2022 оны 12-р сард болсон нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан жагсаалд оролцон, тэмцэх болсон иргэн Н.Энхтайвантай ярилцлаа.

Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

 

Намайг Н.Энхтайван гэдэг. Таван хүүхэдтэй айлын ууган нь болж 2000 онд Улаанбаатар хотод төрсөн. СХД-ийн 107 дугаар сургуулийг дүүргэсэн. Хотод төрсөн ч хөдөө хурдан морь унаж өссөн. Одоо эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Өөрийн гэсэн гэр бүлээ зохиосон, хувиараа ажил эрхэлдэг, эгэл жирийн Монгол Улсын иргэн байна даа.  

 

Ямар салбарт ажилладаг вэ?

 

Барилгын салбарт өрлөгөөс авахуулаад янз янзын л ажил хийнэ дээ. Нийгмийн Даатгалын Шимтгэл, татвар, мөнгө төгрөгийн ханш гээд ер нь ямар байгаа билээ. Энэ мэтээс болоод ямар нэг компанид харьяалагддаггүй. Бараа бүтээгдэхүүний үнэ ханш өндөр, ер нь компанид ороод ажиллахад хэцүү нийгэм болчихсон шүү дээ. Тэгэхээр хувиараа л ямар нэгэн унацтай зүйл хийж байж өөрийнхөө амьдралыг авч явна гэдгийг харсан болохоор бие дааж ажил хийдэг. 

 

Бага насандаа хурдан морь унадаг байсан тухайгаа сонирхуулж ярихгүй юу?

 

Налайхад өвөөгөө дагаж, бүр гурван настайдаа морь унаж сураад, дөрвөн наснаасаа эхлээд 11 жил хурдан морь унасан. Багаасаа л адуундаа, эх орондоо хайртай, маш үндсэрхэг үзэлтэй өссөн. Хурдан морь унадаг болоод ч тэр юмуу, настай хүмүүстэй ойр байснаас ч болсон уу, уяаныхаа шонгийн нүх, гичрийнхээ нүхийг ухаж, булахдаа хүртэл сүү, будаа, чихэр өргөдөг шүү дээ. Уяачид эх газраасаа өршөөл, уучлал эрж байгаа нь тэр.

 

Өнгөрсөн оны 12 дугаар сарын жагсаалд та маш идэвхитэй оролцож, оройлж явсан хүний нэг. Энэхүү жагсаалд хэрхэн татагдаж, яагаад оролцох болов? Урьд нь иймэрхүү жагсаал, цуглаанд оролцож байсан уу?

 

Би үндсэрхэг үзэлтэй, эх орныхоо эзэн нь гэдгээ харуулах гэж өнгөрсөн 12-р сард талбай дээр гарч үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж явсан.

 

Өмнөх жагсаалуудыг ер нь сошиалаар хараад л өнгөрдөг байсан. Жагсаал, цуглаан болж л байдаг шүү дээ гэсэн бодолтой л явсан. Тэгээд энэ хүмүүс яагаад байн, байн жагсаад байдаг юм, ямар үзэл бодолтой явдаг юм, төр яг яачихсан юм гээд 2022 оны 12 сарын 4-нд  жагсаал эхлэхэд би сонирхож ирсэн. 

 

Ер нь би улстөрд маш дургүй хүн. Манай өвөө  намын сурталчилгаа хийгээд явдаг байсан. Би түүнд нь дургүй. Хүмүүс УИХ-д нэр дэвшихдээ сайн, сайхан юм зөндөө л бичсэн байдаг. Гэтэл хөрсөн дээр, амьдрал дээр хийсэн юм юу ч байдаггүй. Тийм учраас тэр жагсаалд улс төрийн мэдэгдэхүүнтэй больё гэж очсон юм.  Анхны өдөр би хүмүүсийн үзэл бодол, юу ярихыг нь ажиглаж зүгээр суугаад л байсан. Харин 12 сарын 6-наас хойш өөрийнхөө үзэл бодлыг эрчимтэй илэрхийлж, эх орон, ирээдүйнхээ төлөө санаа зовж байгаагаа хүмүүстэй ярилцаж, санаа бодлоо хуваалцаж эхэлсэн. Ингээд ирэхээр илүү их зүйлийг ойлгодог юм билээ.

 

Би зөвхөн өөрийгөө бодоод гэртээ суугаад эсвэл ажлаа хийгээд, дуугүй яваад байвал эх орон минь надаар дутаж байгаа байхгүй юу. Бас таниар дутаж байгаа.

