Бид бол тавиад оныхон. Нас сүүдэр нь 60-70-ын хооронд хэлбэлзсэн тэтгэврийн өвгөчүүл, эмгэчүүд. Өвөө болгон Торой Банди явсангүй, Эмээ болгон мисс байсангүй гэдгээ чин үнэнээр хэлье. Бид мэдээ орж, байгалийн амьтнаас нийгмийн бодгал болж өөрчлөгдсөн.

 

Өнгөрсөн он жилүүдээ эргэн харахад Монголоороо бахархаж гоёсон Ерөнхий сайд, Ерөнхий сайдаараа бахархаж гоёсон Монгол орны хөгжил дэвшлийн цаг хугацааны хязгааргүй үргэлжлэлийн босоо шугам дээр хамтдаа яваа юм байна. Тавиад оныхны энэ бодол нь, магадгүй бидний сэтгэлийн гэнэн итгэмтгий чанар, “Чадлынхаа хэрээр ажил хийж, хүссэнийхээ хэрээр хэрэгцээний эд бараа” авах коммунизмын нийгэм байгуулах утопи үзэлд туйлширч явсан сэтгэлгээнд суурилсан байж болох талтай. Алин боловч бидний үеийн бахархал нь гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд нар байлаа. Эдгээр эрхэм нь,

 

Ю.Цэдэнбал (1974 он хүртэл)

Ж.Батмөнх (1974-1984 он)

Д.Содном (1984-1990 он)

Ш.Гунгаадорж (1990 он)

Д.Бямбасүрэн (1990-1992 он)

П.Жасрай (1992-1996 он)

М.Энхсайхан (1996-1998 он)

Ц.Элбэгдорж (1998 он)

Ж.Наранцацралт (1998-1999 он)

Р.Амаржаргал (1999-2000 он)

Н.Энхбаяр (2000-2004 он)

Ц.Элбэгдорж (2004-2006 он)

М.Энхболд (2006-2007 он)

С.Баяр (2007-2009 он)

Сү.Батболд (2009-2012 он)

Н.Алтанхуяг (2012-2014 он)

Ч.Сайханбилэг (2014-2016 он)

Ж.Эрдэнэбат (2016-2017 он)

У.Хүрэлсүх (2017-2021 он) нар.

 

Дээр дурдсан Ерөнхий сайд нарын хийсэн бүтээсэн зүйл олон байна. Хувь хүнийхээ хувьд алдаж оносон ч бас цөөнгүй. 1990 оны Ардчилсан хувьсгал ялснаас хойш 2021 оны арванхоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн иргэний эрхийн шүүхээс гэм буруугүйд тооцож цагаатгах хүртэл, Ардын аж ахуйтны хувийн өмчийг Нэгдэлжих хөдөлгөөн нэрээр булаан авсан дээрмийн ажиллагааг гол зохион байгуулагч гэж, Орос-Зөвлөлттэй хамтран ажиллах гадаад бодлого нь ганц тулгуурт өрөөсгөл хандлагатай байсан гэж нийгмээрээ буруутгаж ирсэн Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Ю.Цэдэлбалын үед аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар тодорхой амжилтад хүрсэн. Хоцрогдсон нүүдэлчин ард иргэдээ хүн төрөлхтөний хөгжлийн алхаатай ойртуулсан соёлын бодлого нь түүний үлдээсэн хамгийн том өвд тооцогддог.

Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд М.Энхсайханы тодорхойлсноор нэгэн цагт гутаагдаж явсан 24 дэх Ерөнхий сайд Н.Энхбаяр гэхэд, 2002 онд Газар хувьчлах хууль гаргахад голлох үүрэг гүйцэтгэснээр Монгол Улсад газрыг эдийн засгийн эргэлтэд оруулсан үйл явцыг эхлүүлсэн.

 

 

Манай улсын иргэн бүр гэр бүлийн хэрэгцээндээ зориулан, байршлаас хамаарсан 0.07, 0.35, 0.5 га хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр хувьчлан авах эрх нээгдсэн. Иргэд өмчилсөн газраа банк болон бусад этгээдэд барьцаалж зээл авах, худалдах, түрээслэх, арилжах замаар амьжиргаагаа дээшлүүлэх боломж, бололцоотой болсон.

 

 

2003 онд ОХУ-д төлөх Их өрийг барагдуулах хэлэлцээг гардан удирдаж зохион байгуулсан гавьяатай. Тухайн цагт 1970-1990 оны хооронд Орос-Зөвлөлтөөс манай улсын авсан зээлийн хэмжээ 11.6 тэрбум ам.доллартай тэнцэх 9.8 тэрбум шилжих рубль болсон байв. Хоёр улсын Засгийн газар уг зээлийн асуудлыг эцэслэн шийдэж чадахгүй явсаар 2003 оны эцэс хүргэсэн байлаа. Тэрбээр, Их өрийн 98 хувийг хүчингүйд тооцуулан хөнгөлүүлж, үлдсэн хоёр хувийн нэг рублийг нэг ам.доллартай тэнцэх ханшаар бодохоор Оросын талтай тохиролцож чадсан. 2003 оны арванхоёрдугаар сарын 30-нд манай тал 250 сая ам.долларын төлбөр хийснээр уг асуудалд цэг тавьсан.

