Гамшиг, осол, гэмт хэрэг, эмнэлгийн дуудлага өгөхөд тухайн иргэний зөвшөөрлөөр байршлыг нь тогтоодог болсон гэв
2024/02/14
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр Сар шинийн баярын гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээллийг өгөх үеэр тус байгууллага шинээр нэвтрүүлж буй туршлагуудаа танилцууллаа.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр "Дуудлага мэдээлэл өгөөд хаяг байршлаа тодорхойлж чаддаггүй иргэдэд хэрхэн түргэн шуурхай очиж үйлчилгээ үзүүлэх вэ гээд гаднын орны туршлагыг судалж үзсэн.
Тухайлбал Сингапур улсад дүрст дуудлагын үеэр тухайн иргэн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд хаяг, байршлын мэдээллийг цагдаагийн байгууллагад өгдөг. Ингэснээр цагдаагийн байгууллага түргэн шуурхай очдог туршлага байсан юм.
Энэ нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж, хэрэгжүүлэх боломжтой тул иргэд гамшиг, осол, гэмт хэрэг зөрчлийн, эмнэлгийн дуудлага мэдээлэл өгөх үед байршил тогтоох энэхүү туршлагыг нэвтрүүлээд байна. Хувь хүний мэдээллийг хадгалах тухай хуульд нийцүүлж хийсэн" гэлээ.
Дуудлага өгч байгаа иргэн хаяг байршлаа тодорхойлж чадахгүй байгаа тохиолдолд дуудлага хүлээн авагчаас дүрст линк явуулж холбогдоно. Холбогдсоны дараа хаяг байршил өгөхийг зөвшөөрсөн эсэхийг нь асууна. "Тийм" гэсэн товчлуур дарсан тохиолдолд хаягийн байршил гарч ирнэ.
Түүнчлэн цагдаагийн байгууллагын police.gov.mn сайтын өргөдөл гомдол хүлээн авах хэсгийг E-Mongolia системтэй холбосон байна. Өөрөөр хэлбэр иргэд E-Mongolia системээр нэвтэрч цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргах боломж нээгджээ.
Одоогийн байдлаар дөрвөн гомдол мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд холбогдох газарт нь шилжүүлсэн аж.