АРЕВА-ийн нээлттэй захидалд өгөх хариу
2014/05/25
1. “АРЕВА”-г яриа хэлэлцээрт урьж байгаагүй, харин Монголд үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байсан, одоо ч шаардаж байна.
2. Монголд Ураныг олборлох үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байгаа үндэслэл бол Ураны олборлолт нь байгаль орчин, хүн амд учруулдаг ХОРТОЙ ҮР ДАГАВАР нь асар их бөгөөд олон сая жилийн туршид үргэлжлэх МӨНХИЙН АЮУЛ-ыг дагуулдаг ХҮЧИН ЗҮЙЛ юм.
Ийм ОНЦГОЙ АЮУЛТАЙ ХҮЧИН ЗҮЙЛ үүсдэг нь Ураныг олборлож байсан Герман, Америк, Авсрали, Нигери зэрэг улсуудын нутаг дэвсгэр дээр хийсэн судалгаанууд нотолдог бөгөөд энэ тухай олон баримтат кинонууд байдаг бөгөөд зарим нутаг дэвсгэрт нь Монголчууд очиж өөрсдийн нүдээр үзэж танилцсан юм.
“АРЕВА”-д тавьж буй шаардлага хатуу болсоор байгаагийн шалтгаан бол тэдний туршилтын олборлолт явуулсан орон нутагт байгальд учирч байгаа хохирол ихсэж байгаад АРЕВА огт санаа зовохгүй, ичихгүйгээр худал ярьж буруугаа булзааруулсаар байгаа явдал юм.
Дорноговь аймгийн Дулаан уулын орчимд явуулсан Ураны туршилтын олборлолтын үр дүнд түүнийг тойрсон Улаанбадрах сумын Аргалант багийн, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутгын иргэдийн мал олноор халдварт биш өвчнөөр үхэж, малын гени өөрчлөлтөнд орж, генийн гажигтай төл төрөх, хээрийн ан амьтан ч үхэх нь олширч байгаа явдал Монголын нийт ард түмнийг цочирдуулан аймшигт автуулж байна. Энэхүү гамшигийн хүрээ өдрөөс өдөрт тэлсээр байна.
Дээрх орон нутгуудад төрсөн сохор ботго, эрүүгүй ишиг, 2 толгойтой эсвэл 8 хөлтэй хурга, 3 хөлтэй унага, амьгүй төлүүд, өдрөөс өдөрт өргөжсөөр байгаа малын халдварт биш өвчлөлүүд, малчдын эрүүл мэндийн доройтол зөвхөн энэ нутагт бий болсоныг Арева-Монгол, Кожеговь компанийн объекттой хамааруулахгүй байхын аргагүй юм.
Ураны олборлолтыг дагаж байдаг ГАМШИГ-ийг Монгол оронд нүүлгэн ирүүлж байгааг Монголын ард түмэн эрс эсэргүүцэж байна.
3. Арева “Бид байгаль орчин, нутгийн иргэдийн эрүүл мэнд болон мал, амьтдад хортой ямар ч үйл ажиллагаа эрхэлдэггүй.” гэсэн нь үнэнд огт нийцэхгүй байгаа гэдгийг тэдний 2008 онд хүртсэн “Түмний нүд” (Public eye) шагнал нь нотолдогийг бүх Дэлхий мэддэг.
Энэхүү шившигтэй, аймшигт хорлолтой үйл ажиллагаагаа Монголд дахин давтах зорилго тавьсан нь хэн ч итгэхийн аргагүй илэрхий худал үгээр нь нотлогдож байна. Тэд “2010 оны 12-р сараас 2011 оны 6-р сар хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн газар доор уусган олборлох бага хэмжээний туршилт нь байгаль орчинд маш бага нөлөөлөлтэй, мөн ямар нэг аюултай хаягдлыг ялгаруулдаггүй болно.” гэсэн нь худал хуурмагийн туйл мөн болохыг нь уг нутаг дэвсгэрт учирсан Гамшигийн баримтууд нотолсоор байна.
4. АРЕВА-гийн Монгол дэх онцгой хортой, аюултай үр дагавартай үйл ажиллагааг нь албадан зогсоох эсэх асуудал бол тэдний шийдэх асуудал огт биш. Энэ бол Монголын газар нутгийн эзэн нь болж төрж, амьдарч байгаа Монголын Ард түмний шийдэх бүрэн эрхийн асуудал юм.
5. “ЦЭГ, БОНХЯ-ны оролцоотойгоор хяналт тогтмол хийдэг”, “Монголын хууль тогтоомжийг сахин биелүүлдэг” гэсэн нь яг үнэндээ бол байгаль орчинд аюул учруулахгүй байх асуудлаар юу ч хийдэггүй гэдгээ нотолсон хэрэг юм. Яагаад гэвэл Монголд Ураны олборлолтын үед мөрдвөл зохих Технологийн норм, дүрэм, стандартын талаар огт дурьдаагүй байна.
