Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дэлхийн банкны суурин төлөөлөгч хатагтай Корали Геберс тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Корали Геберс Эрүүл мэндийн сайдад хандан цаг зав гарган хүлээн авч буйд талархлаа илэрхийлээд “Цахим эрүүл мэнд” төслийн ажлаар дахин уулзаж, хамтран ажиллаж ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. 

 Эрүүл мэндийн яам, Дэлхийн банктай “Цахим эрүүл мэнд”, “Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн механизмыг үнэлэх судалгаа” гэсэн хоёр чиглэлд хамтран ажилладаг. 

 Эрүүл мэндийн сайдын 2009 оны 450 дугаар тушаалаар “Цахим эрүүл мэнд” стратегийг баталж, эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаагаа салбарын сайд хэлээд, энэ төсөл нь Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрт тусгасан иргэдийн хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгох зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болж буйг онцолсон юм.

alt

 Тэрээр цааш үргэлжлүүлэн, “Цахим эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэх хоёр ч төсөл хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна. Нэг нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих үндэсний хэмжээний эрүүл мэндийн мэдээллийн системийн загварыг боловсруулан, эрүүл мэндийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, солилцох ерөнхий тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий “Цахим эрүүл мэнд”, нөгөөх нь БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд” төсөл юм. Энэ төслөөр Эрүүл мэндийн яамны харьяа 12, дүүргийн 9, аймгийн 21, хөдөөгийн 6 нэгдсэн эмнэлгийн программ хангамж, мэдээлэл технологийн дэд бүтцийг бүтээхийг зорьж байна” хэмээв.

 Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд” төслийг боловсруулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсгийг Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулан байгуулсныг ч салбарын сайд сонордуулсан. Мөн энэ төслийг амжилттай хэрэгжүүлж, үр дүнд хүргэхийн тулд хоёр талын багууд ойр ойрхон уулзаж, бүхий л асуудлаа ярилцан, ойлголцож байх нь чухал ач холбогдолтой гэдгийг дурьдаад Эрүүл мэндийн сайдын хувьд анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийллээ.

alt

Хатагтай Корали Геберс “Цахим эрүүл мэнд”-ийн тогтолцоог бүрдүүлэх хоёр төсөл хоёулаа үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар донор байгууллагуудад нарийн мэдээлэл өгөх уулзалт хийхийг хүслээ.