Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдрөөс шатахууны борлуулалтыг хэвийн горимд шилжиж байгааг мэдээлсэн.  Энэ нь ОХУ-аас 1,212 тонн БНХАУ-аас 2,750 шатахуун хүлээн авч буйтай холбоотойг албаныхан мэдээлсэн.

Өчигдөр Сүхбаатар өртөө, Замын-Үүд боомтоор хүлээн авсан 3,962 тонн АИ-92 шатахуун нь манай улсын нэг сарын хэрэглээний 10 орчим хувь юм. Өөрөөр хэлбэл урд, хойд хөршөөс өчигдөр татаж авсан шатахуунаар гурав хоногийн хэрэглээгээ хангах нь.

Манай улс нийт шатахууны хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас, үлдсэн 5 хувийг БНХАУ-аас импортоор авдаг бөгөөд сард 38-40 мянган тонн АИ-92 авто бензин хэрэглэдэг. 

Шатахууныг цаашдаа тасралтгүй татан авах ажлыг зохион байгуулах хүрээнд АМГТ-ны газрын холбогдох албан тушаалтнууд Замын-Үүд боомтод ажиллаж байгаа юм байна.