Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

Нийгэм: Нийтийн тээврийн өөрчлөлт иргэдийг маш ихээр бухимдуулж чирэгдэл учруулсан үйл явдлаар долоо хоног эхэлсэн. Зарим чиглэлд буюу төв замаараа зорчдог нийтийн тээврийн тоог нэмээд өг гэх хүсэлтийг иргэд тавьсан ч харин эсрэгээрээ цөөлөөд маршрутыг нь хойд замаар явдаг болгож өөрчилсөн нь өнөөдрийг хүртэл нийслэлийнхэнд төвөг учруулсаар байна. Хуучин ачаалал ихтэй үед 20-30 минут хүлээж байгаад автобусандаа багтаж чихээд суудаг. Үлдсэн нь дараагийнхдаа суудаг байсан боловч одоогийн маршрутаар хотын төвөөр цөөхөн чиглэлийн автобус явж байна. Түүнчлэн 30-40 минут иргэд автобусаа хүлээсэн ч багтаж сууж чадахгүй хэвээр. Асуудлыг шийдэх биш улам дордуулсан хэмээн иргэд үзэж байгаа юм. Нийтийн тээврийн өөрчлөлт хийгдсэн маршрутад иргэд бухимдалтай байна

Өнөөдрөөс гурав хоногийн өмнө Нийслэлд аймшигтай үйл явдал болж Онцгой байдлын гурван алба хаагч амиа алдаж, олон иргэд сэтгэл санаа, гэр орон, байр сууцгүй болж хохирол амсаад байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн газ тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч Түлэнхийн төв дээр 14 хүн хүргэгдэн ирснээс зургаан хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Гэтэл өнгөрсөн шөнө 19 настай биеийнх нь 80-90 хувь нь түлэгдсэн залуу шархаа даалгүй нас баржээ. 

Үүнээс үүдэж SOS: Иргэд стандарт бус шатахуун түгээх газруудыг татан буулгахыг шаардаж байна юм.

Улс төр: Эрх баригчид нийгэмд болсон гаймшигт ослын талаар үг дуугарсангүй. Хотын дарга нь АНУ-д албан ажлаар яваа гэхээс өөр зүйл алга. Харин Шадар сайд С.Амарсайхан осол гарсан газар өөрийн биеэр очиж ажилласан.

Засгийн газрын хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар авч хэлэлцэж, зарим сайд нарт үүрэг чиглэл өгсөн байна. 

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Улсын онцгой комиссын мэдээллийг сонссон.  Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг сонслоо. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс амь насаа алдсан албан хаагчдын ар гэрт сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, нөхөн олговрыг яаралтай шийдвэрлэхэд улсын онцгой комисс, ОБЕГ-т даалгасан. 

Мөн хэрэг шийдвэрлэх хүртэл гал түймэрт өртөж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай техник төхөөрөмжийн жагсаалт, төсөв хөрөнгийн тооцооллыг танилцуулахыг үүрэг болгосон. 

Түүнчлэн Нийслэлийн газар олголттой холбоотой нээлттэй сонсгол явуулахыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өглөө. Тэсэрч дэлбэрэх бодисыг тээвэрлэхтэй холбоотой стандартыг олон улсын жишигт нийцүүлэхийг даалгалаа" гэлээ.Мөн Шадар сайд С.Амарсайхан "Албан үүргээ гүйцэтгэж яваад  амь насаа алдаж, эрсдэлд орсон онцгой байдлын албан хаагчдын ар гэрт олгох мөнгөн тусламж, тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэлээ. Хоёрдугаарт, осол гэмтлийн улмаас түлэгдэж, угаартаж, эмчлэгдэж байгаа иргэдийн санхүүжилтын асуудлыг шийдвэрлэлээ. 60 айлын орон сууц гал түймэрт өртсөн. Орон сууцыг засахтай холбоотой асуудлыг ЗГ-ын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхээр боллоо" гэлээ.

Эдийн засаг: Хонины махны үнэ өмнөх долоо хоногийнхоос 2.6 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос энэ долоо хоногт гол нэрийн барааны үнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулан гаргажээ. Улаанбаатар хотод 2024 оны нэгдүгээр сарын 22-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар, өмнөх долоо хоногоос 0.9 хувиар тус тус өссөн байна. 

Тухайлбал, Хонины мах өмнөх долоо хоног кг тутамд 12845 төгрөг байсан бол энэ долоо хоногт 13180, үхрийн мах өмнөх долоо хоногт 16309 төгрөг байсан бол өнгөрсөн даваа гарагийн байдлаар дунджаар 16465 төгрөг болж нэмэгдсэн байна. 

Спорт:  "ХОЛБООДЫН НЭГДСЭН УАШТ-2024" тэмцээнээс  Н.БАЯРАА, Э.ДАВААХҮҮ, Г.ХЭРЛЭНЦЭЦЭГ НАР ХОС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Хийн буудлагын 16 дахь УАШТ ҮШБ-ийн бэлтгэл сургалтын төв болон "Буянт-Ухаа" спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээнд 130 гаруй тамирчин зургаан төрөлд өрсөлдсөн юм.

Хамгийн сүүлд урт буу, гар бууны холимог хосын төрөл болоход "Алдар" спорт хорооны баг давхар цохилт хийж, хос алтын эзэд боллоо.

ОУХМ Н.Баяраа, Э.Даваахүү, Г.Хэрлэнцэцэг нар УАШТ-ээс хос алтан медаль хүртлээ.

Соёл урлаг:        "Монте Карло" 46 дахь oлон улсын мэргэжлийн циркчдийн тэмцээнээс акробатын төрөлд Монголын анхны МӨНГӨН АЛИЛАГЧ ЦОМЫГ хүртлээ

СУИС-ийн БУС-ийн багш, Цагдаагийн Сүлд чуулгын бүжиг дэглээч, СТА Ё.Дамчаабадгарын оюун ухаан, бодлоос төрсөн гарсан бүжгийн хөдөлгөөн, найруулгаар баяжуулагдан Циркийн урлагийн бүтээл болон мэндэлсэн “ХҮННҮ ЭЗЭНТ ГҮРЭН”- онгод бүтээлийг Монголын циркийн Амараа шидэх банзны хамтлаг нь Дэлхийн циркчдийн Олимп гэгдэх циркчдийн xамгийн нэр хүндтэй “Монте Карло” 46 дахь oлон улсын мэргэжлийн циркчдийн тэмцээнээс акробатын төрөлд Монголын анхны МӨНГӨН АЛИЛАГЧ ЦОМЫГ хүртлээ.

Энэхүү бүтээл нь оны өмнө буюу 2023 оны 10 сард БНХАУ-д зохиогдсон Дэлхийн аварга гэгдэх нэр хүндтэй тэмцээнээс “Мөнгөн арслан” хүртсэн юм.

Монголын циркчид анх Monte- Carlo Олон улсын мэргэжлийн циркчдийн тэмцээнээс 1986 онд анх удаа уран нугаралтын төрлөөр мөнгөн алиалагч цом авсан түүхтэй аж. Тэгвэл энэхүү гайхалтай түүхийг 37 жилийн дараа Монголын циркийн Амараа шидэх банзны группийн залуучууд акробатын төрлөөр Монте-Карлогийн анхны мөнгөн цомыг Монголдоо заллаа.