Г.Эрдэнэбат: Хууль, шүүхийн гол шийдвэр гаргагчид шинэчлэлээ мэддэг ч албан тушаалтайгаа үлдэх гэж хуучин тогтолцоог хамгаалсаар байна
2022/01/17
УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Хоёр жилийн өмнө оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдөр Үндсэн хуулийн Цэц дээр маргаан дэгдээж эхэллээ. Нэмэлт, өөрчлөлтийг та ажигласаар ирсэн байх. Байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэхээсээ засаглалын тэнцвэр алдагдсаны хямрал үргэлжилж, эрх мэдлээ өөртөө төвлөрүүлэх гэсэн засаглалын институци хоорондын тэмцэл үргэлжилж байна л гэж харж байна. Үндсэн хуулийн эрх зүйд байдаг нэг чухал зарчим бий. “Checks and Balance” буюу хяналт болон тэнцвэр гэх зарчим.
Эрх мэдэл өгвөл нөгөөгөөр хянуулж хязгаарлуулдаг. Тэр зарчмаар хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, хуулийг хамгаалж хууль ёсны юу, хууль бус уу гэдгийг шүүх эрх мэдэлд хуваахаас энэ зарчим эхэлдэг. Энэ хүрээнд нь манайх эрх мэдэл хуваарилах зарчим гэж мэддэг.
Цаашлаад зөвхөн энэ зарчмын хүрээнд биш бүх эрх мэдэл хэрэгжүүлэгчийн хүрээнд яригдах ёстой дүрэм юм. Жишээлбэл, хэн нэгэн хууль сахиулах эрх мэдэл авсан бол түүнийгээ зөв хэрэгжүүлж байна уу гэдгийг хянах, хүчээ иргэнд гаргах уу, үгүй юү гэдгийг зөвшөөрөх эрх мэдлийг өөр хэн нэгэнд өгдөг. Цагдаа хууль сахиулах ажлаа гардан хийх эрх мэдэлтэй бол прокурор хянаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх зөвшөөрөл өгч байгааг хэлж байна гэсэн үг.
Жамаараа ямар нэгэн эрх мэдэл авсан этгээд заавал тэрийг хяналтгүй, бүрэн утгаар нь эдлэхийг л хүсдэг. Тэр л зарчмаар гүйцэтгэх эрх мэдлийг авсан хүн хяналтгүйгээр Засгийн газраа бүрдүүлэх эрхээ авсан. Ингэхдээ өөрт нь хяналт тавих эрх мэдэлтэй УИХ-аас бүрэн тусгаарлах зорилгоор давхар дээлээ тайлсан.
Тэгэхгүй бол давхар дээлтэй сайд гишүүнээрээ дамжуулаад УИХ-ынхаа хяналтад байх биш УИХ-аа хянаад байсан. Одоо харин дөрвөн сайдаас бусад нь үндсэндээ УИХ-д хүртээлгүй нөхөд учраас УИХ-аа хянаад, шүүмжлээд унахаар нэг тогоонд багтаж хянуулахгүй баймаар байгаа байх л даа. Хэдхэн жилийн өмнө давхар дээлээс болж Монгол Улс муу муухай боллоо гээд талбай дээр дээл давхарлаад зогсож байсан улс ингэх нь даажинтай л юм даа.
-Т.Доржханд нарын гишүүд давхар дээлийг эсэргүүцэж саяхан л жагсаж байсан. Өнөөдөр харин эсрэг байр суурьтайгаар Цэцэд хандаад байна?
-Одоо бүр давхар дээлийг хөндөж буй үйл явц нь хуулийн маргаан дагуулчихлаа. Бодвол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дахин барьж авсан буруутан болохгүйн тулд ингэж Цэцээр гал бариулж байх шиг байна. Үндсэн хуулийнхаа заалтыг зөрчсөн эсэхийг дүгнэх ёстой Үндсэн хуулийн Цэцэд жинхэнэ Үндсэн хуулиа зөрчих үйл ажиллагаа ирж байх шиг байна даа.
