Энэ сарын 15, 16-нд огцом дулаарч, 17-ноос цас шуурч хүйтэрнэ
2024/02/14
Цаг уурын эрс тэрс өөрчлөлттэй холбоотойгоор халиа тошин, шар усны үерээс сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комисс (НОК) болон бусад албаныхан мэдээлэл өглөө.
Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн хэлтсийн ерөнхий инженер Б.Жаргалан "Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн үед нэмэгдсэн. Зуны цагт ердийн борооноос илүү ус ихтэй аадар борооны давтамж нэмэгдсэн. 7-8 дугаар сард үерийн давтамж нэг бус удаа ажиглагдсанаас Сэлбэ голын усны түвшин ихсэж, хөрсний чийгийн хэмжээ өссөн.
Ингэснээр өвлийн улиралд хөрсний чийгийн ус голд үүссэн мөсийг цөмлөж гарч ирэх үзэгдлийг халиа тошин гэж нэрлэдэг. Дэлхийн дулаарлын улмаас манай оронд өвлийн улиралд уур амьсгалын эрс өөрчлөлт ажиглагдах болсон. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд говийн бүс нутгаар нэмэх градустай дулаан байсан бол эргээд хүйтрэхээрээ олон жилийн дунджаасаа эрс хүйтэрч зарим уулархаг бүс нутгаар -50 градус хүрч байна.
Энэ өвөл их хэмжээний цас орж нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсон. Улаанбаатар хотод ч цасан бүрхүүлийн хэмжээ урьдынхаас их байна. Халиа тошин үүссэн ийм үед цасны хэмжээ их байгаа нь гэнэт дулаарвал шар усны үер буух магадлалыг өндөрсгөж байгаа.
Энэ сарын 15-16-нд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймагт огцом дулаарах төлөвтэй байна. 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар цасан шуургатай огцом хүйтрэх төлөв ажиглагдсан. Үүнээс болж одоо үүсээд буй асуудал улам хүндрэх эрсдэлтэй" гэв.