--- Ахиад л Ц.Анандбазар гишүүний санаачилсан төсөл ---

Н.ТҮВШИНБАТ

“Богд Зонхова бурхан шашны цогцолбор”-ыг төсвийн хөрөнгөөр барих гэж байгаад иргэд дургүйцлээ илэрхийлсээр байна. Тэр дундаа цогцолборын төсөвт өртөг 5.5 тэрбум төгрөгөөс 32.4 тэрбум төгрөг болж өссөн нь иргэдийн бухимдлыг бүр ч их төрүүлэв. Энэ тухай яригдаж хэлэхэд Соёлын сайдын төсвийн багцад суусан гэдэг утгаар Соёлын сайд гэмтэн болж хэдэн өдрийн турш “шүршүүлэв”.

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Богд Зонховын хөшөөг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад сая өртгийг 27 тэрбумаар нэмжээ гээд өмнөх Засгийн газар, над руу бухаж байх шиг. Гүтгэлэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхова огт байгаагүй, УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн. ТБХ өртөг нэмээгүй гэдгийг хэлье” хэмээн өөрийн твиттер хуудсаар жиргэснээр өнөөх сэм сугарч үлдэх шахсан гурван гишүүний эрэлд бүх нийтээр гарлаа. Дээрээс нь Ч.Номин сайд “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн юм. Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд Зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.” хэмээн өөрийн олон нийтийн хуудсаар мэдэгдсэн. 

Үүний дараа иргэд хийгээд хэвлэл мэдээллийнхэн цар тахлын хүнд үед хөшөө барихаар 2020 онд санаачлага гаргаад зогсохгүй төсөвт шургуулж, батлуулаад амжсан “хэргийн эзэн”-ийг ухаж, улайлгахаар зүтгэв. УИХ-ын гишүүдийн хувьд Засгийн газраас оруулж ирсэн төсөв хэмээн зүтгэж, харин Засгийн газар нэг ч төгрөг төсвөөс зарцуулаагүй хэмээн гүрийв.

УИХ-ын гишүүн С.Чинзоригийн хэлснээр 2021 оны төсөвт энэхүү төслийг суулгаж, 7 тэрбум гаруй төгрөгийн ажил нэгэнт хийгдсэн байсан учраас эхлүүлсэн ажлыг дуусгах нь зүйтэй гэж үзээд эрхэм гишүүд 27 тэрбум төгрөг нэмж баталсан бололтой. Гэхдээ тэрээр энэ бол Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөлд байсан хэмээн Засгийн газрыг буруутгасан.Гэтэл Засгийн газрын “жасын нярав” Б.Жавхлан сайд “2021 оны төсвийг 2020 онд хэлэлцэх үеэр УИХ-ын нэр бүхий гишүүдийн санал гарч, энэ нь УИХ дээр дэмжигдээд 2021 оны төсөв дээр төсөл болж анх суусан. Засгийн газраас бус УИХ дээр санал орж ирсэн. Засгийн газраас санал оруулаагүй.  2021 оны төсөвт 5.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл суулгасан. Гэхдээ энэ жил санхүүжих дүн нь 1,5 тэрбум төгрөг ч тендер зарлагдаагүй учраас нэг ч төгрөг төсвөөс гараагүй. Харин яагаад төсөв нь нэмэгдэв гэхээр БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төсвөөс хянаад нэгдүгээрт, барилгын материалын үнэ нэмэгдсэн, хоёрт ажлын хүрээ нэмэгдсэн учраас төсөвт өртөг нь 32 тэрбум болсон ” гэсэн юм.

Угаасаа хуулийн дагуу бол нэг ч төгрөг зарцуулахгүй нь ойлгомжтой. Учир нь, төслийг гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаагүй гэдгийг Сангийн яам ч, Соёлын яам ч баталж буй. Харин ч энэ төслийг санхүүжүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Гэтэл барилгын ажил аль хэдийнэ гялалзчихсан байдаг. Ямар хүн өөрийн халааснаас хөрөнгө гаргаад ийм бүтээн байгуулалтыг эхлүүлэв гэдэг нь хэн бүхний сонирхлыг татах нь ойлгомжтой.2019 оны 12 дугаар сард Богд Зоховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ой болж, Гандантэгчилэн хийд болоод шашны үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа хийсэн байдаг. Тооцож үзвэл энэ үйл явдлаас үүдэн “Богд Зонхова” цогцолборын санаа цухалзсан бололтой. Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эхэлж байсан энэ төсөл ковидын хатуу шуургатай таарч, улсын төсөвт шургалах боломж эрж, эцэст нь “сүсэг бишрэлт” хэдэн гишүүнийг лоббиджээ гэж харахаар. Хамгийн гол нь төсөл эхэлчихсэн хойно төсвийн хуулинд суулгачихсан нь төсвөөс хулгайлах боломж УИХ-ын гишүүдэд байдгийн том баталгаа боллоо.

