Иргэд, доноруудыг Цагаан сарын баяраас өмнө цусаа өгөхийг уриаллаа
2024/01/26
Жил бүрийн хоёрдугаар сард Монголын уламжлалт сар шинийн баяртай холбоотойгоор амралт, хоол хүнсний хэрэглээний онцлогтой холбоотой цусны донороос түр хасагдалт нэмэгдэж, цус өгөлт бусад саруудаас харьцангуй бага байдаг байна.
Энэ удаа хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гараг сар шинийн баяр тохиож байгаа тул Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв(ЦССҮТ) эхний долоо хоногийн Бямба гарагт буюу хоёрдугаар сарын 3-ний өдөр ажиллахаар болжээ.
Иймд тус төвөөс иргэдийг цусаа бэлэглэхийг уриаллаа.
Цус цуглуулах газар: Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хашаан дотор байрлах Баянзүрх цус цуглуулах төв
Цус цуглуулах цаг: 2024 оны хоёрдугаар сарын 3-ний 9:00-13:00 цаг хүртэл
Цусны нөөц хэр байгааг ЦССҮТ-өөс тодруулахад "Цус цуглуулалт хэвийн хэмжээнд байгаа нөөц хангалттай бий. Эмнэлгүүдэд олгодог бүтээгдэхүүнүүд олгогдож байгаа.
Цагаан сарын баяраас өмнө иргэд, донорууд маань цусаа бэлэглэх нь илүү үр дүнтэй. Учир нь Цагаан сараар хүнд хоол хэрэглэдэг учраас доноруудын цусаа өгөх идэвх бага зэрэг буурдаг тул өмнөх хоногуудад нь амжиж цусаа өгөхийг уриалж байна" гэлээ.