 

Нэг ч гэсэн иргэнээрээ дутаж байгаа юм. Тиймээс би цаашдаа эх орныхоо төлөө хийсэн зүйлтэй, хэлсэн үгтэй байх ёстой юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Дараа нь Монголоо ахтай танилцсан. Би ордны зүүн хаалган дээр хүмүүстэй нийлчихсэн тамхи татаж байсан юм. Тэгсэн Монголоо ах ирээд “Залуусаа, та нарыг энд тамхи татаад ишээ хаяж байхад тэнд өөр залуучууд наадхыг чинь түүж байна. Та нар ингэж болохгүй шүү. Эх орныхоо төлөө санаа зовж, эх орноо өөрчилье гэж бодож байвал эхлээд өөрсдөөсөө эхлэх ёстой” гэж хэлсэн. Тэгтэл миний дотор пал хийсэн. Миний нөгөө үндсэрхэг үзэлтэй гээд байсан минь хаана байна, ядаж хогоо хогийн саванд хийдэг байвал энэ чинь миний эх орондоо оруулж буй жижигхэн хувь нэмэр юм байна гэдгийг яг тэр үед ойлгосон.

 

Эх орноо хайрлана гэдэг маань өөрийгөө өөрчлөхөөс эхлэх юм байна гэж бодсон. Олон хүмүүстэй танилцаж, олон хүний үзэл бодлыг сонссон. 

 

Гэхдээ тэр дунд нийгмээ дагаад тэгдэг ч юмуу, ашиг, хонжоо бодсон хүмүүс маш их байдаг юм билээ. Хүний үзэл бодол зөрчилдөж болно л доо. Гэвч цаана нь гарах үр дагаврыг нь бас бодох хэрэгтэй юм шиг байна лээ. Нэрийг нь хэлээд яахав, олон л хүн байсан. Жагсаалын дунд явсан зарим хүнийг сонсохоор ард түмний онц их хурал зарлаад УИХ-д ороод суудалтай болчих юмсан гэсэн бодолтой хүн ч байсан. Миний бодлоор ард түмний онц их хурал зарлах цаг нь болоогүй. Эхлээд төрд байгаа хүмүүсээ ажлыг нь хийлгэдэг болгох хэрэгтэй. Хуулиа өөрчлөх шаардлагатай. Бид нар ямар нэгэн төрийн эсрэг үйл ажиллагаа явуулаагүй. Засаг, төр огцор гээгүй. Зүгээр л хулгайч нарт ногдуулах хууль дүрмээ чангалаад, шударга ёсыг тогтоогоод өгөөч л гэсэн шүү дээ. Хууль хүн бүхэнд тэгш үйлчилдэг байгаасай гэсэндээ үзэл бодлоо бид илэрхийлсэн.  Үнэнийг хэлэхэд ингээд цаашаа явахаар үнэхээр хэцүү юм билээ. Би Монгол Улсын иргэн. Эх орныхоо төлөө санаа зовох нь миний үүрэг. Тэгээд улстөрчдийг, төрд байгаа хүмүүсийг шахаж шаардаад явахаар гэмт хэрэгтэн шиг болчихдог юм билээ. Энд, тэндээс хар хувцастай хүмүүс зураг дараад, дуудаад, байцаалт өг, ийшээ явья гээд эхэлдэг. Гэвч энэ бүхнээс айгаад суугаад байвал хэзээ ч бид эх орноо өөрчилж чадахгүй. Сайн сайхан цаг ирэхгүй. 

 

Миний анзаарснаар социализмын үе дуусч ардчилал, эрх чөлөө гэдэг юмыг аваад, Орос ах нар гээд байгаа хүмүүсийг, Оросуудыг хөөгөөд явуулчихсан. Тэгээд багш нь байхгүй болчихсон ангийн хүүхдүүд шиг л болчихож байгаа байхгүй юу. Ард иргэд нь учраа олохгүй, бужигнаад л, яах ёстойгоо мэдэхгүй,  дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг л яваад байна. 

 

Энэхүү ярилцлагыг уншиж байгаа иргэддээ, ялангуяа залуучууддаа нэг зүйлийг уриалмаар байна. Залуучуудыг харахад гудамжинд шүлсээ их хаяж байна. Би ч бас хаядаг байсан. Гэхдээ энэ жагсаалд оролцсоноороо би өөрийгөө өөрчилж чадсан. Шүлсээ хаяхгүй байх, хогоо, тамхиныхаа ишийг хогийн саванд хаях чинь эх орноо хайрлаж буй нэг шинж шүү. Дан ганц жагсаал биш. Би ингэж л бодож байна Тэгээд энэ жагсаал бол миний анхны жагсаал байсан. 

