Р.Даваадорж: Төсөв УИХ-ын 76 гишүүнд татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдийг нь хэнд өгөх вэ гэдэг бичиг баримт болж хувирсан
2022/09/26
Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.
-“Төсвийн бодлогын шинэчлэл” хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулагдаж, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонслоо. Төсвийн шинэчлэлийн эхлэл тавигдаж байна уу?
-Энэ бол жил бүр төсөв өргөн баригдах үед яригддаг сэдэв. Үнийг хэлэхэд шинэ сэдэв биш. Одоо бүр улиг болчихлоо. Эрдэмтэн, судлаачдыг Төрийн ордонд цуглуулж хэлэлцүүлэг өрнүүлсэн дүр эсгээд, тэдний санал бодлыг сонсоод, асуудлыг шийдэх гэж байгаа мэт дүр үзүүлээд удаж байна. Хэлэлцүүлэг хийснээр төсөв сайжирчихдаг бол сайжрахаар боллоо. Гэтэл эсрэгээрээ төсвийн нөхцөл байдал улам уруудан доройтсоор байна. Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, судлаачид манай улсын гадаад өрийн таац хэтэрсэн, төсвийн захиран зарцуулалт замбараагүй, хөрөнгө оруулалт гацсан талаар хэлж байна. Харамсалтай нь 2023 оны төсвийг батлах үед судлаачдын хэлсэн саналыг тусгаж, алдаагаа засч залруулна гэдэг үлгэр болно. Учир нь уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүдээс 3-4 хүн л оролцлоо. Гэтэл бодит байдал дээр 76 гишүүдийн олонх нь Төсвийн хуулийг батална. Гэвч тэд эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонссонгүй. Дээрээс нь Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч гэх мэт төсөв батлах үйл явцад чухал нөлөө үзүүлэх хүмүүс нь байсангүй. Тиймээс уг хэлэлцүүлгээс үр дүн хүлээх хэрэггүй л болов уу.
-Та хэлэлцүүлгийн үеэр өөрийн байр суурийг ширүүхэн илэрхийлж харагдсан. Таны бухимдаад байгаа шалтгаан юу юм бэ?
-Манай улсын эдийн засагт эрх баригчдын ярьж байгаа шиг хоёр гуравхан төрлийн хямрал нүүрлээгүй. Олон төрлийн хямрал нүүрлэсэн. Олон нийтийг худлаа статистик тоон мэдээгээр хуурч, төөрөгдөлд оруулж байна. Хамгийн сүүлийн статистик мэдээллээр буюу энэ оны хагас жилийн байдлаар эдийн засаг 1.9 хувиар өссөн гэх мэдээлэл гарсан. Гэтэл 2019 оны ДНБ-тэй харьцуулаад суурь үзүүлэлтийг нь аваад үзэхээр тус оны үзүүлэлтэд огт хүрээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, 2019 оноос хойших гурван жилийн хугацаанд манай улсын эдийн засаг огтхон ч сэргээгүй. Байж болох хамгийн доод хэмжээ хүртэл эдийн засгаа унагаачихаад багахан өсөлт үзүүлэхээр түүнийг эдийн засаг сэргэж байгаа мэтээр тайлбарлаж байна. Манай улсын эдийн засгийг голлож нуруун дээрээ үүрдэг уул уурхайн салбар хасах үзүүлэлттэй гарсан. Тэгэхээр манай улсын эдийн засаг хасах байх нь тодорхой. Үүнээс үүдэн эдийн засгийн хямрал явагдаж байна. Үргэлжлүүлээд өөр ямар ямар хямрал нүүрлэж байгааг дурдъя л даа. Хоёрдугаарт, үнийн өсөлтийн хямрал өрх бүрийн хаалгаар өрсөн. Тухайлбал, инфляцийн хэмжээ 14.7 хувь буюу бараг 15 хувьд хүрснээр 100 мянган төгрөгийн цалин авахад 15 мянга нь автоматаар алга болчихож байна гэсэн үг. Инфляци дөрөвдүгээр сараас хойш хоёр оронтой тоо руу орчихоод гүйцэгдэхээ больсон. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдал 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай байгаагаас валютын хомсдолд орж байна. Дээрээс нь 2022 оны хоёрдугаар улирлын мэдээгээр 33.9 тэрбум ам долларт хүрлээ. Өөрөөр хэлбэл, мөн л өрийн хямралд өртсөн гэсэн үг. Дараагийн хямрал бол төсвийн алдагдал. Манай улс 2020 онд 4.5 их наяд, 2021 онд 2.9 их наяд, 2022 онд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Төсвийн алдагдал бол гадаад өрийн хэмжээ өсөх бодит шалтгаан. Гуравхан жилийн хугацаанд 10 их наядаар хэмжигдэх гадаад өртэй боллоо. Энэ талаар хэн ч ярихгүй байна. Сүүлийн үед валютын ханшийн талаар их ярьж байна. Он гарсаар төгрөгийн ханш 17 хувиар суларсан. Дээрээс нь гадаад валютын нөөц 1.7 тэрбумаар багасч одоо 2.6 тэрбумд хүрээд байна.Үүнийг ханшийн хямрал гэж үзэхээс өөр аргагүй. Валютын ханш өсөхөөр инфляци дагаад өснө шүү дээ. Нэмээд хэлэхэд, ядуу иргэдийн талаар хэн ч ярихгүй байна. Дэлхийн банк болон ҮСХ-ноос хоёр жил тутам ядуу иргэдийн тоог гаргадаг. Хамгийн сүүлд 2020 онд 27.8 хувь буюу гурван иргэн тутмын нэг нь ядуу гэсэн судалгаа танилцуулсан. Дэлхий банкны тооцоогоор ядуу хүн гэж хэнийг хэлээд байна гэхээр өдөрт хоёр доллараас доош орлоготой бол уг ангилалд хамаардаг. Хэддийгээр албан ёсоор ядуу иргэдийн тоог холбогдох байгууллагуудаас танилцуулаагүй байгаа ч хоёр хүн тутмын нэг нь ядуу иргэдийн ангилалд багтахаар болчихсон нь тодорхой харагдаж байна. Учир нь олон ААН-үүд хаалгаа барилаа. МХАҮТ-аас өнгөрсөн долоо хоногт танилцуулсан судалгаар бизнесийн нөхцөл байдал туйлын хүнд, ААН-үүд ажлын байраа цомхотгож байгааг онцолсон. Хамгийн сүүлд хэлэхэд, сүүлийн гурван дараалан жил авлигын хэмжээгээр Бангладеш, Шри- Ланка улстай ижил хэмжээнд оччихлоо. Энэ мэт тулгамдаад байгаа олон асуудлаа ярьж, шийдэл гаргах байтал төсвийн шинэчлэл нэрээр иргэдийг хуурч болохгүй. Манай улсын эдийн засаг түүхэндээ хэзээ ч ийм хүнд байдалд орж байгаагүй.
-Та ирэх оны төсвийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Ирэх оны төсөв туйлын тааруу төсөв орж ирнэ. Одоогоор ирэх оны төсвийг хэлэлцэж эхлээгүй байгаа ч миний таамаглаж байгаагаар алдагдал нь гурван их наяд, хөрөнгө оруулалтын хэмжээ таван их наяд, гадаад өрийн хэмжээ мөн адил таван их наяд байх болов уу. Уул уурхайгаас олох орлогынхоо хэмжээг хэт хөөсөрсөн байдлаар төсөөлж оруулж ирэх байх. Өөрөөр хэлбэл, бодит байдлаас тасарчихсан төсөөлөлтэй л төсөв орж ирнэ. Үүнийг яагаад ийм итгэлтэй хэлж байна гэхээр манай улсын төсөв чөтгөрийн тойрогт орчихсон. Их хэмжээний өр тавьж түүнийгээ дур зоргоороо зарцуулдаг. Тухайлбал, өнгөрсөн жил Богд Зонхов барих төсөв дээр иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандсан. Богд Зонхов 2021 оны төсөв дээр анх байгаагүй хэмээн УИХ-ын гишүүд гайхширч байсан. Засгийн газраас төсөв өргөн барих үед Богд Зонхов гэсэн үг огт байгаагүй. Харин төсвийг УИХ-аар хэлэлцэх үед нэмэгдчихсэн. Гэхдээ ганцхан Богд Зонховын төсөв ч биш, нийт 120 гаруй төрлийн энэ мэт хөрөнгө оруулалтын төсөв нэмэгдсэн. Энэ бол төсвийн луйвар.
-Яагаад Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл дээр байгаагүй мөртлөө УИХ-аар хэлэлцэх үед энэ мэт төслүүд нэмэгдчихдэг юм бол. Хуулийн цоорхой байгаа гэсэн үг үү?
