Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар: 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

-Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах багц хуулийн төслийн талаар зэрэг 23 асуудал хэлэлцэж, танилцжээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Энэ үеэр Тэрбээр "Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллага буюу WADA-гаас МУ-ыг олимпын наадамд цагаан тугтай орох эрсдэл үүссэнийг мэдээлсэн. Энэ хүрээнд яаралтай ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнөөдөр Засгийн газрын хуралдаан өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулж, үүрэг чиглэл авлаа.

Монголын допингийн эсрэг байгууллага 2007 онд байгуулагдсан байна. Тус байгууллагад өнгөрсөн онд Вадагаас нийт 21 зөрчлийг арилгах шаардлагыг ирүүлсэн байдаг. Гэвч заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй учир нь хязгаарлалт хийх алхмыг хэрэгжүүлж эхэлсэн. Харин сая Азийн залуучуудын наадамд Б.Бат-Эрдэнэ сайд оролцох үеэрээ Шанхай хотод болсон WADA-гийн хуралд оролцсон. Энэ үеэр  өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлж, гаргасан алдаа дутагдлаа богино хугацаанд засаж залруулахаа илэрхийлсэн. Үр дүнд нь WADA-гаас ирэх оны нэгдүгээр сарын 22 хүртэлх хугацааг өгсөн байна. Энэ хугацаанд чухал, ноцтой гэж үзэж байгаа 5 зөрчлийг арилгах үүрэг өгсөн " гэлээ.

Мөн Б.Бат-Эрдэнэ сайд "Бид допингийн эсрэг, олон улсын ВАДА байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Биеийн тамир спортын хуулийн шинэчилсэн найруулга бэлэн болсон. Намрын чуулганаар энэ хуулийг батална. Энэ хуульд  допингийн нэг бүлэг нэмсэн. Ингэхдээ ВАДА-гаас тавьдаг шалгуурыг бүхэлд нь оруулсан. Тус байгууллагаас бидэнд үндэсний дүрмээ яаралтай батлах зөвлөмж өгснийг биелүүлэв. Мөн бидэнд ирүүлсэн, зургаан төрлийн зөрчлийг арилгахаар ажиллаж байна.  

БНСУ-ын лаборатори руу бүх төлбөрийг Засгийн газраас шилжүүлсэн. Эдгээр зөрчил бүгд шинжилгээтэй холбоотой" гэлээ.