-Цэц бол маргаан үүсгэхээр болчихлоо. Хуулиар зөрчөөд эхэлчихэв үү?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 4-д "Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна" гээд заачихсан. Тэгэхээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт маань бусад заалтынхаа нэгэн адил хүчинтэй байна.
Гэтэл нөгөө Үндсэн хуулийн маань 66 дугаар зүйлд Цэц ямар ямар эрх зүйн актаар Үндсэн хууль зөрчсөн үгүйг хянаж шийдвэрлэх талаар заасан. Тэр нь хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн шийдвэр гэхчлэн тун тодорхой нэр заачихсан шийдвэр үйл ажиллагаа байдаг. Гэхдээ энэ жагсаалт дотор Үндсэн хууль өөрөө байхгүй.
-ЦЕГ-ын даргын 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг өнөө үед хэрэглэх нь зохистой байна гэсэн яриа хууль, шүүхийнхний дунд өнөөдрийг хүртэл яригдаж байгаа. ЦЕГ-ын даргын энэ байр суурь хүний эрхийг хамгаалах зарчмаас ухарсан алхам боллоо гэж тэд үзэж байна. Тэр үеийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн гол үзэл баримтлал нь юу байсан юм бэ?
-Цагдаажсан төр гэж ойлголт бий. Нийгмийн аливаа асуудлыг цагдаагийн хүчээр, цагдаагийн ажилладаг арга хэрэгслээр шийддэг дэглэмтэй улс орныг цагдаажсан төр, цагдаагийн дэглэмтэй улс гэж нэрийддэг. 1990 оныг хүртэл манайд төдий олон хууль байсангүй. Аливаа асуудлыг нам бодлогоор шийддэг, тодорхой асуудал бэрхшээл үүсэхээр нэг бол намын хороогоор, нөгөө бол эрүүгийн журмаар шийддэг дэглэмтэй байсан. Энэ үеийн Эрүүгийн байцаан шийтгэх хууль шүү дээ. Асуудал үндсэндээ цагдаагийн түвшинд шийдэгдчихдэг, цагдаагийн байгууллага, албан тушаалтан дээр гол эрх мэдэл төвлөрчихсөн тийм л эрх зүйн орчин байсан.
1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зорилт нь л гэхэд "Социалист хууль ёсыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг гарах үндсийг таслан зогсоох, иргэдээс БНМАУ-ын хуулийг хэлбэрэлтгүй биелүүлэх, хамтын аж байдлын социалист хэв журмыг хүндэтгэн үзэх үзлээр хүмүүжүүлэх явдал" шүү дээ.
Энэ үзэл хандлагадаа зориулж л байцааж мөрдөх, хэлбэр төдий өмгөөлөгч оролцуулж байгаад социализмын үзэл санаандаа нийцүүлж хэргийг шийддэг тогтолцоог хүсэмжилнэ гэдэг юу болж таарах вэ?
-Өнөөдөр бол хүний эрхийг дээдэлдэг ардчилсан оронд бид амьдарч байна. Гэтэл өмнөх нийгмийн үеийн сэтгэлгээ манай хууль, шүүхийнхнээс салахгүй байна уу даа. Жишээ нь, хэрэг шүүх дээрээс буцдаг явдал хавтгайрчихлаа?
-Шүүхээс хэрэг буцдаг асуудлыг болиулах талаар бид удаа дараагийн оролдлого хийж байна. Ер нь манай шүүх эрх мэдлийн салбарт шинэчлэл хамгийн удаан явагдаж, амьдарч байгаа нийгэм орчноосоо хоцрогдсон хуульчтай, хууль сахиулагчтай нажидаа эдэлсээр удлаа даа.