Монголд одоогоор тийм эрх зүйн актууд огт байхгүй юм. Гадаадаас багагүй мөнгө аваад “Шаардлагатай эрх зүйн зохицуулалтын нийтлэг үндэс суурийг бий болгох”, “Үйлдвэрлэлд ашиглагдсан усны цацраг идэвхт бодис болон химийн бохирдлыг хянах хяналтын тогтолцоог бий болгох”, “Цацрагийн (альфа, бета, гамма) болон радоны хэмжээг тодорхойлох техникийн чадамжийг сайжруулах” зэрэг ажлуудыг хийхээр тусгасан “Цөмийн аюулгүй байдлыг хангах санаачилга” төслийн ажлын үр дүн нь тэгтэй тэнцүү байна. http://www.facebook.com/photo.php?fbid=906371959377223&set=a.442251302455960.122951.263100847037674&type=1&relevant_count=1
Иймд Монголын Иргэний нийгмийн байгууллагууд Монголд Ураны олборлолтыг бүрмөсөн хориглохыг Монголын Төр, засгаас, Монголд уран хайх олборлох үйл ажиллагаа эрхэлж байгаа “Түмний нүд” шагналт Арева болон бусад Ураны лиценз эзэмшигчдыг Монголоос үтэр түргэн гарахыг шаардаж байна.
“Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн”
Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл
“Гал Үндэстэн Холбоо”
“Босоо Хөх Монгол”
Гамшгийн Эсрэг Үндэсний Төв
“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл”
Грийнпийс Монгол
Арева Монгол ХХК-ийн захиргааны нээлттэй захидалд өгөх хариуны зарим тодруулга
Тус захидал нь балагт хар мөрөө далдлах гэсэн Арева компанийн арчаагүй оролдлого бөгөөд Монголд үүсээд буй онц аюултай байдлыг үгүйсгэж, бодит үнэнийг зориудаар мушгин гуйвуулсан, гэм буруугаа бусдад нялзаах гэсэн гүтгэлэг, доромжлолын шинж чанартай мэдэгдэл гэж бид үзэж байна.
Аревагийн энэхүү мэдэгдэл нь иргэний нийгмийн байгууллагуудыг худал мэдээлдэг, хүчирхийлэл, терроризмыг санаачилдаг хэмээн гүжирдэхийн сацуу хөдөөгийн малчдыг бусдын заавраар хөдөлдөг хэмээн далдуур басамжлан доромжилсон, дээрэнгүй өнгө аяс агуулжээ.
Бодит байдалд орон нутагт уран олборлолтыг эсэргүүцсэн тэмцэл улам ширүүсэж байгаа нь Монгол хүний эрүүл орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн, байгаль орчныг бохирдуулан сүйтгэсэн Арева компаний аюултай үйл ажиллагаа улам бүр эрчимжиж байгаатай холбоотой бөгөөд уран олборлолтын эсрэг тэмцэл нь амь амьжиргаа-ныхаа гол эх үүсвэр болox мал сүргээ алдаж, нутаг орноосоо хөөгдөж буй жирийн Монгол малчдын амьдралын төлөөх тэмцэл юм.
Аревагийн нэр хүндэд халдсан гэх тухайд бол буурай хөгжилтэй улс орнуудад өнөөг хүртэл үйлдсээр буй эзлэн түрэмгийлэл, хүчирхийлэл, мөлжлөг, гэмт хэрэг, луйврын тухай мэдээ баримтууд Аревагийн жинхэнэ нүүр царайг илчилдэг юм.
Арева нь Африкийн Нигер, Габон, Намиб, Конго, Габон зэрэг улс орнуудад хагас зуун жилийн туршид уран олборлохдоо асар олон хүний эрхийг хэрцгийгээр зөрчиж, тэдний газар нутгийг булаан авч, уух ус, амьдрах орчныг нь цацрагт үүрд хордуулж, олон сая энгийн номхон ард иргэдийг хууран мэхэлж, амь нас эрүүл мэндийг нь золиослон байж баяжсан атлаа нийгмийн хариуцлагаас зугатааж, гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар ирсэнд нь дэлхий нийтээрээ жигшдэг билээ.
Цөөн баримт дурьдахад, Арева компани 2008 онд байгаль орчин, Африкийн ард түмний эсрэг хамгийн их нүгэл үйлдсэн хариуцлагагүй компаниар шалгарч, “Түмний Нүд” (Public Eye) хэмээх шившигт шагналыг 2 номинацаар давхар хүртэж байсан.
2012 онд “Amis de la Terre” (“Дэлхий ээжийн үр ач нар” ) олон улсын байгууллагаас “Бохир аргаap баяжих шунал” ангилалаар Пиноккиогийн (“Далан Худалч”) тусгай шагналыг хүртсэн. Харин 2014 онд Германы Ethecon Foundation (“Эдийн засаг, ёс зүйн сан”) байгууллагаас байгаль орчны эсрэг хамгийн хэрцгий гэмт хэрэг үйлдсэн, хамгийн цадиггүй компанид олгодог “Хар Гариг” (Black Planet Award) шагналд Арева компани нэр дэвшсэнийг Монголын иргэний хөдөлгөөнийхөн дэмжиж байгааг энэ дашрамд илэрхийлье.
