“SM медикал” гэх эмнэлэгт бэлэг эрхтний хөвч таслуулах болон хамар тэгшлэх мэс засалд зэрэг орсон 39 настай эрэгтэй нас барсан тухай бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, талийгаачийн ар гэр мэс засал хийсэн эмнэлэгт гомдолтой байгаагаа илэрхийлсэн билээ. Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэхдээ:

“Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэн улсын нэгдүгээр эмнэлэгт есдүгээр сарын 04-ний өдөр хүргэгдэн ирээд нас барсан гэх хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байна” гэв.

Тодруулбад, талийгаач нь АНУ-д амьдардаг байсан бөгөөд эх орондоо ирээд удаагүй байжээ. Түүний ах Б “Мэс засал 10.00 цагийн үед эхэлсэн. Харин 13.00 цаг өнгөрөөд эмнэлгийн зүгээс утастаж, дүүгийн минь бие огцом муудаж, УНТӨ-д яаралтай хүргэгдсэн талаар хэлсэн. Тэндээ халуун нь буухгүй, бие нь сайжрахгүй байсаар оройн 19.00 цагийн орчимд нас барсан.

Энэ үйл явдлын дараа эмч нар нь хамар тэгшлэхээс гадна эрэгтэй хүний мэс засал давхар хийлгэсэн талаар ярьсан. Энэ бидэнд маш том шок болсон. Хоёр мэс засал зэрэг хийж болдог эсэхийг хууль, хяналтын байгууллагаас тодруулмаар байна. Дүү минь ар, гэрээ авч явдаг ганц хүн нь байсан. Гурван хүү нь өнчирч үлдлээ” гэж ярьжээ.

“SM медикал” эмнэлэг “ТодББ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Харин энэ компанийн нэр дээр “Тод каннам” эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан юм. Уг эмнэлэгт нэгэн эмэгтэй өөх соруулах мэс засалд ороод мөн амь насаа алдаж байсан нь 2019 онд юм.