Олон нийтийн сүлжээнд Батмөнх Жунай гэх нэртэй фэйсбүүк хаягаас “Цагдаагийн ерөнхий газраас 2021 оны аравдугаар сарын 5, 6-ны өдөр оруулсан постны талаар өөрөөс чинь мэдүүлэг авах хэрэгтэй байна” гэдэг чатыг иргэд рүү бичсэн талаар цацагдах болов.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад Цагдаагийн ерөнхий газраас фэйсбүүк чатаар мэдүүлэг авдаггүй гэдгийг хэлсэн юм.

Тэрбээр “Цахим орчинд цацагдсан фэйсбүүк хаягийн чат хуурамч юм. Цагдаагийн ерөнхий газраас хүний фэйсбүүк хаяг руу чат бичиж, мэдүүлэг авдаггүй. Хэн нэгэн хүн фэйсбүүк хуудасны зургаа сольж, ийм утгатай чат бичих боломжтой. Ер нь зөрчил хянан шийдвэрлэхдээ орон нутагт иргэдийг фэйсбүүк чатаар нь дуудахгүй. Олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл цацагдсан байна” гэв.