 

Тэрхүү жагсаалд оролцсоноор өөрт чинь эерэг олон өөрчлөлтүүд гарчээ дээ. Жагсаалд оролцохын өмнөх Н.Энхтайван өнөөдрийн Н.Энхтайван хоёр оюун санааны хувьд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

 

Шал өөр болсон. Ер нь би хогоо гудамжинд хаядаггүй л дээ. Гэхдээ гудманд тамхи татаж явахдаа хэнээс ч санаа зовдоггүй, энэ миний эрх, эрх чөлөө гэж боддог байсан. Одоогийн Н.Энхтайван бол тэгж боддоггүй. Миний эрхээс болж бусдын эрх бүү зөрчигдөөсэй л гэдэг болчихсон. Миний татсан тамхины утаагаар хүмүүс амьсгална шүү дээ. Хүний эрх, миний эрх, үүрэг, хариуцлага гэж юу юм гэх мэт олон зүйлийг ойлгож, мэддэг болсон байна.

 

Нүүрсний хулгайч нарын өөдөөс тэмцсэн тэмцэл маш том өөрчлөлт авчирсан гэж харж байна. Жишээ нь Эрүүгийн хуулийн 22.1-т маш хурдан өөрчлөлт оруулж чадсан. Шат, шатны байгууллагуудад маш том цохилт өгч чадсан. Цочроо өгсөн. Одоо л үүнийг өөрчлөхгүй бол ард түмэн босоход бэлэн болсон байна гэдгийг бид төр засагт нүдэнд нь харагдаж, сэтгэлд нь хоногштол ойлгуулсан. 

 

Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс наашгүй гэдэг шиг үүнийгээ бид зогсоож болохгүй юм шиг байна лээ. Үргэлж сануулж, сэрэмжлүүлж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол мартчихдаг ч юм уу, энэ хүмүүсийг сайн ойлгохгүй л байна. Адилхан Монгол хүмүүс байна, эх орныхоо төлөө зүтгэдэг байгаасай л гэж би тэр хүмүүсийг боддог.

 

Нүүрсний хулгайчдын эсрэг жагсаалаас өөрийн тань сэтгэлд хоногшсон, санаанд тань тод үлдсэн тохиолдлуудыг эргэн дурсаж ярихгүй юу? Бахархмаар ч юмуу, харамсмаар ч юмуу ямар үйл явдлууд болж байв? 

 

Харамсмаар зүйлс зөндөө болсон. Талбай дээр хонож эхэлснээс хойш эхний долоо хоног хүмүүс эрчтэй, идэвхитэй байсан. Тэр үед бахархах сэтгэл төрж байсан. Үнэхээр ард түмэн маань сэрээд, энэ төрийн муу, муухай зүйлсийг авч хаях гэж байна гэж итгэж, найдаж, горьдож байсан. Гэтэл гэнэт л хүмүүс цөөрөөд эхэлсэн.

 

Би талбай дээр байхдаа утсаа алдчихсан байсан тул сошиал мэдээллүүдээс хол байсан л даа. Тэгээд ахынхаа утаснаас фэйсбүүкт орсон чинь бид нарыг өдрийн 200 мянгаар жагсдаг, тансаг жагсаал, наад хүмүүс чинь зорилготой гээд л сэвж өгч байсан. Тэгэхэд л би аймаар харамсаж, гонсойж байсан.  Уйлмаар санагдсан. 

 

Хэрвээ тэр хүмүүс үүнийг уншаад, сэтгэгдэл бичиж байгаа бол хэдэн жилийн дараа, таныг хөгширсний дараа үр хүүхэд чинь эх орноо авч үлдэж чадаагүй байх юм бол, үр хүүхэд тань таниас асуух юм бол та юу гэж хэлэх вэ? л гэж би асуумаар байна. Тэр үед хэн нэгнээс, хэдэн төгрөг аваад жагсаж байгаа залуучуудыг муулж, жагсаалыг нь болиулах гэж компьютэрийн араас бичиж байсан бол үнэхээр харамсалтай л байна.  Дараа нь бид нарыг жагсаал дээр арав гаран хүмүүс ирж зодсон юм. Бид нарыг хэвтэж байхад хар хувцастай хүмүүс гэнэт орж ирээл нэг эмэгтэйн нүүрийг цөмөртөл, нэг охиныг шагайг мултартал дэвссэн. Эмнэлэгт хүргэгдээл явсан. Би босоол “юун хүмүүс вэ” гээл хартал шууд цохиод унагаасан. Өндийгөөл ордны урд байсан цагдаа нараас зуураал “бидэнд туслаач”, “энэ хүмүүсийг бариач, бид нарыг зодоод байна” гэхэд цагдаа нар хөдлөөгүй. Эх орон, газар шороо маань дуусах гээд байхад энэ хүмүүс яагаад ухаарахгүй байгаа юм бол их гомдсон гэх юмуу даа. Энэ үед бас аймаар гонсойж байсан. 