Аревагийн Африкт үлдээсэн хар мөр өнөөдөр ч замхраагүй бөгөөд “Sherpa” (“Шерпа”) зэрэг олон улсын хуульчдын, хүний эрхийн болон байгаль орчны төрийн бус байгууллагууд ураны уурхайчид, ард иргэдийн эрх ашгийг хамгаалан асар том ашиг сонирхол, эрх мэдэл, авилгын эсрэг тэмцсээр ирсэн.
Иймд Арева компани нь үйл ажиллагаа явуулж буй улс орнууддаа эдийн засгийн үр өгөөж авчрах нь байтугай ямар ч мөнгөөр үл хэмжигдэх өвчин зовлон, байгаль экологийн сүйрэл, олон зуун мянга, сая жилээр арилшгүй цацрагийн хор хөнөөл авчирдагийг бодитoop судалж, Монголчууддаа мэдээлэн сануулж, түгшүүрийн харангыг дэлдэх нь иргэний нийгмийнхний хүлээсэн нэн чухал үүрэг билээ.
Арева захидалдаа “иргэний нийгмийн төлөөлөлтэй ярилцахад бэлэн”, “орон нутгийн болон мэргэжлийн байгууллагуудтай тогтмол хяналт шалгалт хийдэг” хэмээн бичжээ.
Бодит байдалд Монгол улсын хуулийг уландаа гишгэдгийн наад захын жишээ гэхэд Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч Арева компанийн үйл ажиллагааг хянах нь байтугай үйлдвэрийнх нь цоожтой хашаанд ч орж чадахгүй буцаж байсныг дурдахад хангалттай юм.
Өнөөдөр Дорноговийн Улаанбадрах, Зүүнбаян сумдад Аревагийн уурхайн ойролцоо амьдардаг малчдын мал олноор өвчилж, үхэж, гажиг төл гарч байгаагийн учир шалтгааныг олж тогтооход Арева компани огт оролцохгүй байгаа төдийгүй малдаа вакцин тариулаагүйгээс болж гажиг төл гарч буй мэтээр малчдыг гүтгэж буй нь Аревагийн нийгмийн өмнө хүлээх хариуцлага, нийгмийн ухамсар ямар болохыг тодорхой харуулж байгаа юм.
Арева компани нь газрын гүн рүү хүхрийн хүчил шахаж, газрын гүн дэх олон төрлийн химийн хорт бодисуудыг уусган газрын гадаргуу дээр гаргаж, улмаар ойр орчны хөрс, ус, агаарыг бохирдуулж байгаа нь олон зуун жилийн турш байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн малчдыг нутгаас нь хөөн зайлуулж, олборлолтын талбайгаа чөлөөлж авах башир арга гэж бид үзэж байна.
Мөн хэвлэл мэдээллээр цөмийн эсрэг тэмцэгчдийг Орос Хятадын тагнуул, мөнгө шантаажилдаг хэмээн гүжирдэж, цөмийн эрчим хүч, уран олборлолтыг аюулгүй мэтээр сурталчилсан захиалгат ярилцлага нийтэлж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ хийж, сэтгүүлчдийг худалдаж авч, цөмийн эсрэг тэмцэгчдийг дарамталж, саатуулж, сүрдүүлж буй зэрэг явуургүй үйлдлүүдийн цаана Арева компани болон тэдний гар хөл бологсод байгаа нь тодорхой юм.
Саяхан Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багийнхан иргэдийн нийтийн хурлаараа тус сум, багийн нутаг дэвсгэр дээр ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гаргасан.
Монголын ард түмэнд амь нас, эд хөрөнгө, амьдрах орчноо аливаа эрсдэл, аюулаас хамгаалах эрх Монгол улсын Үндсэн Хуулиар олгогдсон. Өөрсдийн амь нас, ирээдүй хойчоо хамгаaлахын төлөө Монгол хүн бүр тууштай тэмцэхийг бид уриалан дуудаж байна.
Дорноговь аймагт нүүрлэсэн малын өвчлөлт, зулбалт, үхэл, ургийн гажгийн учир шалтгааныг иргэний нийгмийн байгууллагуудын итгэлийг даасан, олон улсын хөндлөнгийн мэргэжлийн байгууллага нарийвчлан судалж, тогтоогоогүй цагт бидэнд Арева компанитай ярилцах зүйл байхгүй.
Цаашид бид уран олборлох ямарваа үйлдлийг орон нутгийн иргэдийн хамт эрс эсэргүүцэж , таслан зогсооно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Хундганай 2014.05.20.
Зочин · 2014/05/26