юмных нь чалх чадавхи байх билээ.

Энэ нь зарим сайдын гаргасан шийдвэрээс шууд харагдана. Жишээ нь, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан 2021 оны хоёрдугаар сарын 10-нд “Тусгай хамгаалалттай зарим газрын хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/45 тоот тушаал гаргажээ. Говь-Алтай, Ховд аймгийн нутагт орших Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүнгарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгон өөрчилж, Хамгаалалтын захиргааг Говь-Алтай аймгаас Ховд аймаг руу нүүлгэхэд тушаалын гол утга оршино.

Энэ шийдвэрийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, УИХ-ын 2019 оны 41 дүгээр тогтоолыг гол үндэслэл болгон гаргажээ. 

УИХ 2019 оны тавдугаар сарын 2-нд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 41 дүгээр тогтоолын 2.1-ээр дээр дурдагдсан тусгай хамгаалалттай нутгийн хилийг шинэчлэн тогтоож өгсөн болохоос нэрийг нь өөрчлөх асуудлыг хөндөөгүй. 

 

 

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг төрийн захиргааны төв байгууллагад олгосон. Тэгэхдээ бүрэн эрхийн тухай асуудлыг “Төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” гэдгээр хязгаарладгийг эрхэм сайд ойлгосонгүй юу, ойлгосон ч санаатайгаар зөрчив үү? 

 

 

 

ГИДЦГ-ын нэр хаяг, байршлыг анх 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн 84 дүгээр тогтоолоор баталсан. Дараа нь  УИХ 1995 онд 26 дугаар тогтоол гарган дахин хэвээр баталсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн нэршлийн асуудлыг заавал УИХ-аар хэлэлцэх учиртай. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд салбарын сайд Тусгай хамгаалалтын захиргааг шилжүүлэн байрлуулах, нэр өөрчлөх зэргээр дураараа тонгочих эрх огтхон ч тусгагдаагүй байна. Ийм эрх олгочихвол төрийн бодлогын залгамж чанар оргүй болох учраас л “Төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” гэж хуулиндаа тодотгож өгчээ. 

Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газарт хамгаалалтын захиргаа байгуулах асуудлыг зохих шатны Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр шийдэх эрх Байгаль орчны сайдад ТТХГН-ийн тухай хуулиар бий. Гэхдээ энэ нь шинээр байгуулах тухай асуудал болохоос нэрийг нь өөрчлөн нэг аймгаас нөгөө рүү нүүлгэх эрх бас биш гэдэг нь хуулийн зүйл заалтаас тодорхой байна. 

 

 

 

Тэгээд ч төрийн сайд хүн аливаа шийдвэр гаргахдаа мэдээлэл судалгаанд тулгуурлаж, хууль эрхзүйн баримт бичгүүдээ сайтар мэдэж байж гаргах ёстой. Жунгари (Djungaria) нэрээр дэлхий мэддэг болсон Зүүнгарын говийн багаахан хэсэг нь манай улс болон Казахстаны өмнөд захад, ихэнх нь БНХАУ-ын нутагт байдаг гэдгийг бодолцвол “Зүүнгарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” нэршил ч бас оновчгүй санагдана. 

 

 

 

Тахийн тал бол тахийн уугуул нутаг. Өөрөөр хэлбэл, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг тахийн жинхэнэ өлгий нутаг. Тахийн ус, Тахийн тал, Тахийн гол (хожим шашны нөлөөгөөр Тахилтын гол гэдэг болсон гэж хууччуул хэлдэг), Тахийн шар нуруу гэсэн уул усны нэр нь бэлээхэн гэрч. Тахийн өвс гэдэг халуун чанартай ургамал зөвхөн тахийн талд ургадаг. Социализмын үед тахийн уугуул нутаг учраас “Тахийн тал” гэдэг хоршоолол байгуулагдаж байв. Тахийн сүрэг Гүн тамга орчмын нам дор газарт өвөлжиж, Хөвчийн нуруу, Тахилтын гол зэрэг өндөрлөг газруудад зусдаг байсан гэдэг. Энэ үнэнийг хэн ч нууж чадахгүй. Гэтэл тахь нутагшуулснаас хойш Тахийн тал гэж нэрлэдэг болсон гэх үлгэр зохиоцгоож байх. 

 

 

Байгаль орчны сайд нэн ховор амьтны тоонд ордог тахийн асуудалд нэн соргог хандаж,  харж хамгаалах үүрэгтэй хүн. Гэтэл цөм бүс, халуун буурин дээр нь байгуулагдаад олон жил болсон  байгууллагыг нь нүүлгэж холдуулах хорлонтой шийдвэр гаргаж суудаг. Яасан харалган төр, яасан мэдлэггүй, бас мэдрэмжгүй сайд вэ? 

ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны вебсайт руу ороод харахаар үндсэн зорилгоо “Монгол тахийг сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх, бие даан амьдрах чадвартай популяци бий болгох” гэж тодорхойлсон харагдана. Олон жил байрлаж, тахь үржүүлж хамгаалж байгаа Тахийн талдаа л энэ захиргаа байрлах нь хамгийн зөв гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Ийм тодорхой асуудлаар ийм мулгуу шийдвэр гаргаж, Монгол Улсын Засгийн газрын нэрийг хөөдөж, чадавхыг нь мохоож байгаа учраас Н.Уртнасанг би “Чалх сулруулагч сайд” хэмээн тодотголоо. Ерөнхий сайд, эрх баригч нам нь ийм хүнийг өмгөөлж, гаргасан шийдвэрийг нь дэмжихгүй байлгүй дээ. 

 

 

Урианхан Б.Галаарид

 

2021.09.06.

sonin.mn