 

Яагаад зүгээр л эх орныхоо төлөө санаа зовоод, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлээд, тэвчээр алдаад жагсаж, хонож байсан залуусыг ингэж байгаа юм бэ? Ер нь хэн хар хүйтэнд талбай дээр хонохыг хүсэх юм бэ?

 

Гэхдээ бас сайхан сэтгэлтэй хүмүүс зөндөө байсан. Халуун аарц, хоол авчирч өгөөд л... Бид нарыг хонож байхад нэг эмээ бүр шөнийн 4 цагт 400 хуушуур хайраад, 40 литр аарц буцалгаад, эмээ нь хүүхдүүддээ авчирлаа гээд ирж байсан. Энэ мэт сайхан сэтгэлтэй ард түмэн зөндөө байхад бид нар иймхэн юман дээр шантрах юм бол яаж эх оронч гэдэг нэр зүүх юм бэ? гэж тэр үед бодож байсан. 

 

Одоо ингээд эргээд харахад миний оролцсон энэ жагсаал бол үнэхээр зөв, би үүнд оролцсондоо харамсдаггүй, өөрөөрөө бахархдаг, баярладаг. Хэрвээ би энэ жагсаалд ирээгүй, утасны цаана байсан бол магадгүй жагсаж байсан хүмүүсийг мөнгө авсан гээд бодоод сууж байх байсан байх. 

 

Миний үндсэрхэг үзэлтэй гээд байгаа минь толгой дотроо л үлдэх байсан байх. Одоо түүнийгээ би задалсан. Үнэхээр эх орныхоо төлөө би юм хийнэ. Гэхдээ улс төрд орж юм хийхгүй. Зүгээр л улс, эх орон, ард түмэндээ хэрэгтэй зүйл хийж, хүрээлэн буй орчноо цэвэр байлгаж л явна гэж боддог доо.

 

Төрийн ордонд ороод тэмцэж буй хүмүүстээ хандаж үг хэлчихээд явж байхад юу бодогдож байсан бэ? 

 

2023 оны 1 сарын 11-нд төрийн ордонд орсон. Тэр сонсголыг нилээн ажиглаж суусан. Өмнө нь би Ерөнхий сайдын жагсаж байсан бичлэгийг үзсэн. Яг л бид нар шиг тэмцэж байсан. Тэгээд тэр тэмцэж явсан хүн одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүнийг харьцуулаад зөндөө харж суусан. Гэтэл тэр хүн эд хөрөнгө, ширээ сандлын төлөө л тэнд гарсан юм шиг харагдсан. Би тэгж л хардсан. Олон хүн Ерөнхий сайддаа хандаад, асуулт тавиад, юм хэлж байхад тэр хүн үнэхээр хүмүүсийн сэтгэлийг дүүртэл, хангалттай хариулт хэлж чадаагүй. 

 

Намайг үг хэлэхэд хүмүүс төрийнхээ өөдөөс ёс зүйгүй үйлдэл гаргаж, буруу зүйл ярилаа гэж нилээн шүүмжилсэн байна лээ. Гэхдээ үнэхээр болохгүй байгаа байхгүй юу. Би төрөө, Ерөнхий сайдыг хүндлэнэ л дээ. Гэхдээ Ерөнхий сайдыг ажлаа хийж чадахгүй байгаад нь үнэхээр бухимдсан байсан. Тэгэхдээ тэр үйлдэлдээ хүлцэл өчиж байна.

