Ховд аймгийн цахилгаан барааны дэлгүүрээс хулгайлсан эд зүйлээ Улаанбаатар руу авч явж байгаад баригджээ
2024/02/06
Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд байрлах “Цахилгаан барааны дэлгүүрт хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран шалгалтыг шуурхай зохион байгуулж, сэжигтэй этгээдийг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээр дамжин Улаанбаатар хот руу зорчих үед нь баривчилсан байна.
Уг этгээдээс хулгайн эд зүйл болох 25 ширхэг гар утас, дөрвөн ширхэг зөөврийн компьютерыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.
Иймд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд гадна болон дотор орчны хяналтын камер, дохиолол хамгаалалтын хэвийн ажиллагааг хангаж, сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эргүүл, жижүүр ажиллуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.