Цагдаагийн байгууллагаас сар шинийн өдрүүдийн замын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өгөв. 

Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат "Сар шинийн өдрүүдэд Яармаг, Нисэх, Сонсголон, Баянхошуу чиглэлд нэлээд ачаалал үүслээ. Уг түгжрэлийг арилгахын тулд биет зохицуулалтыг ихээр хийсэн. Цагаан сарын өмнөх өдрүүдэд ачаалал үүссэн зах худалдааны төвүүд дээр алба хаагчид зохицуулалт хийж ажиллалаа.

Иргэд бие биеийнхээ урдуур дайрдаг, урсгал сөрдөг байдал нь харьцангуй багассан нь харагдсан. Цаашид аль болох цагдаагийн алба хаагчийн оролцоог багасгаж хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслүүдийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд аливаа зөрчлийг мэдээлсэн иргэдийг урамшуулах заалт байгаа. Үүнтэй холбоотой урамшууллын журам 2023 онд батлагдсан. Технологийн хувьд хийгдэж байгаа ажлууд бүрэн дууссаны дараа зөрчлийн талаар мэдээлсэн иргэд урамшуулал авах боломжтой болно" гэв. 

ТЦА-наас сар шинийн өдрүүдэд:

  • Эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 81 
  • Зөвшөөрөгдсөн хурдыг 50 хүртэл хувиар хэтрүүлсэн 77
  • Зөвшөөрөгдсөн хурдыг 50 хувиас дээш хэтрүүлсэн 53 
  • Техник бүрэн бус хөдөлгөөнд оролцсон 217
  • Зорчигч тээвэрлэх журам зөрчсөн 43 
  • Ачаа тээвэрлэх журам зөрчсөн 29
  • Хамгаалах малгай хэрэглээгүй долоо
  • Хамгаалах бүс хэрэглээгүй 75 зөрчил болон эрэн сурвалжлагдаж байгаа 41 эд зүйлсийг илрүүлж ажилласан байна. 

Мөн Герман улсын төрийн тэргүүний манай улсад хийсэн айлчлал нь иргэд сар шинийн баярт бэлдэж байх үе буюу хөдөлгөөний эрчим нэмэгдсэн үед таарсан. Иймд цагдаагийн байгууллагаас аль болох иргэддээ хүндрэл учруулахгүйгээр хамгаалалтыг зохион байгуулсан гэв. Тодруулбал замаа богино хугацаанд хааж, хүн хүчээ 30 хувиар багасган хяналтын камер, хашлага хаалтыг түлхүү ашиглаж хамгаалалтыг зохион байгуулж ажилласан байна.