Б.Болор-Эрдэнийг АТГ-аас шалгаагүй
2021/09/29
Харилцаа холбоо мэдээлэл, технологийн газар энэ сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд “Digital Nation” арга хэмжээг зохион байгуулсан. Гэвч тус арга хэмжээ нь иргэдийг хэт бөөгнөрүүлсэн, улс даяар мөрдөж байгаа хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн гэх шүүмжлэлтэй тулсан юм.
Үүнтэй зэрэгцээд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарч эхэллээ. Уг арга хэмжээг зохион байгуулахдаа ХХМТГ нь оролцогч 100 гаруй аж ахуйн нэгжээс тус бүр 100-150 сая төгрөг авч оролцох эрх олгосон, тухайн мөнгө нь хэрхэн зарцуулагдсан нь тодорхой бус гэх шалтгаанаар шалгагдаж байж болзошгүй гэх.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас энэ талаар тодруулахад “ ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнийг Авлигатай тэмцэх газар шалгасан асуудал байхгүй. Өчигдөр хоёр газрын удирдлагууд уулзаж, иргэдийн санал гомдлыг онлайнаар шийдвэрлэх, хамгийн их авлигажсан төрийн үйлчилгээг цахимжуулах, e-Mongolia системийн талаар санал солилцсон.
ICT EXPO нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг салбарын үзэсгэлэн. Энэ жил, 15 дахь жилдээ Digital Nation нэр дор, өргөн цар хүрээг хамран зохион байгуулагдсан. Тус үзэсгэлэн улс төсвөөс ганц ч төгрөг гаргалгүй, салбарын хувийн хэвшлийн байгууллагууд ивээн тэтгэж, дэмжиж зохион байгуулж ирсэн. Тухайлбал, энэ жил дрон шоуг BRB компани зохион байгуулсан бөгөөд санхүүжилтийг нь Ард санхүүгийн нэгдэл гаргасан” гэлээ.