Хуулийг уншиж ойлгох, тайлбарлаж хэрэгжүүлэх гэхээр ерөөсөө эрх зүй, шударга ёсны талаарх сургуульд сурч байх үеийнх нь социалист гэх үү, хоцрогдсон гэх үү хуучин ойлголт, хандлага нөлөөлөх нь ч байна. Хууль ямар зорилготой зохицуулалт хийснийг мэдэж буй атлаа хувийн ашиг сонирхол, даргын хүсэл таашаалд нийцүүлж хууль завхруулдаг ёс зүйн завхрал ч байна. Хуулиа шинэчлээд байхад л гуйвуулж завхруулж тайлбарлаж байгаад, заримдаа гөрдөж гөлийж байгаад шинэчлэлийг үзэл санааг ч, бүр хуульчилчихсан шаардлагыг уландаа гишгэж, хууль завхруулсаар байгаад шүүхийн шинэчлэлийг үгүйсгэхчихлээ шүү дээ.
-Уг нь шүүхийн орчин нөхцөл, нийгмийн хангамжаас эхлээд сайжраад байгаа гэж харж байгаа. Гэвч хуулийн завхрал байсаар байна гэдэг улс төрийн нөлөөлөл тасрахгүй байна гэсэн үг үү?
-Улс төрийн нөлөө ч байна, шинэчлэлийн дутуу ч байна. Хүний хөгжлийн асуудал ч байна.
-Тэгвэл шийдэл нь юу байх ёстой юм бэ. Шинэчлэл гэж олон жил ярьж ирсний үр дүн энэ л гэж үү?
-Гүйцэд хийх ёстой биз дээ. Бид шүүх эрх мэдлийн тогтолцооны шинэчлэл хийнэ гэчихээд шүүхтэйгээ л ноцолдоод байдаг. Гэтэл энэ тогтолцооныхоо бусад хэсгийг хаячихаад байна. Прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр, өмгөөлөл бүгд шинэчлэгдээгүй байгаа шүү дээ.
Прокурор, өмгөөлөгч, шүүгч гурвын ажиллах эрх зүйн орчин болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиа боловсруулж байхаас л авахуулаад баахан эсэргүүцэгчид гарч ирсэн. Тэд хуучин ойлголт хандлагаараа шүүмжилж, урагшаа хоёр алхсаныг буцааж хойш нэг алхам ухраагаад хагас дутуу болгоод хаячихсан. Одоо тэгээд нөгөө тахир дутуу тогтолцоонд арай чүү ажиллаж байгаа шүүгч прокурор мөрдөгчөө зүхээд, өмгөөлөгчөө хэнд ч хэрэггүй амьтнаар цоллоод л суугаа шүү дээ. Шүүх эрх мэдлийн салбарын шинэчлэл гэдэг зөвхөн шүүгч солихын нэр биш.
Шүүхэд хэрэг аваачдаг прокурорыг, прокурорт хэрэг боож өгдөг мөрдөгчийг шинэчлэхийг бас хэлнэ. Иргэн, захиргааны хэрэгт ч тэр, эрүүгийн шүүн таслах ажиллагаанд ч тэр амин чухал оролцогч болсон өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхой болгож иргэний төлөө ажилладаг өмгөөлөгчийг эрх мэдэлжүүлэхгүй ч хяналт тэнцвэр гээч юмны чухал тоглогч болгож байж л бид шүүх эрх мэдлийн салбараа шинэчилсэн гэж ярих ёстой.
Бид шинэчлэл гэж олон жил ярьсан нь үнэн. Шийдэл гарцаа ч ярьсан нь үнэн. Тэгэхдээ тэрийгээ 100 хувь хийчихээд буруудаад байгаа гэвэл үгүй шүү. Бүгдийг нь хийгээгүй, хийлгээгүй
-Зөв зөв. Жишээ нь, та бол прокурор байсан хүн. Прокурорын цалин хангамж шүүгчтэй зэрэгцэж ирэх ёстой гэсэн хүлээлт байдаг. Нөгөө талаар прокурорууд тангарагаа мөрдөж байна уу гэж эргэлзэхэд хүргэх явдал бишгүй л яригддаг. Энэ салбар яаж шинэчлэгдэх ёстой юм бэ?
