Хоёр хоногийн дараа хүүхдийн баяр болно. Бяцхан хүүхдүүд баяр хэмээн хөөрч гүйдэг нь энэ л насны хамгийн гэрэл гэгээтэй мөч, дурсамжуудын нэгээхэн хэсэг.

Бид 6-р сарын 1-нийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон боловч зарим тодорхой шалтгааны улмаас 2003 оноос эргүүлэн "Хүүхдийн баяр" болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ баяр нь Эх үрсийн баяр "бус" Хүүхдийн баяр буюу Олон улсын "хүүхдийн эрх"-ийг хамгаалах өдөр.

Энэ баяраар бүхий л хүмүүс хүүхдээ баярлуулж бэлэг сэлт авч өгдөг нь бичигдээгүй хууль. Мэдээж хүүхдээ баярлуулахыг хүсэхгүй хэн байхав. Гэхдээ бидний энэ сайхан сэтгэлийг ашиг, хонжоо хайгчид тун овжиноор ашигладаг гэхэд хилсдэхгүй.

Тухайлбал, жил бүрийн л хүүхдийн баяраар мэргэжлийн хяналтын газраас хүүхдийн баяр болох гэж буйтай холбогдуулан худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийдэг. Ийн шалгахад, хүүхдэд зориулж боосон бэлэгтээ хугацаа нь дууссан шоколад, ундаа хийж байсныг олон удаа илрүүлж байсан. Ер нь ямарваа нэгэн баяр дөхөөд ирэхээр уг зөрчил байнга гардаг. Үүнээс нь болж хүүхдүүд бэлгэндээ хордсон гэх дуудлага жил бүрийн хүүхдийн баяраар ихэсдэг. Хүүхдийн бэлгэнд хүүхдийн ганц дуртай амттанаас арай чанартай нэг ширхэг  зүйл хийгээд л бусдын урд хожид харж байгаагүй зүйлс оруулан боосон байх нь элбэг.

Мөн урд хөршөөс чанар, аюулгүй байдал хангаагүй тоглоомыг оруулж ирдэг. Тэнд үйлдвэрлэсэн тоглоом хар тугалга, магни зэрэг олон төрлийн химийн бодис ялгаруулдаг нийлэг эдээр хийгддэг гэдгийг холбогдох байгууллага нь тогтоогоод эцэг эхчүүд асран хамгаалагч нарт анхаарах хэрэгтэй гэдгийг цаг тухайд нь мэдээлдэг билээ.

Гэвч эцэг эхчүүд бид хөөрхөн хүүхдээ уйлуулж гудчин чирж явахгүй нь тулд хаа таарсан газраасаа нэхсэн тоглоом, бэлгийг шууд л аваад өгчихдөг. Зарим тоглоом нь нэг өдрийн настай бараг цагийн дотор л эвдэрч хэмхэрдэг гэдгийг ээж, аавууд андахгүй мэднэ. Гэсэн хэдий ч манай улс л хаа сайгүй хөглөрөх Хятад тоглоомоос татгалзаж чаддаггүй.

Уншигч та бүхэн хүүхдэдээ бэлэг хэмээн хог болон өвчин бүү аваарай гэж сануулж, сэрэмжлүүлэх үүднээс дээрхийг сийрүүлэн буулгалаа. Өмнө нь бид Хүүхдэдээ "хор" худалдаж авахгүйн тулд хилээр зөвхөн "Эко" тэмдэглэгээтэй тоглоом нэвтрүүлье гарчигийн дор хүүхдийн тоглоомоос ямар хор илэрч хүүхдэд хэрхэн аюул заналхийлдэг талаар хүргэсэн.

 

Х.Даваа