999 сурагч тамхины эсрэг нэгдэв
2014/05/29
“Тамхины тухай” хуулийг дэмжсэн 999 сурагчийн парад өнөөдөр /2014.05.30/ Чингисийн талбайд болов.
Жил бүр 5 дугаар сарын 31-ний өдрийг дэлхий нийтээр “Тамхигүй өдөр” уриан дор өнгөрүүлдэг бөгөөд энэ өдрийг манай улс 20 гаруй жил тэмдэглэж байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийг угтан сурагчдын парадыг зохион байгуулсан бөгөөд Монголын сурагчдын холбооны “Лидер клуб”-ын сурагч хүүхдүүд болон Нийслэлийн 5,13,56 дугаар сургуулийн дунд, ахлах ангийнхан оролцов.
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно хэмээн тусгасан Тамхины тухай хуулийн заалтыг өөрчилж 250 метр болгох санал гаргасныг сурагчид эсэргүүцэж байна. “Тамхичин биш тамирчин болъё”, “Тамхины утаанаас биднийг авраач” хэмээн сурагчид уриалж Төрийн ордныг хэдэнтээ тойров.
“Сурагчид бид тамхинаас татгалзаж байна” уриатай үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг оролцож үг хэллээ. Сүүлийн 5 жилийн судалгаанаас үзэхэд тамхинд орж байгаа хүүхдүүдийн нас 13,14 наснаас эхэлж буйг тэрээр онцлоод жил ирэх тутамд өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийн тамхи татах явдал нэмэгдэж байна гэв. Түүнчлэн хичээлийн завсарлагаанаар хүүхдүүд бие биедээ тамхи татахыг зааж өгөн, сургуультай хамгийн ойр цэгээс тамхи ширхэглэн худалдаж авдаг учир 500 метрийн зайд тамхи худалдаалахгүй байх заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн тэрээр хэллээ.
Монголын сурагчдын холбооны санаачилсан энэхүү арга хэмжээг Улсын Их Хурлын Эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дэмжин оролцов