Өнөөдөр Олон улсын энхийг сахиулагчдын өдөр билээ. Энэ өдөртэй давхцуулан Батлах хамгаалахын яам нээлттэй өдөрлөгөө Чингис хааны нэрэмжит төв талбайд зохион байгууллаа. Уг өдөрлөгийн нээлтэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын анги салбарын удирдлагууд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр Афганистан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийнханд шагнал гардууллаа. Манай улсын Зэвсэгт хүчин анх 2002 онд цэргийн хоёр ажиглагч офицерыг энхийг сахиулах үйл ажиллагаанд илгээн оролцуулж эхэлсэн байна. Үүнээс хойш энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 10123 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэжээ.

Одоогийн байдлаар цэргийн зөвлөх, цэргийн ажиглагч, штабын офицер, цэргийн албан хаагч нийт 1289 энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж байгаа гэв. Өдөрлөгийн үеэр  БХИС-ийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагчид жагсаалын үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 084, 150 дугаар ангиуд гардан тулааны үзүүлэх тоглолт үзүүлж, монгол цэргийн сүр хүчийг гайхууллаа.

Нээлттэй өдөрлөгийг “Батлан хамгаалах яам сонсч байна” санал хүсэлт хүлээн авах цэг ажиллаж байгаа юм. Түүнчлэн Батлан хамгаалах төв архив, Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Монгол цэргийн, БХИС, “Тэмүүжин өрлөг” сургууль болон Цэргийн штабын байрууд нээлттэй ажиллаж, олон нийтийн сонирхсон мэдээллийг өгч байна.

 

 

 

 

 

                   

 

 

                                

 

 

          

 

 

 

 

 

Х.Даваа

Гэрэл зургийг: О.Дэлгэрхүү