 

Ард түмэн бол үүнээс ч хэцүү үйлдлүүд гаргахад ойрхон байгаа шүү гэдгийг тэр үед сануулахыг хичээсэн. Сошиалаар шударга ярьдаг хүмүүс чинь төрийн ордонд орохоороо шал өөр хүмүүс болдог юм билээ. Би  яг нүдээрээ харсан. Ард түмний нэр барьж ярьдаг хүмүүс чинь төрийн өндөрлөгүүдийн өмнө бөхөлзөөд явдаг юм билээ. Ийм байж болохгүй шүү дээ. Үнэхээр ард түмнийхээ төлөө, төрийн хулгайч нартай тэмцдэг л юм бол төрийн ордонд ч гэсэн адилхан байх ёстой. Тийм биз дээ. Шууд хэлэхэд “Буян”-гийн Жагаа ахыг л би яриад байна. Би жагсаал гэж явахаасаа өмнө энэ хүний яриаг зөндөө сонсдог байсан. Үнэхээр үнэн зүйл яридаг байсан. Монголын залуучуудад ажлын байр, хангалттай цалин байхгүй байна. Амьдрал хэцүү байна, үүнийг шинэчлэх хэрэгтэй гээд аймаар лаг, лаг, мундаг, мундаг юм яридаг байсан. Тэгсэн чинь төрийн

 

Юу гэсэн үг юм бэ? Бид нар ямар өөр улсаас ирээд талбай дээр нь танай улс ийм байна гээд жагсаад байгаа юмуу? Ордон луу оруулсангүй гээд баруун хаалган дээр та бүхэн нүцгэлсэн. Хамгийн түрүүнд та хувцсаа тайчсан. Тэр үед чөтгөр тогтохын аргагүй хүйтэн байсан шүү дээ. Зарим залуус осгоод эмнэлэгт хүргэгдсэн. Яагаад ийм эрсдэлтэй алхам хийх болсон юм бэ?

 

Тэр өдөр сонсгол болно гэдгийг дуулаад бид ордны баруун хаалган дээр очсон. Гэтэл огт бидэнтэй жагсаагүй, үзэл бодлоо илэрхийлээгүй, бидэнтэй ярилцаж үзээгүй хүмүүс жагсагчдыг, суулт зарласан хүмүүсийг төлөөлж байна гээд ороод байсан юм. Ингэхээр чинь шударга бус байгаа биз дээ. Үнэндээ бид хүйтэнд хоноод байж байсан хүмүүс нь, гадаа ийм, ийм юм болж байна гэж хэлэх ёстой хүмүүс чинь бид нар байхгүй юу. Гэтэл бидний урдуур шударга бусаар, ямар зорилготой нь мэдэхгүй өөр хүмүүс ороод байхаар үнэхээр шударга бус санагдсан. 

 

Тэгээд би хамгаалалтын хүмүүст нь “Яг суулт зарласан, орох шаардлагатай хүмүүс нь бид байна. Ямар материал бүрдүүлж өгөх вэ?” гэж асуусан. Тэгсэн чинь “Иргэнийхээ үнэмлэхийг аваад ир, бид дотогшоо мэдэгдээд өгье, хариу ирэхээс нааш та нарыг оруулж чадахгүй” гэсэн. Тэгээд би төв шуудан руу яваад иргэний үнэмлэхнийхээ хуулбарыг аваад ирсэн чинь яг өөдөөс пад гээд хаалгаа хаасан. “Яаж байгаа юм бэ? ахаа, би хуулбараа аваад ирлээ. Би Монгол Улсын иргэн, та хар л даа” гэсэн чинь “Та нарыг оруулах боломжгүй, оруулахгүй гэж байна гэнэ” гэсэн. 

 

Тэгээд гайхаад байж байтал хажуугаар хүмүүс “Жагсагчдын төлөөлөл байна” гээл паспортоо өгөөд шууд орж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яах гэж бид нар тэнд олон хоног сууж, хоносон юм бэ? гэж бодсон. Тэр хүмүүсийн нүдэнд харагдаж, чихэнд сонсгох гэж л сууж байгаа шүү дээ. Тэгсэн чинь огт үзэгдэж харагдаагүй хүн ороод байхаар чинь шударга бусыг үл тэвчсэндээ, дүлий төрд шивнэж хэлж болохгүй байгаа учраас, үнэхээр залуучууд нь энд байгааг хараг гэсэн үүднээс би өөрөө хувцасаа тайлж эхэлсэн. Тэгсэн залуус маань харин дагаад хувцасаа тайлаад эхэлсэн. Тэр үед би бас хэлж л байсан, сэтгэл хөдлөлөөр бүү хандаарай, энэ бол миний үзэл бодол шүү. Залуучуудаа би өөрөө тэвчихгүй байгаа болохоор хувцсаа тайлж байнаа гэсэн. Залуучууд бид нар бас тэвчихгүй байна гээд тайлсан. Бид ордон ормоор байна гэж хоёр цаг гадаа суусан. Их л юм бодогддог юм билээ.