-Төсөв хэлэлцэх үед хэн нэг УИХ-ын гишүүн манай тойрогт нэн шаардлагатай сургууль баригдах төсөв орхигдсон байгаа тул нэмж оруулах санал гаргалаа гэж бодъё. Түүнийг нийт УИХ-ын гишүүд хэлэлцээд төсвийн хэлэлцүүлгийн явцад нэмэх, хасахаа шийддэг.Гэтэл дээр дурдсан 120 гаруй хөрөнгө оруулалтын төсвийг шууд нэмж оруулж ирэхэд ямар үйл явц явагдсан гэхээр УИХ-ын гишүүд ажлын хэсэг байгуулж, тэд шууд оруулж ирсэн. Энэ бол төсөв замбараагүй болж байгаагийн нэг хэлбэр. Сүүлдээ төсвийн тооцооллоо зөв тооцож чадахгүй худлаа ярьдаг. Тухайлбал, 2018 оны төсөв алдагдалгүй, ашигтай гарсан гэдэг. Гэтэл аудитын байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар хоёр их наядын алдагдалтай байсныг гаднаас зээл аваад дарсан гэх өгүүлбэр бий. Тэгэхээр ашигтай бус алдагдалтай байсан. Ингэж иргэдээ, өөрөө өөрсдийгөө л хуурч байна.
-Төсвийн ил тод байдал чухлаар хөндөгдөж байна. Иргэдийн оролцоог ил тод, нээлттэй байдлаар хангах чиглэлд хэр анхаарч ажиллаж байна гэж дүгнэж байна?
-Төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах талаар олон жил ярьж байгаа. Төрийн ордонд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулсныгаа төсвийн ил тод байдалд хамаатуулж ярьдаг. Төсвийг хянадаг хоёр механизм байдаг нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар. Төсөвт хяналт тавьдаг гэх нэр өнгөн дээрээ байгаа ч тус хоёр байгууллагаас гаргасан дүгнэлтийг огтоос авч хэлэлцдэггүй. Төсөв батлах үеэр тус байгууллагууд дүгнэлтээ уншчихаад л гардаг. Иргэн бүрийн оролцоог хангасан нээлттэй төсөв болгох талаар ярьдаг. Гэтэл “Иргэдийн төсөв” хэмээх цахим ном хэвлүүлснийгээ төсвийг иргэдэд нээлттэй болгосон гэж өөрсдийгөө хуурч байгаа. Тэр ч бүү хэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд эрх баригч намын ахмадууд нь ажилладаг. Тэр хүмүүс хэзээ ч өөрсдийг нь ажилд томилсон хүмүүсийн үйл ажиллагааг шүүмжлэхгүй л байхгүй юу. Гэтэл уг зөвлөлд сөрөг хүчин, хараат бус гишүүд орж ажиллах ёстой. Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт 2017 онд хамрагдахдаа тус сангаас тавьсан шаардлагын дагуу уг зөвлөл байгуулагдсан. ОУВС-гаас ямар шаардлага тавьсан гэхээр танай төсөв батлагдах үйл явц асуудал ихтэй учраас дэргэдээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуул гэсэн. Гэтэл байгуулсан нэрээр ОУВС хуурч, өөрсдийн гар хөл бологсдоо тавьсан. Ний нуугүй хэлэхэд, төсвийг иргэд хянах ямар ч боломж байхгүй.Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүд нь өөрсдөө хянаж чадахгүй “Богд Зонхов барих төсөв хаанаас, яагаад гараад ирэв” гэж биенээсээ асуугаад явж байна. Уг нь төсөв гэдэг Монгол Улсын хөгжил, эдийн засгийн үзүүлэлтүүдэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх учиртай хэрэгсэл байдаг. Гэтэл сүүлийн үед УИХ-ын гишүүдийг сонгоход үйлчилдэг хэрэгсэл болж хувирсан. УИХ-ын гишүүд тойрогтоо 4-5 тэрбум төгрөгөөр сургууль бариулахад түүнд 40-50 хүүхэд л сурч байна. Эргээд төсөв дээр ирэх урсгал зардлын хэмжээг л өсгөж байна. Төсвийг ингэж л үргүй зарцуулж байна. Энэ асуудлыг одоогийн эрх баригчид шийдэж чадахгүй. Тэднээс юу ч хүлээх хэрэггүй.
-Энэ жил хоёр удаа төсөвт тодотгол хийсэн. Ойр ойрхон төсвөө тодотгохын шалтгааныг юу гэж харж байна?
