Сангийн сайд Б.Жавхлан - "Есдүгээр сарын 15-ны өдөр Сангийн яамнаас Засгийн газарт ирэх оны төсөв болон дагалдах хуулиудын  төслүүдийг өргөн мэдүүлдэг. Үүний дагуу өнөөдөр 2022 оны оны төсөв болон дагалдах хуулийн төслүүдийг танилцууллаа.

Мөн Засгийн газрын хуралдаан бүрээр танилцуулж буй авлигын индексийг бууруулах ажлын хүрээнд Сангийн яамнаас төрийн худалдан авах үйл ажиллагааны үйл явц хууль журмын дагуу, цаг хугацааны хувьд хэрхэн хоцрогдолтой явж байгаа зэрэг статистик судалгааг танилцууллаа.

Мөн КОВИД-19-ийн дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл болон үзэл баримтлалын талаар танилцуулга хийлээ. 

2021 оны сүүлийн хагас, 2022 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ гэсэн төсөөлөл дунд төсвөө хийсэн. Эдийн засгаа сэргээх бодлого буюу хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардал талд шинэчлэл хийх зэрэг бодлогын шинэчлэлийг дэвшүүлж байгаа.

Дээрээс нь Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал байна. Өнгөрсөн дөрвөн жил утаатайгаа тэмцсэн бол энэ дөрвөн жил нийслэлд хэрэгжүүлэх бодлогын төв нь түгжрэл байх болно. Ирэх жилээс хөрөнгө оруулалтын ямар орон зай гарна тэрийг түгжрэлийг бууруулахад чиглүүлнэ.

Хог, цахилгаан, дулааны мөнгийг арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгасан бөгөөд үүгээр дуусгавар болгоно. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хуучин тариф руугаа бүрэн шилжинэ гэсэн үг.
Харин сайжруулсан түлшний хувьд дулааны улирлыг дуустал олгоно.

Хүүхдийн мөнгийг ирэх жил 20 мянган төгрөг буюу КОВИД-19-ийн өмнөх түвшинд буулгана гэсэн байсан ч тодотголын хүрээнд ирэх оны эхний хагаст хүүхдийн мөнгийг энэ хэвээр нь үргэлжлүүлэх болсон. Хүүхдийн мөнгөн дээр хэд хэдэн хувилбар, нөөц боломж бий. Жишээлбэл ,ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй уялдуулах буюу хүүхдүүд мөнгөө хуримтлуулах боломжоор хангах явдал. Халамжаас хөдөлмөр рүү, хуримтлал руу гэсэн бодлогоо 2022 оны төсөв дээр үргэлжлүүлнэ" гэв.