 

Төслийг санаачлагч  эзэн хэн байв

Юутай ч төсвийн захирагч Соёлын сайд нь энэ төслийг санхүүжүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, бүрэн эрхийн дагуу Засгийн газрын хуралдаанд оруулах болов. Хуульд суулгасан төслөө манайх биш хэмээн гүрийснээс харахад өөрийнх нь өвөрт шургалсан эзэнгүй төслийг УИХ-д анзааралгүй оруулсныг УИХ-ын 76 гишүүн бас л анзааралгүй баталчихсан болж таарав уу. Бүхэл л бүтэн 32 тэрбум төгрөгийг 76 хүн харахгүй өнгөрсөөн гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Тэдний хувьд 300 сая төгрөгийг тоохгүй өнгөрч болох ч 32 тэрбумыг бол ёстой үгүй.

Хачирхалтай нь, төсөв нь батлагдаагүй санхүүжилт нь ороогүй байхад төслийн ажил эхэлж, цогцолборын суурь барилга баригдаад, чамгүй бүтээн байгуулалт өрнөсөн байдаг. Энэ талаар сурвалжлахаар  цогцолборын ажил эхлэхээр товлосон Тасганы овоог зорьсон юм.Өндөр хашааны завсраар “Хэнийг ч битгий оруулаарай гэсэн. Одоогоор барилгын ажил зогсчихсон.” гэж хашгирах хамгаалалтын ажилтнаас өөр хүн ч байсангүй. Хамгаалалтын ажилтанд юу ч битгий хэл гэж хатуу үүрэгдсэн аж. Ямар компани барьж байгаа, юуны барилга гэдгийг ч мэдэхгүй, манаж суугаа гэнэ. Бүр харж байгаа барилгын компанийхаа оффис, холбоо барих утсыг ч мэдэхгүй гэж байна. Ингээд барилга бас эзэнгүй болчихов.

Тасганы овоонд байрлах аж ахуйн нэгжүүдээс энэ талаар асуухад УИХ-ын гишүүн Ц.Анандбазар шав тавьж тууз хайчилсан тухай ярьж байв. Гэтэл Ц.Анандбазар гишүүний ажлын албанаас уг асуудалд холбоогүй гэдгээ мэдэгдсэн. Мэдэгдэлд “Сошиал сүлжээнд “Богд Зонхова” төслийн 32.4 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гаргаж батлуулсан гэх ташаа мэдээлэл түгж буйг залруулах нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү саналыг гишүүн Ц.Анандбазар гаргаагүй гэдгийг Ажлын албаны зүгээс батлан мэдэгдэж байна. Бид шашин, буян, номын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарвал хувийн зардлаар асуудлыг шийдвэрлэсээр ирсэн билээ. Энэ цаг үед УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь Булган аймагт түүхэн, Эрдэнэ дайчин вангийн хүрээний Их цагаан суваргыг дахин бүтээн байгуулах ажлыг хувийн хөрөнгөөр эхлүүлсэн учир нэгэн зэрэг ижил төстэй төсөлд гар, бие оролцох боломж, нөхцөл байхгүй. Иргэдийн хяналт сайжирч төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой, үр дүнтэй болгох асуудалд анхаарч буйг сайшаан хүлээн авч байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ажлын алба” гэжээ.

Яг л “гэмт хүн гэлбэлзэнэ” гэдэг шиг хамтрагчдаасаа хамгийн түрүүнд нүүр буруулав. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө ч гэж үг бий. Ц.Анандбазарын “би ямар ч хамаагүй” гэх мэдэгдлийн дараахан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 5.5 тэрбум төгрөгөөр барихаар санаачилсан гишүүдийн нэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Анх санаачилсан гурван гишүүний нэг нь та, нөгөө гишүүд нь хэн юм бэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Би 5.5 тэрбумаар барихаар санаачилсан гишүүдийн нэг нь мөн, харин хамт санаачилсан гишүүдээ санахгүй байна” гэж ухаан санаа нь орон гаран хүн шиг юм ярьж мэлзэж үзсэн. Тэрбээр санаачилсан гишүүн ч гэлээ 5.5 тэрбум төгрөгийг 32 тэрбум болгох талаар ямар ч санал өгөөгүй тухайн үнийн дүнг хэн өсгөж оруулсныг Сангийн яам, Соёлын яамнаасаа асуу гэв. Гэсэн ч эцэст нь гишүүн Ш.Адьшаа Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нарыг хамтрагчдаа хэмээн хэлсэн.

УИХ-ын гишүүдийн ирцийг таслалтаар тэргүүлсэн Ц.Анандбазар гишүүний хувьд хэчнээн мэлзсэн ч Ковидын үеийн төсвийн хамгийн үрэлгэн, ашиггүй хоёр ч төсөлтэй нэр холбогдоод авлаа. Мордохын хазгай гэгчээр...Эцэст тэрээр санаачилж, гарын үсэг зурсан гурвын нэг гэдгээ хүлээсэн. Юутай ч таван тэрбум байснаа 27 тэрбумаар өсгөсөн энэ төслийн хөрөнгө оруулалтыг төсвийн хуулинд оруулж батлуулсан “гэм”-ийг Сангийн яам нь УИХ руу, УИХ нь Засгийн газар руу тохсоор эцэстээ төслийг хэрэгжүүлэхээргүй болов бололтой. Сайн тал нь төсвийг иргэд томруулдаг шилээр харж, төрийн булхайг илрүүлж чадав.

Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчид 2022 оны төсөвт бүхлээр нь эсвэл хэсэгчлэн хориг тавих гэсэн сонголтыг л үлдээлээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН