Үндсэн хуулийн хэлэлцүүлэг-1991.11.30: Ерөнхийлөгчөөр “хайн” хагалуулаад Ерөнхийлөгчийн ч биш, парламентын ч биш замыг сонгов
2022/06/03
Сүүлийн үед хаа сайгүй засаглалын чадамжийн талаар л ярьдаг боллоо. “...Үндсэн хуульд тунхагласнаар засаглаж чадаж байгаа юу” гэх нь энүүхэнд.
Гэхдээ бодит байдал дээр аль институци гэхээсээ хэн гэдэг албан тушаатан хүчтэй байна вэ, тэр нь засаглаад байдаг болчихсон. Энэ нууц биш. Ерөөсөө л анхнаасаа буруу замаар орчихсон учраас одоо бид “шороо”-гоо үүрч буй нь энэ бололтой юм. Үүнийг саяхан хэвлэлтээс гарсан “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж”-аас олж харж болохоор байна.
... 1991 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай явах уу гэдгээ шийджээ. Тодруулбал, тэр өдөр УБХ-аас АИХ-д өргөн барьж Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг дээрх асуудлаар үргэлжилсэн.
390 дүгээр тойргийн депутат Ү.Аварзэд “...Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс шууд сонгоно. Парламентаас шууд хараат биш байдалд оруулна. Ийм байдлаар Ерөнхийлөгч Засгийн газраа удирдаж, толгойлж байх юм бол манай ард түмний сэтгэл санаанд илүү их тохирно. Нэг ёсны бүдүүлэг үгээр хэлэхэд манай улс одоо л нэг хаантай боллоо гэж ард түмэн үзнэ”, 191 дүгээр тойргийн депутат Д.Лханаасүрэн “...Би парламентын засаглалтай, Ерөнхийлөгч нь нэлээд хүчтэй, одоо байгаа энэ төсөл дээр эрх мэдлийг нь нэлээд нэмсэн ийм засаглалтай байх нь зүйтэй гэж үзэж байна”, 42 дугаар тойргийн депутат Б.Даш-Ёндон “...Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал байж болно, гэхдээ өнөөдөр цаг нь биш. Ерөнхийлөгч гэв гэнэт Засгийн газрынхаа эрхийг шүүрэн авч хутгалдаж байгаа явдал бол ноцтой алдаа. Түүнд бид урамшиж, түүнийг бид нар дууриаж болохгүй. Ерөнхийлөгчийн засаглал тогтвол ямар уршигтай тухай ярья”, 288 дугаар тойргийн депутат С.Баярцогт “...Ерөнхийлөгч нь аль талдаа давамгайлах нь ойлгогдохгүй байна. Би гол нь засаглалын асуудлаа тодорхой болгох хэрэгтэй гэж бодож байна. Ерөнхийлөгч нь миний ойлгож байгаагаар иргэнээ төлөөлөөд сайхан монгол эр гэдэг шиг төлөөллийн, бэлгэдлийн утгатай байна. Би нэг хүн дээр засаглал төвлөрөхийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм” гэсэн байр сууриудыг илэрхийлжээ.
Ийн хэлэлцэж хэлэлцэж эхлээд санал хураахад Ерөнхийлөгчийн засаглалыг 196 депутат буюу 53 хувь нь дэмжиж, 151 депутат буюу 41 хувь нь татгалзаж, 15 депутат буюу таван хувь нь түдгэлзжээ. Парламентын засаглалыг дэмжсэн цөөнх АИХ-аар Монгол Улсын засаглалын асуудлыг дахин хэлэлцэх санал гаргажээ. Ингэхэд АИХ-ын депутатуудын 291 нь буюу 77 хувь нь энэ асуудлыг дахин хэлэлцэхийг дэмжсэн байна. Тиймээс АИХ-ын чуулганаар “...Монгол Улс ямар засаглалтай байх” асуудлыг хэлэлцэхэд дийлэнх нь Ерөнхийлөгчийг засаглалыг дэмжиж олон өдөр хэлэлцжээ.
Ингээд АИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэх асуудлаар санал хураахад 186 депутат буюу 48 хувь нь дэмжиж, 186 депутат буюу 48 хувь нь татгалзаж, 13 депутат буюу дөрвөн хувь нь түдгэлзэж, санал тэнцжээ. Санал тэнцсэн тул Ерөнхийлөгчийн саналыг сонсохоор болсон байгаа юм. Тэгэхэд Ерөнхийлөгч П.Очирбат “...Эрхэм депутатууд аа. Тэгэхээр би өчигдөр бас та бүхний тавьсан асуудалд хариулахдаа өөрийнхөө саналыг хэлсэн. Тэрнээс өөр надад нэмж хэлэх зүйл алга байна. Энэ асуудлыг хэлэлцэж байгаа, хэлэлцсэн явцаас харахад ер нь манай, та бидний буруу ярьж, зөв ойлгоод байгаа парламентын засаглал байх нь зайлшгүй чухал байгаа юм. Тэгэхээр энийг бол Ерөнхийлөгчийн эрх мэдэл дээр зарим зохицуулах, зарим зүйлийг тодруулах нэмэх, ийм юм бий байх аа. Энийг бол тухайн тухайн зүйлийг хэлэлцэхдээ яриад тодруулаад явчихаж болох байх гэж бодож байна.
Тийм учраас ер нь одоо энэ эрх хуваах ямар засаглалтай төр, улс байх вэ гэдгийг шийдэхдээ парламентынх гэдэг дээр нь тогтож шийдээд, эрхийн харьцаа хуваарь тэнцвэрийн асуудлаа тодорхой дараа нь яривал яасан юм бэ гэсэн ийм саналыг дахиад хэлмээр байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр “...Монгол Улсад парламентын засаглал зайлшгүй байх ёстой” гэдгийг онцлов. АИХ-ын дарга Ж.Уртнасан “...Томьёоллыг бид өөрчлөхгүйгээр л санал хураадаг. За, саналд тэнцэж байна. Дахин санал хураалт явуулъя” гэсний дараа 16 депутат үг хэлж, “...Парламентын засаглалтай байна” гэдгээр томьёолж санал хураажээ.
Үүгээр 19:03 минутад дахин санал хураалт явуулахад Ерөнхийлөгчийн засаглалыг 238 депутат буюу 65 хувь нь дэмжиж, 117 буюу 32 хувь нь татгалзжээ. Хэлэлцүүлэг үргэлжилж, 1991 оны арванхоёрр сарын 1-нд АИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн засаглалыг 190 депутат буюу 50 хувь нь дэмжиж, 178 депутат буюу 47 хувь нь татгалзаж, 12 депутат буюу гурван хувь нь түдгэлзжээ. Улмаар арванхоёрдугаар сарын 2-ний өдрөөс АИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн бүрэн эрх, УИХ-ын тухай хэлэлцэж эхлэхэд 354 дүгээр тойргийн депутат Ш.Бороодой “...67 хувийн санал авсан Ерөнхийлөгчийн засаглалыг шийдвэрлэсний дараа бусад асуудлаа цааш хэлэлцэж эхлэх” санал дэвшүүлсэн байна. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Б.Чимид Үндсэн хуулийн зүйл бүрээр депутатуудад уншиж сонсгоход “...УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэдэг заалтыг дэмжжээ. Ер нь бол 1991 арваннэгдүгээр сарын 30-ны тэр өдөр Ерөнхийлөгч П.Очирбат “хайн” хагалсанаар Монгол Улс Ерөнхийлөгчийн ч биш, парламентын ч биш замыг сонгов. Нэг үгээр хэлбэл, олон салаа зам бараадаж, өвсөн дээгүүр давхисаар өнөөг хүрчээ.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2022/06/03
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог дээд танхимаас ёрөнхийлөгч, шүүгч, прокурор ёрөнхий сайдыг томилдог болчихвол бидэнд тохирно улс хөгжинө