Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт илгээх ил захидал

Геологийн хайгуулын ажлыг шинэ шатанд гаргаж, геологичиддоо урам хайрлая! “Хүн байгалаас хишиг горьдож суух биш түүнийг булааж авах ёстой” гэсэн сургаалийг нэгэн эрдэмтэн судлаач хэлсэн байдаг билээ. Энэ сургаалийн булаах гэдэг үг өнөө үед тааламжгүй байж мэдэх юм.

Гэлээ ч байгалийн хишгийг зүгээр биширч суугаад хүртэхгүй нь хэнд ч ойлгомжтой. Оюун бодлоо уралдуулж, хөдөлмөрлөж, хөрөнгө хүч гаргаж байж сая үр шимийг нь хүртэж байдгийг хүн төрөлхтний түүх гэрчилнэ.

Өнөө цагт Монгол түмэн маань байгалийн баялгаа (хишиг) хүртэж амьдарцгааж байгааг сүүлийн 30 жилийн түүх яруу тодоор харуулж байгааг хэн ч үгүйсгэхгүй. Байгальд тархаж хуримтлагдсан эрдэс баялгаа (эрдсийн түүхий эд) дотооддоо ашиглахын зэрэгцээ гадаад зах зээлд борлуулж байж л Монгол орон оршин тогтож байгааг дээр, дооргүй ойлгох биз ээ.

Бидний өнөөдрийн амьдралыг тэтгэж, тэнхрүүлж байгаа эрдэс баялгийн орд газруудыг өмнөх нийгэм буюу социализмын үед геологич (газрын баялгийг судлаач шинжээч) хүмүүс л олж илрүүлж, түүнийгээ хайгуулын олон үе шатны ажлаар нөөцийг баталгаажуулж тогтоосон гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Геологичдын нөр их хөдөлмөрөөр нээгдсэн томоохон ордуудыг энд дурьдвал Эрдэнэтийн овоо, Тавантолгой, Багануур, Оюутолгой, Цагаан Суварга, Хармагтай, Шивээ-Овоо, Нарийн Сухайт, Бор-Өндөр, Заамарын район... Геологийн судалгаа нь эрэл хайгуул шинжлэх ухааны олон салбарын үр дүн ололт дээр түшиглэн, хийгддэгээрээ онцлогтой. Тэр онцлогийг дагаж геологичид ч гэсэн тэр шинжлэх ухааны нэрийг дагуулж явдаг. Тухайлбал, геофизикч, гео-морфологич, геохимич, гидро-геологич, биогеохимич гэх мэт.

 

 

 

Геологичид ч гэсэн дээрхи чиглэлээр мэргэшсэн байх бөгөөд аливаа эрдсийн орд, илрэлийг цогц байдлаар судлаж тус бүрийн чиглэлээр эцсийн дүгнэлтүүдийг тодорхойлж өгдөг онцлогтой.

 

 

Геологичид нээсэн, судалсан бүхнээ өөрсдөдөө ашиг хардаггүй улс, орондоо л өгдөг. Эрдэнэтийн овоогоор овоглосон Төрийн шагналт геологич Г.Сандуйжав, Л.Мягмар нар Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн эзэн болоогүй, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу дахиад нэг Эрдэнэт шиг орд нээх юмсан гээд л алхаа бариад, хээрийн цүнхээ үүрээд геологийн судалгаандаа ажиллаж байсан даа.

 

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Мөнхтогоо Өмнөд Монголын нутаг дэвсгэрт нүүрсний олон ордын хайгуул хийж, ашиглалтанд шилжүүлсэн ч өөрөө нэг ч ордын эзэн болоогүй л байна.

 

Өнөөдөр Монголын ард түмэн цар тахлын өвчинд нэрвэгдэж, улс даяараа л маш хүнд байдалд, ёстой л мостонд орсон бөхтэй адил байна. Энэ хүнд байдлыг даван туулахад нөгөө л заримд нь ад шоо үзэгдэж хэл ам дагуулж байдаг уул уурхайн үйлдвэрүүд аминд нь орж байх шив дээ. Энэ ач тусыг Засгийн газар, түүний дотор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ард түмэндээ зөв ойлгуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ эрдэс баялийг нээн илрүүлж уурхай байгуулах бүх нөхцлийг бүрдүүлж өгдөг геологичидоо мартаж болохгүй шүү!

Сүүлийн үед мартахааргүй үйлс бүтээсэн геологичидынхоо ариун цагаан хөдөлмөрийг урам хайрлаж эрэл хайгуулын ажлыг далайцтай өрнүүлж, идэвхтэй ажиллах эрх зүйн орчинг ойрын хугацаанд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт заалт оруулж шийдэх боломжтой. Өнөө үед геологи хайгуулын ажлыг орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллага (сум, баг) маш дурамжхан хүлээн авч ихэнх тохиолдолд ажлыг хийлгэхгүй, хөөж туух, дарамт шахалт үзүүлж байгаа нь ердийн үзэгдэл болсон байна. Ийм өрөөсгөл хандлага нь геологичдын ажилд ноцтой хохирол учруулж байна.

 

 

 

Энэ зохисгүй байдлыг таслан зогсоож, геологи хайгуулын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах цаг болоод байна. Геологичдын нэр хүнд унаж байгаа тухай Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай нэг уулзалт дээр ярихдаа “Дээр үед (социализмын үе) нутгийн ард иргэд гөологийнхон ирлээ гэхээр ихэд сонирхон, “Манай нутагт ямар баялаг байна вэ ?” гээд л өөрсдийн сонирхсон эрдэс чулууны хэлтэрхий хүртэл барьж ирээд асууж лавлаж, шинжилж судлаж өгөөрэй гээд л олзуурхаж байдаг байлаа. Тэгсэн чинь одоо цагт геологичдыг бараг л хөөж туух холгүй байна” гэж хэлж байсан нь санагдаж байна. Харин сүүлийн үед буюу 2020 онд олзуурхууштай чухал үйл ажиллагаа өрнөж байгааг харахад бахархууштай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар батлагдан гарсан “Алсын хараа 2050” хөтөлбөр нь гөологи, уул уурхай төдийгүй Монгол Улсыг хөгжүүлэх цогц бодлого юм. Уг хөтөлбөрийн 4.2.5-д “Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ” гэж заасан байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба хамтарч нарийвчилж тодотгосон төлөвлөгөө гарган түүнийгээ мөрдөж ажиллахыг уриалж байна.

Монголын геологийн салбарын чадварлаг мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжүүд нэгдэж Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийг байгуулсныг цаг үеэ олсон томоохон үйл хэрэг болсон гэж өвгөн би олзуурхаж явдаг. Энэхүү мэргэжлийн байгууллагатай төр засаг хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

 

 

Ахмад геологич Хөтгөрийн ДАГВАДОРЖ