 

Нүцгэлснээр зөв үр дагавар гарах болов уу, үгүй болов уу гээл яг нүцгэлсэн хойноо боддог юм билээ. Бидний хүсэж байсан үр дүн гараагүй. Эмнэлэгт үзүүлэх гэж байна гээд биднийг түргэний машинаар 111 рүү ачсан. Яахав очоод багахан эмчийн үзлэг хийсэн л дээ. Тэгээд цагдаа нар гарын арын болон алганы хээ, бүтэн биеийн зураг, бүх биен дээрх содон тэмдэгүүдийг зургаар баримтжуулж авдаг юм билээ.

 

Хар тамхины шинжилгээ өгсөн. Энэ бол цагдаагийн ажил байх л даа. Гэхдээ бид чинь тэнэг хүмүүс биш байхгүй юу. Зүгээр л ирээд мэдүүлэг, байцаалт өгөөч, та ямар учраас ингэсэн бэ гээд цагдаа үнэмлэхээ үзүүлээд хэлсэн бол мал биш болохоор өө за тэгье гээд очно шүү дээ.  Тэгэхгүй дайн болох гэж байгаа юм шиг олон цагдаа ирээд барьж аваад өшиглөөд, цохиод машин руу хийсэн. Тэгж аваачаад 5, 6 цаг байцаасан. Би бүр гутал ч үгүй явсан. Нүцгэнээрээ ачигдсан. Эмнэлэг хэвийн гэж үзээд явуулсан. Буцаад талбай дээр иртэл дахиад ачаад явчихсан. Ингээд нэг өдөр хоёр удаа ачигдаж байгаа юм. Тэгээд Баянзүрхийн госпиталаас бүр шөнө гарч ирсэн. 

 

Нүцгэлсэн дээр хүмүүс бас мөнгө авсан гэж ярисан байна лээ. 

 

Мөнгө авсан гэж яриад байгаа хүмүүс нотлоорой. “Буян”-гийн Б.Жаргалсайхан ахад хандаж хэлэхэд та энэ зүйлээ нотлоорой. Хаанаас, хэн, хэдэн төгрөг авсныг хэлээрэй. “Буян”-гийн Б.Жаргалсайхан ахыг би уул нь шударга, нотлох баримттай ярьдаг хүн гэж боддог байсан чинь бас л гүтгэлгийн чанартай ярьж байгаа байхгүй юу. Өдрийн 200 мянган төгрөгөөр нүцгэлсэн гээд сүүлд бас Ерөнхий сайдтай уулзсан уулзалтан дээрээ ярьж л байна лээ. Үүнийгээ нотлоорой гэж хэлмээр байна. Бусад хүмүүс ч гэсэн нотлоорой. Хүн гүтгэх хуультай байдаг.  Хамгийн хүчирхэг орон хуулиндаа захирагддаг гэж би сонсож байсан. Энэ нь ч угаасаа үнэн байх. 

 

Хамт тэмцэж, талбай дээр хонож байсан залуусынхаа тухай ярихгүй юу? Өмнө нь биенээ таньдаг байсан уу? Та нарын хооронд ямар яриа өрнөдөг байсан бэ? 

 

Би хэнийг нь ч өмнө таньдаггүй байсан. Угаасаа талбай дээр ганцаараа очсон. Сайн найзуудаа хамт явья гэхэд яваагүй. Харин жагсаалын дундуур нь намайг эргэж байгаа юм шиг ирж байсан (инээв). Талбай дээр Н.Энхтайваны найз гэх тодотголтой нэг ч хүн байгаагүй. Тэнд байсан залуучуудтай яагаад  нийлээд явсан бэ гэвэл үзэл бодол нэг байсан. Бид төр, засгийг буулгая, нураая, эвдье гэж дайраагүй. Бид нарт зүгээр л ирээдүй хойч, дүү нарын минь боломжийг хулгайлсан хүмүүстэй хариуцлага тооцоод өгөөч ээ гэдэг үзэл бодол нэгтэй байсан. 

 

Бид нар сар гарангийн дараа л нэрээ мэдэлцэж авсан. Өмнө нь хувцсаараа нэгнээ таньдаг болчихсон байсан. Улаан дээлтээ, ногоон дээлтээ гээд л... Тэр залуучууд миний мэдэхийн үнэхээр мундаг, яг эх орноо гэсэн сэтгэлтэй залуучууд байсан.

