АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 60 сая давлаа гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлжээ. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 60 062 077 хүн халдвар авч, 837 504 хүн халдварын улмаас нас барсан байна. 

2021 оны 12 дугаар сараас хойш АНУ-д өдөрт халдварын 100 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Олон сая хүн төрөл садан, найз нөхдийнхөөрөө зочилдог Талархлын баярын дараа (11 дүгээр сарын 25) өвчлөл нэмэгдэж эхэлжээ.

 

АНУ-д коронавирусний “омикрон” хувилбар давамгайлж, халдварын тохиолдлын дөрөвний гурвыг эзлэх болсон талаар Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд мэдээлсэн. Зарим муж улсад, тухайлбал, зүүн өмнөд болон баруун хойд нутагт “омикрон” хувилбараар халдварласан хүмүүсийн эзлэх хувь 90 хувиас давсан байна.

Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, дэлхий даяар коронавирусний халдварын 306.6 сая тохиолдол бүртгэгдэж, 5.4 сая хүн нас баржээ. Эдгээр үзүүлэлтээр АНУ нэгдүгээрт жагссан хэвээр байна.

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг