Биеийн тамир, спортын улсын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээл хийлээ. Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга "Манай хорооноос 2023 онд нийт 48.8 тэрбум төгрөгийн 35 төсөл арга хэмжээг хэрэгжүүлээд явж байна. Үүнд шинээр хэрэгжиж буй арга хэмжээ байхгүй. Удаашралттай байгаа барилгуудын талаар тайлбар өгье.

Налайх дүүргийн биеийн тамир спортын цогцолбор буюу 700 хүний суудалтай төслийг анх 2013 онд хэрэгжүүлж эхэлсэн. Захиалагчаар манай байгууллага, гүйцэтгэгчээр "Бүрд констракшн" ажиллаж байсан юм. Уг төсөл нь анх эрүүл мэндийн яам дээр байсан бол 2017 БШУЯ-нд шилжсэн байдаг.

Улмаар 2021 онд Биеийн тамир, спортын улсын хороонд шилжиж ирсэн юм. Тус барилгын нийт өртөг нь тухайн үедээ 9.5 тэрбум төгрөгөөр эхэлж байсан. Улмаар үнийн өсөлтөөс шалтгаалаад 15 тэрбум төгрөг болж өссөн байгаа.

Ирэх онд багтаагаад ашиглалтад оруулна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг барилгад жил бүр 15 тэрбум төгрөгийн төсөв тусгадаг гэх мэдээлэл гарсан байсан. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна.

Дараагийн нэг асуудал нь допинг. "Ханжоу-2022" Азийн наадмын үеэр допинг илэрсэн харамсалтай мэдээлэл гарсан. Уг асуудлын улмаас Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын боксын холбоотой хийсэн гэрээгээ аравдугаар сарын 17-нд цуцалсан. Харин Боксын холбооноос бидэнд хариу мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзоригийг Боксын холбооноос хасаж мөн хоёр дасгалжуулагчийн цалингийн 20 хувийг хасах шийдвэр гаргасан байгаа. Энэ арга хэмжээг спортын хороо биш Боксын холбооноос гаргасан. Харин Хүндийн өргөлтийн холбооноос Б.Эрдэнэзулыг 2027 оны аравдугаар сарын 27 хүртэл гадаад, дотоодын тэмцээнд оролцох эрхийг хассан.

Мөн ОУ-ын допингийн байгууллагад 5000 мянган доллар 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний дотор төлөхийг дасгалжуулагч Н.Март, тамирчин Б.Эрдэнэзул нарт оногдуулсан байгаа. Биеийн тамир спортын хорооноос допингийн асуудалтай хэзээ ч эвлэрэхгүй. БТСУХ-оос хувь тамирчинд ямар нэгэн асуудал яриагүй. Тамирчин эрхээ хамгаалах процесс үргэлжлээд явна" хэмээн ярилаа.