Цагаан сарын өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа болж байгаа төвүүдийн мэдээллийг хүргэж байна.

ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС ХЭРЭГЛЭГЧИД ҮЗЭСГЭЛЭН ШИНЭ 100 АЙЛД

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна. Үзэсгэлэн худалдаа 2024 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр гарна.

Цагийн хувьд 09:00-20:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлах “Шинэ зуун айл” худалдааны төвд гарна.

ИМПОРТЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ХҮНС, БАРААНЫ ТӨРӨЛЖСӨН ХУДАЛДАА МИШЭЭЛД

Мишээл Экспод зохион байгуулагдаж буй “Цагаан сар -2024” үзэсгэлэн худалдаа энэ жил төрөлжсөн болж байгаагаар онцлогтой. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 18-25-нд импортын болон дотоодын бараа бүтээгдэхүүн, нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2 хүртэл үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, хоёрдугаар сарын 3-9 хүртэл үндэсний болон импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаа гарч байгаа аж.

"ХҮННҮ"-ГИЙН ЭКСПО

Нисэх, Яармаг бүсэд амьдардаг иргэд хотын төв рүү заавал очиж, түгжрэх шаардлагагүй нэг дороос бүх хэрэгцээт хүнс, бараагаа бэлтгэх боломжийг "Хүннү молл" худалдааны төвийн экспо танхимд болж буй үзэсгэлэн худалдаа олгож байна. Цагаан идээ, хүнс бараанаас эхлээд эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эрдсийн шинжилгээг ч үнэ төлбөргүй авч байгаа гэлээ.

Нэгдүгээр сарын 13-нд эхэлсэн тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 8-нд дуусах юм байна.

НАРАНТУУЛ, ДЭНЖИЙН 1000-Д ЗАДГАЙ ТАЛБАЙН ХУДАЛДАА ГАРЧ БАЙНА

Дээрх төвүүдээс гадна томоохон зах, худалдааны төвүүдэд баярын барааны худалдаа хэдийнэ эхэлсэн. Нарантуул, Дүнжингарав, Бөмбөгөр, Хархорин зэргээс гадна Дэнжийн-1000, Нарантуул-2 зэрэг захуудад ч мах болон цагаан идээний өргөтгөсөн худалдаа гарчээ.

Иймд та бүхэн өөрт ойр байршлуудад байгаа үзэсгэлэн худалдаанаас хэрэгцээт хүнс, бараагаа авахыг зөвлөж байна.