Хүүхдүүд ангидаа агаарын дутагдалд орж, дархлаа нь унаж байна
2022/11/11
Олуулаа нэг дор чийглэг бүгчим өрөөнд байх нь хүний эрүүл мэндэд чимээгүйхэн аюул учруулж байдаг. Өөрөөр хэлбэл, бидний төдийлөн ач холбогдол өгч ойлгодоггүй дотоод орчны агаарын бохирдлоос болж дэлхий нийтээр хэдэн сая хүн нас барж, эрүүл мэндээрээ хохирч байна.
Үүний хамгийн энгийн жишээ гэвэл олуулаа нэг дор цуглахдаа өөрийн эрхгүй “Цонхоо онгойлгоорой” гэдэг дээ. Мөн намрын сэрүү оронгуут хүүхдүүд ойр ойрхон ханиад хүрч, хатгаа авах нь ихэсдэг. Тэгвэл агаар салхигүй битүү орчинд хүчилтөрөгч багасаж тэр хэмжээгээр бидний уушигнаас ялгардаг нүүрсхүчлийн хийн хордлого нэмэгдэж байдаг аж. Мөн гэр, ажлын байрны тавилга, цахилгаан хэрэгсэл, тамхины утаа, гал түлэх, хоол хийх, угаалга цэвэрлэгээний бодис, гаднах дуу чимээ гээд бидний өдөр тутмын үйл хөдлөлөөс дотоод орчны агаарыг бохирдуулж байна. Энэ бүхнээс болж эцэстээ дархлаа унаж, өвчлөмтгий болж байгаа учраас зөвхөн гаднах утаанаас биш дотоод орчны “утаа”-наас ч айж, сэрэмжлэх цаг иржээ.
Тэгвэл бидний амьдралынхаа 80-90 хувийг дотор нь өнгөрүүлдэг цэцэрлэг, сургууль, оффис, автомашин, эмнэлгийн дотоод орчны агаарын бохирдлыг тусгай хэмжилтийн багажаар өдрийн хамгийн идэвхтэй цагт нь 20-25 минутын турш хэмжсэн юм. Гэтэл дархлааг дарангуйлсаар байгаа дотоод орчны агаарын бохирдлын хамгийн жижиг тоос, тоосонцор (РМ2.5, PM10) цэцэрлэгийн анги танхимд хамгийн их буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс талаас илүү хувь байв. Мөн бага сургуулийн анги, спорт заалны дотоод орчны агаарын бохирдол “аюултай” түвшинд хүрчээ. Цонхоо онгойлгож, агаар сэлгэлт хийхгүйгээс сургууль, цэцэрлэгийн анги танхим өвчин тараах эх үүсвэр болж байна гэж хэлэхэд буруудахааргүй болжээ. Тиймээс байнга агаар сэлгэлт хийх, дотоод орчны агаарын бохирдлоо хэмжүүлж цаашлаад техник технологиор шийдвэрлэх боломжтой. Үгүй бол хүүхдүүд сурч хөгжих орчиндоо, эцэг, эх нь ажлын байрандаа, таксины жолоочид машин дотроо, эмнэлэгт үйлчилгээ авахаар очсон иргэд эрүүл болох бус улам өвчлөх, зүрх судас, амьсгалын замын олон өвчний шалтгааныг аюулгүй байх орчноосоо авч байна. Өөрөөр хэлбэл, дотоод орчны агаарын бохирдлын талаар ойлголт мэдлэг тааруу, агаар сэлгэлт тогтмол хийдэггүйгээс бидний хамгийн аюулгүй байх орчин хэд дахин аюултай болж хувирчээ.
Хэмжилтээр дотоод орчны агаар дахь нүүрсхүчлийн хий мөн л цэцэрлэг, сургуулийн анги танхимд хамгийн их байв. Нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) өнгөгүй, үнэргүй. Хамгийн аюултай нь уушгиар дамжин, цусны эргэлтэд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн карбоксигемоглобин гэх нэгдэл үүсгэнэ. Энэ нь хүний эд эсэд хүчилтөрөгч зөөвөрлөх үйл ажиллагааг тасалдуулдаг тул бие организмыг хүчилтөрөгчийн дутагдалд оруулах хор нөлөөтэй. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушгины архаг бөглөрөлттэй хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг. Мөн хүчилтөрөгчийн хэмжээний үзүүлэлт ч сайнгүй гарчээ. Ийм л орчинд бидний үр хүүхэд, бид өөрсдөө бүтэн өдөржин амьдарч амьсгалж байна. Тиймээс мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэхгүйгээр эрүүл амьдарч, урт наслахад хэцүү болжээ.