-Төсвөө зөв тооцоолж чадахгүй байгаатай л холбоотой. Тухайлбал, 2022 оны төсвийг 2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд баталсан. Гэтэл төсөв батлагдаад сар гаруйхан хугацааны дараа эхний удаад тодотгосон. Дахин дөрөвдүгээр сард тодотгосон. Шуудхан хэлэхэд, Монгол Улсын төсөв ямар ч тооцоо судалгаагүй баримт бичиг болж хувирсны илрэл. Төсөв ердөө л УИХ-ын 76 гишүүнд татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдийг нь хэнд өгөх вэ гэдэг бичиг баримт болж хувирлаа. Тийм ч учраас ойр ойрхон төсөвт тодотгол оруулж байна. Төсвөөс гадна цар тахал нэрээр их хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тав, арван их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, гадаадаас гурван их наядын зээл авлаа. Үргүй зардал замбараагаа алдсан. Гэтэл манай улсын ДНБ-ий хэмжээ арван жилийн хугацаанд яг л хэвэндээ байна. Төсвийн зардал сүүлийн 4-5 жилийн хугацаанд гурав дахин өсч 18 их наядад хүрлээ. Ийм байхад валютын ханш өсөхгүй яах юм бэ. УИХ-ын гишүүд тойргоо услахын тулд татвар төлөгчдийн мөнгийг баруун, солгойгүй цацаж байна. Тэдэнд улс орноо бодох, эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх талаар бодох юм алга. Төсвийн хяналт бодит байдал дээр байхгүй учраас төсвийн зарцуулалт замбараагүй болсон. УИХ-ын гишүүн болохын тулд нүдээ ухаж өгөхөд бэлэн байгаагийн гол шалтгаан ердөө л энэ. Татвар төлөгчдийн мөнгийг ямар ч хяналтгүйгээр өөрт ашигтай байдлаар зарцуулахын төлөө улайрч байна. Хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаачид төсөвт хяналт байхгүй талаар онцгойлон анхааруулж, хэлж байна. Харамсалтай нь төсвийг хяналттай болгох механизм одоогоор алга.Төсвийг хяналттай болгох эхлэлийг дараагийн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН-аас өөр улс төрийн хүчин гарч ирвэл л тавьж магадгүй. Сүүлийн хоёр сонгууль дараалан илт давуу ялалт байгуулж, олонх болсон, сүүлийн 6-7 жил төсвийн замбараагүй байдлыг бий болгосон одоогийн улс төрийн хүчнээс юу ч олж харахгүй байна.
-Уул уурхайгаас гадна өөр ямар салбараас бид доллар олох боломжтой вэ?
-Ойрын 10 жилд уул уурхайгаас өөр ямар ч салбараас доллар олж чадахгүй. Манайх уул уурхайгаас гадаад валютынхаа 95 хувийг олдог шүү дээ. ХАА-гаас маш бага доллар олж байна. Одоогийн данхар төсвийг шийдэхийн тулд уул уурхайн салбараа харахаас өөр аргагүй. Энэ мэт эдийн засгийн бодит асуудал, тулгамдсан асуудал, хямралын талаар ярихаар эрх баригчид гурван үг л хэлдэг болсон. Дэлхий даяар ковидын хямралд өртсөн, нийлүүлэлтийн гаралтай хямрал явагдаж байгаа учраас инфляцийн өсөлт өндөр байна гэж гадаад шалтгааныг хэлдэг. Гэтэл дотоод шалтгаануудаа шийдэж төсвийн талаар явуулж байгаа алдаатай бодлогуудынхаа тооцооллыг гаргаж чадахгүй байна. Тухайлбал, ковидын эхэн үед нэг өвчтөний эмчилгээнд найман сая төгрөг зарцуулж байгаа гэж мэдэгдсэн. Гэтэл энэ тоо сүүлдээ 100 гаруй мянган төгрөг болж хувирсан. Гэтэл ковидын үеийг ашиглаад эдийн засгаа сэргээсэн улс орнууд бий. Перу, Чили зэрэг улсууд зэсээ БНХАУ-д нийлүүлээд эдийн засгаа 11-13 хувь өсгөчихлөө. Бүр 20 мянган километрийн цаанаас зэсээ БНХАУ-д нийлүүлж байгаа гээд л бод. Тэд ковидоор шалтагласангүй. Гэтэл манайх БНХАУ-тай бөөрөөрөө нийлчихсэн байгаа хэрнээ 200 км зам туулаад нүүрс, зэсээ нийлүүлж чадахгүй хилээ хаалгачихаад, валютын нөөцгүй сууж байна. Энэ бол гутамшиг. Энэ бол эрх баригчидтай холбоотой алдаа. Үнэндээ түүхий эд экспортолдог орнуудад ковид алтан боломж олгосон. Яагаад гээч 2012-2016 оны хямралын үед 30 ам.доллар байсан нүүрсний үнэ 600 ам.долларт хүрч 20 дахин өсчихөөд байхад үүнийг ашиглаж чадахгүй хилээ хаалгачихсан, валютын ханшид дарлуулаад сууж байна. Тэгээд энэ бүхний буруутан нь Монголбанкны ерөнхийлөгч хэмээн өөрсдийнхөө арьсыг хамгаалаад сууж байна. Энэ бол бодлогын том алдаа.