Өвөл хэдийнээ болжээ. Жавар тачигнах арай болоогүй ч энэ жил өмнөх жилээсээ эрт хүйтэрлээ. Хасах хэм зааж буй эдгээр өдрүүдэд иргэд өглөө, оройдоо нийтийн тээвэртээ суух гэж хамгийн багадаа 30 минут хүлээж зогсох болоод хэдэн өдрийг үдэв. 

Өнөөдөр Даваа гариг өмнөх өдрүүд шиг иргэд автобусаа 30-40 минут хүлээж автобусны буудал дээр зогсоно. Жишээлбэл, 10-р хорооллын автобусны буудал дээр жоохон хүнтэй байлаа. Автобус ирвэл багтаж суучих юм байна гэсэн бодолтой зогсож байтал 30 минутын дараа ирэх нь тэр. За ирсэн эхний, хоёр дахь, гурав дахь автобусанд мөн л багтаж сууж чадсангүй дээ. Зарим нь бүр автобусны буудал дээрээ зогсохгүй шууд алгасаад явчихав. Иргэд араас нь "ядаж хоёр хүн болов суулгачихгүй, ажлаасаа хоцорчихлоо. Эхний цагийн хичээл ч бүр өнгөрлөө" хэмээн ам амандаа бувтнаад орхин одсон автобусны жолоочид гомдоод авлаа. 

Монголчууд бид 30 жилийн өмнө л нийтийн тээвэртээ багтаж сууж чадахгүй. Суусан хойноо зөрөх нь бүү хэл, хөл гишгэх ч зайгүй байсан гэхээр үнэхээр бухимдмаар. Ард түмний төлөөлөл болж улс төрд орон төр түшилцэж яваа эрхэмүүд мөнгө л иддэг гэдэг нь ганц "ногоон автобус"-аар тогтохгүй.

Хотын мээрийн суудалд суугаад удаагүй байгаа Х.Нямбаатар аа, "Гадаа хүйтэрч, иргэд автобусаа 20-60 минут хүлээсэн ч ирсэн автобусандаа багтаж сууж чадахгүй байна. Автобус нь хүнээ суулгаж ч амжихгүй пиг хүнтэй хаалгаа арайхийж хаагаад хөдөлнө. Автобусны хүртээмж маш муу байна" одоо яах вэ?

Нөгөөтэйгүүр, автобусанд зорчих одоогийн 500 төгрөгийн үнийг 1000 болгож нэмэх талаар яригдаад удаж байгаа билээ. Үүнийгээ хэрэгжүүлэх гээд автобусны хүртээмжээ багасгасан уу гэх харж төрөөд байна. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 1000 автобус 107 чиглэлд явж байна. Эдгээрээс 700 гаруй нь 2009 онд орж ирсэн хуучин автобус. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд сүүлийн 14 жилийн хугацаанд шинэчлэлт хийгдээгүй. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэх ажлын хүрээнд энэ онд 800 автобус шинээр оруулж ирэхээр төлөвлөсөн ч ердөө 274 автобус л шинэчлэгдээд байгаа юм. 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

Нийтийн тээвэртээ багтахгүй байгаад "хэн ч буруугүй"

"Хулхидуулсан" иргэд автобусандаа хаягдаж, хүлээсээр...

Чихээд ч багтдаггүй нийтийн тээвэр түгжрэл бууруулж, ашиг олох ч замхарлаа