 

 

Ер нь тухайн цаг үедээ Засгийн газрынх нь зориглож хийсэн ажил Ерөнхий сайдуудтай холбоотой, Д.Бямбасүрэнгийн Засгийн газраас Үнэ чөлөөлөх, Өмч хувьчлах бодлогыг хэрэгжүүлсэн, С.Баярын тэргүүлсэн МАН нь УИХ-ын 2008 ээлжит сонгуульд олонх суудал авч ялалт байгуулсан. Гэвч дангаараа засгийн эрх барих боломжоос татгалзсан.

 

 

АН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан. Ингэж улстөрчдийн санал үзэл бодлыг нэг болгон зангидаж Оюу толгой ордыг хөдөлгөсөн. Улсдаа Эрдэнэтийн дараах хоёр дахь “саалийн үнээ”-тэй болох үүд хаалгыг нээсэн гэх мэт бахархлын олон тайлбар хэлж болно.

Ерөнхий сайд нарын гүйцэтгэх засаглалын тэргүүний алба хашиж байх үеийг “Монголоороо гоёсон Ерөнхий сайд, Ерөнхий сайдаараа  гоёсон Монгол байсан” гэх үнэлгээний хэмжүүр нь цаг хугацааны машин ажээ. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсыг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр 2017 оны есдүгээр сарын 8-наас 2021 оны нэгдүгээр сарын 27-нд ажилласан. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд байхдаа УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдааны танхим, иргэд олон нийтийн жагсаал цуглаан дээр түүний хэлсэн, шударга ёсны төлөө авилга, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй хийх тэмцэлд

 

“Хэрэв би шатахгүй юм бол

Хэрэв чи шатахгүй юм бол

Хэрэв бид шатахгүй юм бол

Хэн энэ түнэр харанхуйг

Гэрэлтүүлэх юм бэ” гэж бүхнийг уриалсан.  Гэхдээ тэр одоо Ерөнхийлөгч болсон. Ерөнхийлөгчийн хувьд удахгүй үгээ хэлэх биз ээ.

 

 

Харин У.Хүрэлсүхийн ингэж яриад амжуулаагүй ажлыг 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлж байна.

 

 

Гэхдээ тэр энэ эхлүүлсэн ажлаа дуусгаж чадах уу?

 

Хөгжлийн банкнаас албан тушаалаараа зээл авсан Тавантолгойн нүүрсээс хууль бусаар ашиг олдог нөхдүүдийг олж шийтгэж дөнгөх үү?

Тавиад оныхон бид саяхан санал бодлоо энэ "сэдэв"-ээр солилцлоо.

Тэгэхэд ярьж байна , “Энэ Л.Оюун-Эрдэнэ 30 жил ургаж, дагтаршсан хогийн ургамлуудыг гахай шиг сэндийчлээ” гэж байна. Эрдэнэтийн 49, Хөгжлийн банк сэлтийг хэлж байгаа нь тэр. Цааш нь “Одоо буцаагаад булалтай биш. Энийгээ хааш нь авч хаях гээд байгаа юм, нэг ийш болгох л хэрэгтэй дээ” гэцгээв. Тэгснээ “Энэ Оюун-Эрдэнэ “Ухрахгүй” гэснээ нуугдаж магадгүй нь шүү” гэж байх юм. Яагаад тэгсэн юм гэвэл, Л.Оюун-Эрдэнэ сарын өмнө Сүхбаатарын талбай дээр гарч ирээд “Ордонд хүчин мөхөствөл олон нийтэд хандана” гэж ярьжээ. Бас өнгөрсөн баасан гаригт “Хөгжлийн банкны асуудлаар байр сууринаасаа Ухрахгүй” гэчихсэн байна. Харин тэгтэл УИХ нөгөөдүүлээ аваад үлдчихжээ. Одоогийн УИХ бол Л.Оюун-Эрдэнийн намынхан. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ “Шударга ёс” гэж ярихад хэцүү болж байгаа юм байна л даа.

 

Уг нь 2019 оны өвөл энэ залуугийн Сүхбаатарын талбай дээрээс

“Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ

Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй мөртөө

Чиний төлөө үхье гэж

 

Эх орондоо би хэлдэг” гэж цуурайтуулж байсан нь бичлэг нь хаа нэгтээ байдаг л байх даа?

 

 

 

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ерэнтэй

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин