Өчигдөр 18:00 цагийн орчимд Улаанбаатар хотын төвийн зарим газар, Таван шар орчимд тог тасарчээ. 

Нийслэлд цахилгаан хязгаарлах хуваарийг өдөр бүр УБЦТС ТӨХК-аас мэдээлж байсан ч сүүлийн өдрүүдэд мэдээлэхээ болиод байгаа юм. 

Иймээс цахилгаан хязгаарлах хуваарь гарахаа больсон эсэх болон зарим газар урьдчилж мэдэгдэхгүйгээр гэнэт цахилгаан хязгаарлаж буй шалтгааныг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-ийн холбогдох хүмүүсээс тодрууллаа. 

Хуваарийн талаар УБЦТС ТӨХК-ийн эх сурвалж хэлэхдээ "Цахилгааны хуваарь гаргахгүй байна гэдэг нь хязгаарлахгүй байгаа гэсэн үг. Хүйтний эрч нэг хэмээр нэмэгдэхэд эрчим хүчний ачаалал нэг МВт-аар өсдөг. Гадаа градус буураад ирэхээр гайгүй байх шиг байна.

Диспетчерийн Үндэсний Төв(ДҮТ)-өөс УБЦТС ТӨХК-д ийм хэмжээний МВт хөнгөлөөрэй гэх чиглэл ирэхээр хотын хэмжээнд цахилгаан хязгаарлах арга хэмжээ авдаг. Одоогоор бол хязгаарлалт хийх хуваарь зарлуулъя гэж орж ирэхгүй байгаа" гэв. 

Тэгвэл хуваарь гарахгүй байгаа ч зарим газар гэнэт тог тасарч байгаа шалтгаан юу болох талаар УБЦТС ТӨХК-ийн оператор н.Дуламсүрэнгээс асуухад "Одоогоор дахин цахилгаан хязгаарлах шинэчлэгдсэн албан ёсны хуваарь гараагүй байна. Нэгдүгээр сард хуваарь дээр төлөвлөгдсөн хязгаарлалт хийгдээд дууссан.

Одоо бол ганц хоёр ачаалалтай бүсүүдэд горимын ачааллыг хөнгөлөх үүднээс хаяадаа гэнэт гэнэт хязгаарлалт хийгдэж байна. Өөрөөр хэлбэл хязгаарлалт хий гэсэн үүрэг даалгавар гэнэт ирж байгаа. Төлөвлөгөөт ганц нэг газруудад хязгаарлахаас өмнө мессэж илгээж амждаг. Гэнэтийн ачааллын үед мессэж явуулах боломжгүй, нэг цагийн хязгаарлалт хийж байна" хэмээн хэллээ.