Өнөөдрийн байдлаар 200 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суулгаад байна
2023/03/01
Гуравдугаар сарын 1-н буюу өнөөдрөөс бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг үнэгүй олгохоор болсон билээ. Энэ талаар Нийслэлийн цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар цогц арга хэмжээ авч ажиллаж байгаа. Үүний нэг томоохон ажил нь нийслэлд зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах нэгдсэн системийг бий болгох юм. Энэ бол ухаалаг камер, зогсоол, товчоодын болон төлбөр тооцооны гээд зам тээврийн нэгдсэн ухаалаг системийг бий болгож ажиллаж байна.
Өнөөдрөөс тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суулгаж эхэлсэн. Уг ажил эхлээд төрийн өмчийн байгууллагын автомашин болон нийтийн тээврийн хэрэгсэлд хийгдэнэ. Одоогоор 200 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суулгаад байна.
Гуравдугаар сарын 1-нд мэдээллийн санд бүртгэгдсэн бүх тээврийн хэрэгсэлд зургаадугаар сарын 1-ны дотор цахим гэрчилгээ суулгахаар зорьж байна. Цахим гэрчилгээг дэлхийн хотууд 20, 30 жилийн өмнөөс ашиглаж ирсэн.
"Иргэнтэй холбоотой мэдээлэл цуглуулахгүй"
Уг гэрчилгээг ашиглан зорчих хөдөлгөөний зохион байгуулах, хяналт тавих, түгжрэлийг бууруулахад ашиглаж байна. Иргэдийн хувьд нээлттэй мэдээллээр хангагдана. Түгжрэл, замын нөхцөл байдал, хаагдсан, осол гарсан замыг харах, нийтийн тээврийн хэрэгсэл гээд зам тээвэртэй холбоотой бүхий л мэдээллийг тухайн системээс авах боломжтой. Мөн иргэдэд зориулсан вэб хувилбарууд гарч байгаа. Зам тээврийн орон зайн системүүдийг нэвтрүүлж эхэлж байна.
Бид ямар нэгэн иргэнтэй холбоотой мэдээлэл цуглуулахгүй. Зөвхөн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суулгана. Тухайн машин дотор хэн сууж явааг мэдэх боломжгүй. Дуу, дүрс дамжуулахгүй учраас иргэд санаа зовох шаардлагагүй" хэмээв.