Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Улсын Ерөнхий байцаагчийн албан даалгаврыг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангуулах, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, “Ойн тухай” хуулийн хэрэгжилтийг нийслэл, орон нутагт шалгаж байна.  

Уг шалгалтаар гарал үүслийн гэрчилгээн дээрх он, сар, өдөр, тоо хэмжээ засвартай буюу бичигдээгүй байх, олгосон хянасан албан тушаалтны гарын үсгийн тайлалгүй, дардас, тэмдэгний дугаар бүдэг, замын шалгалт хийсэн хугацаа тодорхойгүй, тээвэрлэн хүргэх газрыг бичээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Хяналт шалгалтын үеэр зөвхөн Өвөрхангай аймгийн хэмжээнд “Ойн тухай” хуулийг зөрчиж 46,5 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн 16 иргэнд 15,3 сая төгрөгийн шийтгэвэр, 2,4 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, 100 м3 мод, нэг автомашин зэргийг хураажээ.Төв аймгийн зарим сумдын удирдлага, ойн ангийн дарга, аж ахуйн нэгжид хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай зөвлөмж, шаардлагыг хүргүүлж, үндэслэлгүй эрхийн бичиг олгосон байгаль хамгаалагч нарт 1,9 сая төгрөгийн захиргааны арга хэмжээ авсан аж.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй мод, модон материалын захууд ”Мод, модон материалын төрөлжсөн зах” MNS 5162:2011 стандартыг зөрчиж бөөрөнхий мод, гуалинг зүсэж зүсмэл материал үйлдвэрлэсэн, холбогдох төлөөлөл болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан хяналтын зөвлөлийг ажиллуулаагүйзэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Түүнчлэн ажиллагсадтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, дотоод хяналтын алба нэгж байгуулж ажиллаагүй, хөрөөнүүдэд тоног төхөөрөмжийн гэрчилгээ аваагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Эдгээрт хуулийн дагуу арга хэмжээ авч, таван сая төгрөгийн торгууль ногдуулан, зөрчлийг арилгуулжээ. Мод, модон материалын захуудад борлуулагдаж байгаа мод, модон материал нь зохих эрхийн бичиг, мод, модон материалын гарал үүслийн бичиг, зөвшөөрөлтэй тээвэрлэгдэн ирж бүртгэлд бүрэн хамрагддаг аж.

 

 

Х.Даваа