-Прокурор эн тэргүүнд даргаасаа хараат бус болох ёстой. Прокурорын шийдвэр, үйл ажиллагаа шүүхэд хянагддаг байх ёстой. Ийм болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийг түмэн янзаар өөлж гоочилсоор хийлгээгүй.
-Шинэчлэл хүсдэггүй нэг хэсэг байсаар байна, тийм үү. Тэр гацаагчдад ямар сонирхол байгаад байна вэ?
-Зарим хүнийг ойлгоно. Сурсан мэдсэн, ажлын туршлагаар бат итгэл үнэмшил болгочихсон тогтолцоог нь өөрчилж буйг эсэргүүцэж байгааг нь. Зарим нь яахав дээ гэж хүлээн зөвшөөрдөг, өөрчлөлтийг ойлгож байгаа ч хуучин уламжлалт юмаараа байвал өөрт нь амар ойлгомжтой. Сэлж сурсан цөөрөм нь учир түүгээрээ үлдээх сонирхолтой.
Харин заримыг нь буруутгаж үздэг. Одоо байгаа албан тушаал эрх мэдлээ хэрэгжүүлэхэд нь энэ хаалттай тогтолцоо, хяналтгүй эрх мэдэл ашигтай учраас хуучнаар нь байлгая гээд гүйгээд байгааг. Хамгийн сүүлийн хэсэг хамгийн хортой нь. Тэд бол шинэчлэл, шударга ёс ярьж байгаад дундуур нь яг эсрэг зүйл хийгээд өөртөө ашиг хонжоо олж байгаа хэсэг. Эхний бүлэгт ахмад гэлтгүй хуучны школтой анхан шатны хуульчид, хууль сахиулагчид орж байхад дараагийн хэсэгт голдуу дунд түвшний шийдвэр гаргагчид байх шиг. Харин буруутгагдах ёстой хэсэг бол манай хууль, шүүхийн гол шийдвэр гаргагчид болчихоод байна. Тэд шинэчлэлийн утга зорилгыг мэдэхийн дээдээр мэднэ, тэр шинэчлэл зайлшгүйг ч мэднэ. Гэхдээ өөрөө албан тушаалдаа байхын тулд, тэгэхэд нь нөгөө хуучны хаалттай тогтолцоо ашигтай учир хамгаалаад байгаа хэсэг юм.
-Та УИХ-ын дахь АН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж эхлээд байгаа. АН-ын хагарал хуваагдал, тэмцэл өнөөдөр ч үргэлжилж байна. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл дор нэлээд удлаа. Нэр хүндтэй прокурор байсан хүн яагаад АН-д зөвлөхөөр болов?
-Нэгдүгээрт, би одоо прокурор биш. Хоёрдугаарт, надад басчиг гэж чамгүй цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарсан шүүх эрх мэдлийн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэх боломжийг ашиглах нь өөрөө нэр хүндийн асуудал. УИХ дахь АН бүлэг гэдэг бол улс төрийн нам биш. Энд хууль тогтоох үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, батлах төрийн үйл ажиллагаа явагдаж байна.
Гуравдугаарт, илүү ч байж магад, нэг үг хэлчихье. АН-ын хагарал, тэмцэл гээд байгаа зүйл нь энэ намын шинэчлэлийн процесс л шүү дээ. Өмнө нь энэ намыг авч явж байсан, энэ намын төлөө сэтгэл чилээж явсан хүмүүс одоо ардчиллын төлөө, АН-ыг хөгжүүлэхийн төлөө яваа хүмүүс хооронд зөрчил гарч байх шиг байна.
Энэ нь яагаад найр хурим шиг байх ёстой гэж. Харин үзэл бодол үнэт зүйлийнхээ төлөө л байгаа юм бол, ер нь бодож байгаа зүйлдээ бат итгэлтэй байгаа л юм бол зөрчилдөхгүй л яав гэж. Хатиг хагаравч тогоондоо гэж үг бий. Тогоондоо хагарсан хатиг буглаа л болно биз дээ. Нэг мөсөн сайн муугаа ярилцаад, салж ховхрох нь үлдээд шинэчлэгдээд авсан нь дээр байх.