 

Одоо тэднээрээ бахархдаг. Тэр залуучууд маань үзэж байвал та нартаа үнэхээр баярлалаа. Та нар минь байсан болохоор магадгүй энэ тэмцэл өнөөдөр ингэж үр дүнд хүрч, ард түмэн ойлгосон байх гэж би боддог. Тэдэндээ үнэхээр баярлалаа гэж хэлье. Одоо ингээд харахаар би үнэхээр тууштай явж чадахгүй байгаа. Би эхнэр, үр хүүхэд, гэр бүлтэй хүн шүү дээ. Хоёр сар гаран талбай дээр байж тэмцэл хийсэн. Одоо ямар ч санхүүгүй болсон. Гэрт асуудлууд гарч байгаа. Гэр бүлийн асуудлаа шийдчихээд эргээд тэмцэлдээ орно. 

 

Сүүлд би зүгээр ярилцаж байсан хүнээсээ нэг ийм үг сонссон юм. Тэр хүн намайг “Чи эхлээд өөрийгөө зас, дараа нь гэр бүлээ зас, тэгээд эх орноо зас” гэсэн. Тэгж тэмцэхгүй бол өнөөдөр чи энд мянга орилоод, тэмцээд байвал хүмүүс чамайг утасны цаанаас л мундаг байна гээл ярина. Гэтэл чиний гэр бүлийг чамаас өөр хэн ч асрахгүй.

 

Тийм учраас эхлээд өөрийгөө, гэр бүлээ зас, тэгээд төрөө зас гэж хэлж байсан. Одоо ингээд бодоход тэр нь яг зөв байгаа байхгүй юу. Одоо энд ингээд орилоод яваад байвал хэн ч миний гэр бүлийг тэжээхгүй шүү дээ. Тийм болохоор гэр бүлээ цэгцлээд дараа нь, цаг хугацааны асуудал, магадгүй хэдэн жилийн дараа ч байж болно. 5, 10 жилийн дараа ч байж болно. Эргээд Н.Энхтайван гараад ирэх ч юм билүү. Магадгүй тэр үед эх орон минь сайхан болчихсон байх юм бол хэн ч тэгж гарч ирэхгүй шүү дээ. 

 

Олон залуучууд гадагшаа амьдрал хөөгөөд явж байна. Залуучууддаа хандаж юу гэж хэлмээр байна? Ер нь Н.Энхтайваны мөрөөдөл, цаашдын зорилго юу вэ?

 

Би багадаа морио уяад, алдарт уяач болоод хөдөө амьдарна гэж мөрөөддөг байсан юм. Дараа нь сургууль соёлд яваад хөтлөгч, дуучин болно гэж боддог байсан юм. Үсчин, жүжигчин болно гээд л гоё, гоё мөрөөддөг байлаа. Энэ бол яахав хүүхэд насны минь л гэнэн мөрөөдөл байхгүй юу. Тэгээд яг өөрийнхөө бодож байснаар явья гэтэл надад боломж нь байгаагүй, олдоогүй. Би 11 настайгаасаа ажил хийж эхэлсэн. Би дороо таван дүүтэй. Ээж минь бие муутай тул дүү нараа тэжээж, өмсөх хувцсыг нь олохын тулд ажиллаж эхэлсэн. Намайг 11 настай байхад ээж минь хорт хавдар туссан. Аав маань орхиод явчихсан. Миний амьдрал үнэхээр хэцүү л өссөн. Сургуульд сурах боломж минь байхгүй болсон. Бага наснаасаа өвөөгөө дагаад элс шигшээд, тоосго зөөгөөд явдаг байсан. 15 нас хүрээд барилга дээр арматуран дээр ажилласан. Эрхлэх насан дээрээ би юм ойлгож эхэлсэн. 

 

Яг сурч боловсрох насан дээрээ би тэмцээд явж байгаа байхгүй юу. 

 

