Мобикомын үйлчилгээтэй холбоотой гомдол мэдээлэл сүүлийн 10 орчим жилийн хугацаанд тасарсангүй. Японы хөрөнгө оруулалттай энэ үүрэн телефоны оператортай холбоотой гомдол дата нь хормын төдийд урсаад дуусдаг, төрсөн өдрийн урамшуулал гэх нэрээр шилний цаанаас чихэр долоолгодог, иргэдэд есөн бусын үйлчилгээ санал болгож мөнгийг нь саадаг гэхчлэн үргэлжилнэ.

Харин орчин үед үйлчлүүлэгчдийнхээ халаас руу гар дүрдэг бүдүүлэг аргаа илүү боловсон болсон талаар хэрэглэгчид хэлж байна. Тодруулбал операторын зүгээс үйлчлүүлэгчдэдээ хандаж “Та дуут мессеж үйлчилгээг идэвхжүүлэх үү. Тийм бол тэр товчийг дарна уу” гэх зурвас илгээдэг болж.

Хэрэглэгч дээрх үйлчилгээг сонирхсон эсэхээс үл хамаарч, идэвхжүүлээд төлбөрийг нь сарын төгсгөлд нэхдэг жишиг тогтжээ. Өөрөөр хэлбэл, ийм мессеж илгээгээд л сарын төгсгөлд шууд төлбөр нэхдэг болсон байна

Уг асуудалтай холбоотойгоор “Мобиком”-ын хэрэглэгч Э.Мэргэнтэй ярилцлаа.


-Мобикомын зүгээс дуут мессеж үйлчилгээг хэрэглэгчдэд шахаж төлбөр авч байна гэх гомдлыг та хэлж байна. Ямар асуудал байна вэ?

-Мобиком гэх байгууллага 1996 оноос манайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд цаг тутам л үйлчлүүлэгчээ шулж байна л даа. Одоо энэ арга нь бүр боловсронгуй болж. Тодруулбал бүх хэрэглэгчдэдээ дуут мессеж гэх үйлчилгээг санал болгож дугаар руу мессеж илгээж байна. Үүнийг нь тэр дор нь цуцлахгүй бол идэвхжээд дуудлага бүрд төлбөр бодогдоод явчихдаг болсныг сая анзаарлаа. Дуут мессеж гэдэг маань залгасан хүн тухайн мөчид утсаа авахгүй бол ярих зүйлээ үлдээнэ гэсэн үг л дээ. Манайд энэ нь тийм амин чухал шаардлагатай үйлчилгээ биш. Зүгээр мессеж бичээд л үлдээчихдэг. Энэ үйлчилгээг санал болгосон даруйд нь л цуцлах ёстой юм байна. Анзаарахгүй өнгөрвөл таны залгасан хүн хариу өгөөгүй дуудлага бүрд л дуут мессеж үлдэж тан дээр төлбөр бодогдоно гэсэн үг. Энэ нь энгийн ярианы тарифаар бодогддог. Цуцлагдсан дуудлага бүрд гэхээр бага биш төлбөр сарын сүүлд нэмэгдэж бодогддог юм байна. Хэрэглэгч бүрд гэж тооцвол аманд багтахгүй их мөнгө гарч ирнэ. Энэ үйлдлийг би залилан гэж харж байгаа. Үүнийг анзаарахгүй өнгөрөх олон хүн бий. Мессеж унших боломжгүй харааны бэрхшээлтэй ч хэрэглэгч байж болно. Мессеж унших боломжгүй ч хэрэглэгч байгаа шүү дээ. Тэдэнд ийм үйлчилгээ шахаж, ашиг хонжоо хайж байгаа нь хэтэрхий, өлөн, бизнесийн ёс зүйгүй үйлдэл.

-Дуут мессеж үйлчилгээг санал болгосон даруйд нь шаардлагагүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрэглэгч дуут мессеж үлдээгээгүй ч дохио дуугарснаас хойш утсаа таслаагүй тохиолдолд дуут мессеж үйлчилгээний төлбөр автоматаар бодогдоно. Энэ үйлчилгээг цуцлахдаа ##002# дуудлага, дараа нь мессежийг 202 руу OFF гэж илгээнэ. Ингээд утсаа унтраагаад асаахад энэ үйлчилгээ цуцлагдана. 202 дугаарт илгээх мессеж нь мөн тусдаа төлбөртэй. Энэ үйлчилгээний цаад зорилго нь л хэрэглэгчдээсээ ганц мессежний ч болов төлбөр авахад зориулагдсан юм шиг. Дуут мессеж гэх энэ үйлчилгээг манайхан ер нь хэрэглэдэггүй шүү дээ. Утсаа авахгүй бол мессеж бичээд л үлдээдэг. Гол асуудал нь энэ үйлчилгээг зааврын дагуу цуцалж мэдэхгүй хэрэглэгч хэдэн арван мянга байгаа.

Тэдний мэдлэггүй байдалд дөрөөлж ашиг хонжоо хайж байгаа нь үндэсний оператор гэж өөрсдийгөө өргөмжилдөг байгууллагын тухайд ичмээр л үйлдэл. Мобикомын дугаар хэрэглэдэг малчид бол тэдний гол бай нь болсон гэж хувьдаа харж байна. Үүнийг шалгадаг газар нь ШӨХТГ гэх сүртэй нэртэй байгууллага. Эднийг шалгалаа л гэдэг, арга хэмжээ авлаа л гэдэг. Гарч байгаа үр дүн алга. Өнөө хэд нь хэрэглэгчдийг шулсаар л байна. Хамгийн хорлонтой нь хэрэглэгч бүрийн халааснаас гарч байгаа энэ их мөнгөний хэдэн хувь нь дотоодын зах зээл дээр эргэлдэж байна вэ гэдэг асуудал. Мобиком чинь Японы хөрөнгө оруулалттай байгууллага шүү дээ” гэв.

Тэрбээр хэрэглэгч дуут мессеж үлдээгээгүй ч дохио дуугарснаас хойш утсаа таслаагүй тохиолдолд дуут мессеж үйлчилгээний төлбөр автоматаар бодогдож байгаа нь луйврын шинжтэй үйлдэл гэдгийг онцолсон. Түүнчлэн үйлчилгээ нь автоматаар сунгагддаг энэ үзэгдэл IPTV-үүдэд ч нэвтрээд байгааг хэрэглэгчид онцолж байна. Тодруулбал юнивишний хэрэглэгчид ямар нэгэн багц идэвхжүүлсэн бол заавал буцааж цуцлах шаардлагатай юм байна. Буцааж цуцлаагүй л бол идэвхжүүлсэн багц нь автоматаар шууд сунгагдаж, төлбөр бодогдоод явдаг аж. Энэ төрлийн мэдлэггүйгээс шалтгаалж хохирсон иргэд олон байгааг хэрэглэгчид хэлж байгаа юм. Үүрэн телефоны оператор болоод IPTV үйлчилгээ үзүүлдэг компаниуд иргэдийн мэдлэггүйд нь дөрөөлж янз бүрийн үйлчилгээ “шахаж” мөнгө нэхдэг жишиг манайд тогтжээ.