Лу.Гантөмөрийн улс төрийн анхны шийдвэр: ... АН “Ажнай”-г хамгаална
2023/03/28
АН саяхнаас эмхэрч цэгцрэх замдаа орсон. Лу.Гантөмөрийг намын даргаараа сонгосон. Гэрчилгээгүй, тамгагүй ч АН-ынхан нь, улс төрийн хүрээнд ч түүнийг хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. Учир нь эрх баригчдад хүчтэй шүүмжлэгч, сөрөг хүчин хэрэгтэй гэж үзсэн хэрэг.
Лу.Гантөмөр ч АН-ын дарга болонгуутаа эрч хүчтэй мэдэгдлүүдийг хийсэн. Тэрбээр 2023 оны хоёрдугаар сарын 13-нд “...АН-д итгэж байсан хүмүүст зүтгэлээр хариулах ёстой. Энэ намыг зөв болгохын төлөө бид зүтгэх ёстой. Бид цаашдаа эвдэрдэггүй, задардаггүй, хуваагддаггүй улс төрийн нам байгуулах ёстой.
Тиймээс бид маш тунгалаг болох ёстой, Ойлгомжтой байх хэрэгтэй. ...Шударга ёсыг нам дотроо тогтооё. Нам дотор арын хаалга байхгүй. Хөдөлмөрлөсөн хүмүүс нь урагшаа яв, зүтгэсэн хүмүүс нь, ард түмэндээ танигдсан хүмүүс нь дээшээ явъя. Нам бүтнээрээ тэр хүмүүсийн талд байя. Хаа нэг газраас арын хаалганы хүн орж ирж, мөнгөтэй нь дээш явдаг байдлыг халъя” гэж байв. Үүнээс долоо хоногийн дараа “...Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг дэмжинэ” гэсэн байдаг. Ингэж гоё хэлж, тэр нь олон нийтэд таалагдсан. Харамсалтай нь, түүний хэлсэн үг нь худлаа бололтой.
Мань эрийн улс төрийн анхны шийдвэр гарч, АН “...Ажнай”-г хамгаалахаа мэдэгдлээ. УИХ дахь тус намын бүлгийн гишүүд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, “...УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх гишүүдийн нэрс дотор Д.Бат-Эрдэнэ гишүүний нэр орж ирсэн.
Бүлгийн гишүүдийн дийлэнхийнх нь байр суурь бол жижиг “Тавантолгой” буюу 51 хувь нь орон нутгийн өмчид байдаг, 49 хувь нь олон нийтийн өмчид байдаг, хөрөнгийн бирж дээр 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй компанийн нэгээхэн хэсгийн хувьцааг эзэмшдэг гэдэг шалтгаанаар түүний нэрийг оруулж ирсэн.УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй хамт нэр нь орж ирсэн гишүүд өнгөрсөн хугацаанд ямар бизнес эрхэлж байсан юм бэ. Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд 1990 оноос хойш бизнес эрхэлж байсан хүн. Тиймээс хөрөнгийн бирж дээр нээлттэй байгаа компанийн хувьцааг эзэмшдэг хүний нэрийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхээр оруулж ирсэн асуудлыг гайхаж, харамсаж байна. Шударга ёс тогтоох нэрийн дор олон асуудлыг хавчуулж сөрөг хүчнээ бусармаг үйл ажиллагаатайгаа холбох, хэлмэгдүүлэх гэж байгаа үйл ажиллагаа байгаа юм биш биз гэж хардаж байна. ...Д.Бат-Эрдэнэ гишүүнийг хоёрхон удаа дуудаж мэдүүлэг авсан байдаг. Тиймээс энэ асуудлыг нарийн судлаад үзэхээр эхлээд нэг хэрэг тохоод түүнээс цааш хэргүүдийн тоог нэмэх замаар хонгил үүсгэж байна. Тийм учраас үүнийг бид эсэргүүцэж байна. Шударгаар шалгуулах асуудлыг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “..Бүх асуудалд нээттэй хандаж, шалгуулахад бэлэн. Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн саад тотгор учруулахгүй” гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас бид ийм саналтай байна” гэв.
Тэгвэл хууль хяналтынхан “Ажнай” Д.Бат-Эрдэнийг 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа жижиг “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлж 323.900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Ингэж “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХХК зэрэг компанийн хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18 478 856 284 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт үйлдлийг удирдан зохион байгуулсан гэж буруутган шалгаж буй юм байна. Улмаар дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 2.2 / Хөрөнгө завших/-т зааснаар яллагдагчаар татжээ. Мөн түүнд хилийн хориг тавьж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон шүүхийн шийдвэр гарчээ.
Ер нь бол “...Нүүрсний хулгайтай хэргийг хэрхэн шийдэх нь вэ” гэдгийг олон нийт маш анхааралтай ажиглаж байгаа юм. Ялангуяа, энэ хэрэгт холбогдож, Ерөнхий прокуророос нэрийг нь оруулж ирсэн гишүүдийг “...УИХ хамгаалж үлдэх үү, шалгуулаад ир гэх нь үү” гэдгийг онцгой анхаарч байна.
Ийм үед, нам нь эргэж өндийх гээд “тэнцэж” ядаж байхад Лу.Гантөмөр улс төрийн ийм шийдвэр гаргасан нь чухамдаа л “нүдэндээ хуруугаа хийсэн” явдал болов. Түүний амнаас лав “...Шударга ёс” гэдэг үг дахин гарахад тун хэцүү боллоо.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
tj · 2023/03/29
ene shiidver AN-iig songuuld yalah bolomjiig haalaa.Ene uls toriin hamgiin muu shiidver
ЗОЧИН · 2023/03/29
Гантөмөр АН даргыг хийж чадахгүй гишүүн бүртээ тал зассан яаж мөнгөтэй болохов гэсэн нөхөр байна , Энэ нөхөрт 1-рт улс ард түмнээ гэсэн үнэрч алга Элбэгдоржийн өрөөсөн бөөр юм байна,
ЗОЧИН · 2023/03/29
Ажнай Батэрдэнийг хамгаалж авч үлдэнэ гэж байгаа бол АН-ын бодлого чиглэл МАН -ийн бодлогоос долоон дор Нам дагагч, мөнгөтэй хүнд хууль үйлчлэхгүй гэсэнтэй агаар нэг одоо овоо АН-ыг сэргээх нь гэвэл шал дортуулж байна, АН-ыг тараасан нь дээр юм байна даа,
Зочин · 2023/03/28
АН тэгвэл хулгайчдаа өмөөрдөг хулгайч нам гэж л ойлгогдоод байна.
Зочин · 2023/03/28
Энэ болой АН-ыг татан буулгавал таарна.
ЗОЧИН · 2023/03/28
нөгөө л танил царай. үнэн яршигтай. нөгөө л хулгай луйвар. гинжин урвал шиг хар дарсан зүүд шиг