ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаалыг хоёрдугаар сарын 24-ний өдөр өгснөөр Оросын арми хөрш орон Украин руу халдаж эхэлсэн. Ингээд дайн дэгдэж, таван сарын турш хоёр орон тулалдаж байгаа юм.

 

Энэ хугацаанд Украинд нийт 5327 хүн амиа алдаж, 7000 гаруй хүн шархадсан байна. Энэ талаар НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар мэдэгджээ.

 

"Дэлбэрэх төхөөрөмж, тэр дундаа хүнд артиллер, шуурган галын тийрэлтэт систем, пуужин болон агаарын цохилтын улмаас ихэнх хүн амиа алдаж, нас барсан нь тогтоогдсон" гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын тайланд өгүүлжээ.

 

НҮБ-ын мэдээлснээр, нийтдээ 2056 эрэгтэй, 1400 эмэгтэй, 165 хүү, 146 охин амиа алдсан бол 41 хүүхэд, 1519 насанд хүрсэн хүний хүйсийг тогтоож чадаагүй байна. Харин шархадсан 7257 хүний дунд 221 хүү, 155 охин байгаа бол 195 хүүхдийн хүйсийг тогтоогоогүй байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

www.Shuud.mn