Энэ бол манай нийгмийн нэг гажуудсан зүйл нь юм. Би нэг зүйл уншсан. Жагссан залуусын зургийг тавиад дээр нь “Худлаа сагсуурч, орилж, сэтгэл хөдлөлөөрөө хандаж төрийнхөө өөдөөс шүлсээ үсэргэж байгаагаа битгий тэмцэгч эх оронч гэж нэрлээрэй. Мэдлэг, боловсролгүй байж битгий төрийнхээ өөдөөс үг дуугарч байгаарай” гэж бичсэн пост явж байсан юм. Гэтэл ядаж төр гэж ийм шүү, ард иргэд гэж энэ шүү гэж надад хэн заасан бэ? Хэн ч заагаагүй. Ядаж хүний эрх, үүрэг, хариуцлага гэж ийм байдаг шүү гэдгийг надад хэн ч заагаагүй. Яг эдгээрийг сурах насан дээрээ би ажил хийгээд явж байсан. Одоо л би тэмцэл дээр ирснээрээ үүнд суралцаж эхэлж байна. Хэн ч бидэнд заагаагүй. Хэн ч биднийг боловсруулахад санаа тавиагүй. Бүх боломжийг нь төр хулгайлчихсан. Төрөө бас буруутгаж болохгүй. Төрд орсон шимэгч хулгайчууд ард иргэдийн боломжийг хулгайлаад аваад явчихсан. Тийм болохоор миний мөрөөдөл, зорилго бүтээгүй. Тэгээд одоо би мөрөөддөг юм.

 

За яахав миний үе ингээд дуусдаг юм байж. Би энэ үе дээрээ үхэн үхтлээ тэмцээд, эх орноо сайхан болгохын төлөө яваад дуусна. Угаасаа тэр бол ойлгомжтой. Тэгсэний дараа үр хүүхэд минь сайхан амьдраасай гэдэг мөрөөдөлтэй л байна.  Уул нь би чинь 23-хан настай залуу хүн шүү дээ. 

 

Амьдралаа сайхан болгоё, сайн боловсролтой больё, сайхан машин уная, сайхан байшинд амьдарья гэж мөрөөдөх ёстой. Даанч надад тэр боломж нь олдсонгүй. Одоо ч гэсэн тэр боломж нь байхгүй байна. Тийм болохоор ирээдүйн дүү нарынхаа, үр хүүхдүүдийнхээ төлөө сайн сайхан зүйлсийг хийж, бүтээх юмсан гэдэг зүйл л миний 23 наснаас хойшхи чин хүсэл, мөрөөдөл болчихсон. Энэ мөрөөдөл минь хэзээ ч арилахгүй байх аа. Намайг гудамжаар алхаж явахад хүмүүс асуудаг юм. “Хүүе, дүү нөгөө жагсаал юу болсон бэ? Ямар ч үр дүн гарахгүй байгаа биз дээ?” гэдэг байхгүй юу. 

 

Энэ бол тийм биш. Үүнийг уншиж байгаа ард түмэндээ хэлэхэд эх орныхоо төлөө санаа зовж байгаа бол өөрсдөө дунд нь ороод улс орныхоо төлөө хэлсэн үг, хийсэн үйлдэлтэй байгаад үзээч ээ, дан ганц би тэмцэх ёстой юм шиг, би ард түмний төлөө явах ёстой юм шиг ийм хандлагаа болих хэрэгтэй байна. 

 

Бид өнөөдөр хүнд найддагаасаа болоод алддаг юм байна лээ. Хүнд найдах хэрэггүй, бид нар өөрсдөө хийж бүтээх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Залуучууддаа хандаж хэлэхэд дүрэм бол дүрэм байдаг шүү. Дүрмийн дагуу амьдарья л даа гэж хэлмээр байна. Хогийн саванд бид хог хийх ёстой. Гудамжаа бид цэвэрхэн байлгах ёстой. Биднийг өглөө цэвэрхэн замаар алхуулахын тулд шөнийн 3, 4 цагт бидний аав, ээж шиг хүмүүс, ТҮК-ийн ах, эгч нар үүр шөнөөр гараад хог шүүрддэг гэдгийг бодоорой. Тэднийг хүндэтгээрэй.

 

Би таны ажлыг хүндэтгээд өнөөдөр яриа өгөөд сууж байна. Түүн шиг бусдынхаа ажлыг хүндэтгэж байж эх орон маань хөгжинө.  Түүнээс бус зүгээр л уусан үедээ миний өвөг дээдэс би Чингис хааны үр сад гээд огшоод байвал хэзээ ч бид нар хөгжихгүй. 

 

Тиймээс магадгүй сургуульд сурсандаа, олон жил ном уншсандаа хүн боловсролтой байдаггүй. Хүн ухамсартай байснаараа боловсролтой байдаг юм билээ. Өнөөдөр миний хажууд хэн нэгэн тамхи татаад хогоо хаяад явж байвал би шууд “Ингэж болохгүй, хотын соёл хогоо хогийн саванд хаяахаас эхлэнэ” гэж хэлнэ. Нэг нэгэндээ зөв шаардлага тавьж, зөв харилцаж сурцгаая. Үүнийг уриалья. 

 

Ярилцсан Ч.Явуухүү

sonin.mn