Төрийн албан хаагчид их хэмжээний хахууль өгч, гадаадаас мөнгө “угааж” Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан гэх “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нарыг шүүх хурал энэ сарын 11-нд эхэлсэн.

Эл шүүх хурал хоёр өдөр үргэлжилж “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярт 3.6 жилийн ял оноолоо. Харин тус компанийн ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань нарыг гэм буруугүй болохыг нь тогтоосон аж.

Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан гэм буруутай нь тогтоогдсон ч нас барсан учраас хариуцлага тооцох боломжгүй болсон гэж үзжээ.

“Тэнгри холдинг” компанийн Ерөнхий захирлаар ажилладаг  Х.Анхбаяр нь  Карибын аралд оффшор бүсэд бүртгэлтэй компани, гадаад улсаас 12 тэрбум төгрөгийг оруулан ирж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа хайгуулын лицензийг худалдаж авсан нь тогтоогдсон юм.  Мөн мөрдөн байцаалтын явцад их хэмжээний лиценз авахдаа 3.6 тэрбум төгрөгийн татварыг төлөөгүй,  Газрын тосны газраас олон улсад нээлттэй зарласан тендерт оролцох явцдаа тодорхой албан тушаалтанд хахууль өгсөн асуудал нь илэрсэн” гэх мэдээллийг АТГ-аас өгч байсан билээ.

 

Х.Даваа